Өчигдөр шөнө Израилын арми Газын зурвасын Газа хотыг олон цаг бөмбөгдсөнийхөө дараа хуурай замаар дайралтад орсон байна. Цэргийн хүчний араас нэмэлт хүч, арын алба Газад орсон гэхээр энэ нь удаан хугацааны эзлэн түрэмгийлэл байгаа нь ойлгомжтой.
Израилын БХЯ-ны сайд Исраэль Кац өнөөдөр өглөө “Манай цэрэг ХАМАС-ыг бут цохиж, барьцааны хүмүүсийг суллахын төлөө баатарлагаар байлдаж байна. Газа хот тэр чигээрээ галд хучигдсан. Бид дайралтаа сулруулахгүй, зорилгоо биелүүлтлээ эндээс гарахгүй” гэж мэдэгдсэн байна.

“Jerusalem Post” сонин болон “Аль-Жазира” телевизийн мэдээнээс үзэхэд Израилын танк хотын төвд хэдийн орсон ажээ. Газа хотоос 250 мянган хүн дүрвэн гарсан ч байлдааны бүсэд олон зуун мянган энгийн иргэн үлдсэн байна. АНУ тус довтолгоог дэмжиж байгаа ч Газа дахь үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд дуусгахыг хүсэж байгаа юм. 2023 онд Израилын довтолгоо эхэлснээс хойш албан тоогоор 64500 палестин хүн амиа алдаад байна.
Ийнхүү Ойрх Дорнод тэр чигээрээ галт уул мэт дэлбэрэхэд ойрхон байдалд хүрээд байна. Газын зурваст хийж байгаа дайн, Катарын Дохад бөмбөг хаясан, Сирид дайралт эхлүүлсэн гээд Израилын армийн бүх үйлдэл Туркийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Турк бол тухайн бүс нутгийн хамгийн том гүрэн. НАТО-гийн гишүүн орон. Гэвч Израил улс өнгөрсөн долоо хоногт Катарт цохилт өгөхдөө Саудын Араб, Иорданы агаарын замыг бүрэн ашигласан, АНУ, Их Британийн нисэх хүчнээс дэмжлэг авсан нь Туркийг дараагийн бай гэж хэлсэнтэй агаар нэгэн зүйл болсон юм. Туркийн дотоод улс төрийн байдал ээдрээтэй байгааг ашиглан, дотоодод нь үймээн самуун гаргах арга ч хэрэглэж эхэлжээ.

Мэдээж Турк зүгээр суухгүй, Сирид цэргийн үйл ажиллагаа эхлүүлэх болно. Энэ нь тус хоёр улс шууд мөргөлдөхөд хүргэж болзошгүй юм. Турк НАТО-гийн гишүүн тул НАТО-гийн хамгаалалтад байх ёстой. Гэтэл АНУ болон Их Британи Израилын талд байдаг.
Хоёр талын цэргийн хүч чадлыг харьцуулахад Турк давамгай. Туркийн адмирал Яйджи “Турк улс Палестин, Сири, Иран, Ирактай адилгүй шүү. Манай хариу довтолгоо Израилыг сүйрүүлнэ. Бид нэг дор 30 сая хүн цэрэгт татаж чадна” гэж анхааруулсан билээ.