АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “The New York Times’’ сониныг гүтгэлэгийн шинжтэй илт худал мэдээлэл тараасан гэж буруутган, 15 тэрбум ам,долларын нэхэмжлэл гаргаж буйгаа мэдэгдлээ.
Трамп энэ тухайгаа өөрийн “Truth Social” платформ дээр хуваалцсан бөгөөд “The New York Times’’ удаан хугацааны турш миний тухай чөлөөтэй худал мэдээлэл тарааж, нэр төрийг минь гутаасаар ирсэн. Үүнийг яг одоо таслан зогсооно” гэжээ. Трампын баг уг сонины нийтлэсэн хэд хэдэн нийтлэлийн улмаас түүний компаинуд, тэр дундаа ‘’Trump Media & Technology Group’’-ийн үнэлгээ унасныг жишээ болгон дурджээ. Энэ хэрэг нь АНУ-ын Флорида мужийн шүүхэд бүртгэгдсэн бөгөөд нэхэмжлэлийн дүн нь 15 тэрбум ам.доллар ажээ. Нэхэмжлэлдээ тус сонин “actual malice’’ буюу түүнийг санаатайгаар гүтгэсэн гэж тодотгосон байна.
Энэ бол Дональд Трамп ‘’The New York Times’’ сонины эсрэг нэхэмжлэл гаргаж буй анхны тохиолдол биш юм. 2021 онд тус сонин Дональд Трампын санхүүгийн асуудлыг эрэн сурвалжилсан цуврал нийтлэлээрээ Пультзерийн шагнал хүртсэн. Уг нийтлэлийн улмаас Дональд Трамп 2023 онд түүний хувийн санхүүгийн баримтуудыг авах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн ‘’The New York Times’’-ын эсрэг 100 сая ам.долларын нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч шүүх уг нэхэмжлэлийг хууль ёсны үндэслэлгүй хэмээн үзэж хүчингүй болгож байжээ.
Үүгээр ч зогсохгүй 2023 онд Дональд Трамп CNN-ийг өөрийг нь Адольф Гитлертэй зүйрлэсэн гэж буруутган 475 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан ч тус нэхэмжлэлийг мөн хэрэгсээгүй юм. Харин энэ хэрэг Дональд Трампын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гаргаж буй хамгийн өндөр дүнтэй нэхэмжлэл болж буй тул хэрхэн шийдэгдэх эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.