Японы уран бүтээлч Күранүки Торү 77 насандаа Монголд богино хугацаанд амьдарч, тал нутгийн болон бусад төрлийн чулуугаар бүтээлүүдээ туурвижээ. Тэрбээр амьд байгальтай харилцаж, чулууны дуу хоолойг ойлгон мэдэрч бүтээлдээ тусгадаг тул тухайн газар орны түүх, өгүүлэмж бүтээлд нь бүрэн шингэдэг гэж үздэг. Энэ утгаараа нүүдэлчдийн оюун санаанд байдаг байгаль, эх дэлхийгээ дээдлэн харилцах философитой илүү ойр аж.
Торү Күранүки бүтээлдээ байгалийн, тэр дундаа чулууны төрх, хэлэмжийг голлон ашигладаг. Ердийн чулуу болон үнэт чулууны дүр төрх, сүнслэг чанарыг мэдэрч бүтээлдээ тусгадаг. Түүнээс гадна бийр, багсны оронд чулууны бүтцийн онцлогийг анзааран, чулууг бийр болгон ашигладаг онцлогтой.
Тэрээр “Чулуугаар зурахад уран бүтээл маань байгаль дэлхийтэй нэгдэж, мөнхийн ертөнцийг тэврэх болно” хэмээн хэлсэн байдаг.

Торү Күранүкигийн Кёозон-Ха (響存) үзэл санаа
Энэ нь уран бүтээлч Күранүкигийн олон жилийн ажиглалт, тунгаан бодсоны үндсэн дээр бий болгосон уран бүтээлийн үзэл санаа юм. Үүгээр дамжуулан орчин үеийн нийгэмд хүн ба байгаль, матери, цаашлаад хиймэл оюун хэрхэн харилцан оршихуйн тухайд урлаг, философи, экологийн нүдээр харж, шинэ үнэ цэн, үнэт зүйлийг уран бүтээлээрээ илэрхийлж буй.
“Кёозон” гэдэг нэр нь япон хэлний ханзнаас гаралтай бөгөөд “響” (цуурайтах, хариу үйлдэл үзүүлэх) ба “存” (оршин байх, хадгалагдах) гэсэн хоёр ханзыг хослуулсан. Энэ нь дуу чимээг сонсох, түүнд хариу үйлдэл үзүүлэх, ялгаатай байдлыг хүндэтгэн шинэ агуулга бий болгох эрмэлзлийг илтгэнэ.
Кёозон-Ха үзэл санааны үндсэн зарчим
Кёозон нь зөвхөн зэрэгцэн орших (共存, кёозон) бус харилцан өгүүлэх, харилцан үйлчлэлээр шинэ үнэт зүйлийг бий болгох юм. Уг үзэл санаа нь дараах таван зарчим дээр тогтдог:
1. Сонсох (Listening): Матери, хүрээлэн буй орчны бүхий л эд юмсын мөн чанарыг гүнзгий ойлгох, тэдний өгүүлэх дуу хоолой, оршин байдлыг сонсож хүлээн авах.
2. Хариулах (Responding): Сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлэх. Идэвхгүй хүлцэх бус, идэвхтэй харилцан үйлчлэл.
3. Хөг нийлэх (Harmonizing): Ялгаатай байдлыг хүндэтгэн, хэт туйлшралгүй, эсвэл тасалдалгүйгээр зохист нэгдлийг бий болгох. Энэ нь байгаль, хүн, матери хоорондын тэнцвэрийг онцолдог.
4. Хуваалцах (Sharing): Хариуцлага, туршлага, нөөцийг хамтдаа хуваалцах замаар хамтын үнэ цэнийг бий болгох.
5. Сэргээх (Restoring): Гэмтсэн харилцаа, хэлхээг засах, байгаль болон нийгмийн хуваагдлыг арилгах.

Уран бүтээлч Күранүки Торүгийн бүтээлүүд нь ланд арт, минимализм, постхуманист урсгалтай уялдан, үзэгч, хүлээн авагчийг материйн мөн чанарт нэвтэрч, өөрийн оюун санаагаар ойлгон хүлээн авахад тусалдаг уран бүтээл төдийгүй үзэл санаа юм. Энэ нь Монголын тал нутаг, нүүдэлчдийн оюун санааны онцлог, ахуйтай гүнзгий уялдах боломжтой. Нүүдэлчид чулууг зөвхөн материйн төдий бус сүнслэг хүч буюу амьтай хэмээн үзэхийн зэрэгцээ түүхийг шингээн өгүүлдэг хэмээн хүндэтгэн үздэг. Үүний тод илрэл нь овоо босгох соёл билээ. Чулуу монгол соёлд онго шүтлэгийн итгэл, нийгмийн харилцаа, байгаль хамгаалах ёсыг холбогч гүүр болдог. Овоо босгох зан үйлд чулуугаар овоо босгож, нутаг усны эзнийг тахидаг бол хүүхдийн чулуун гэр барих тоглоомд гэр бүлийн амьдрал, нийгмийн ёсыг дуурайлган тоглодог олон уламжлал бий.
Күранүки Торүгийн бүтээлдээ тусгаж буй чулууны үзэл санаа энэ уламжлалтай нягт холбогдож, чулууг “сонсох”, түүний “дуу чимээ”-нд хариулах гэсэн “響存” (Кёозон) үзэлтэй уялдана.
Хүн төрөлхтөнд оршихуйн утга, материйн мөн чанар, байгаль дэлхий болоод хиймэл оюуны ирээдүйг эргэцүүлэн шинээр ойлгох боломж нээх 77 бүтээлээс бүрдсэн эл үзэсгэлэн 2025 оны 9-р сарын 20-оос 10-р сарын 4-ны өдөр Чингис Хаан музейн нэг давхрын танхимд олон нийтэд хүргэх болно.

Уран бүтээлчийн танилцуулга
Төрсөн он, сар, өдөр: 1948 оны 6-р сарын 19
Төрсөн газар: Нара, Япон
Уран бүтээлийн төрөл: Орчин үеийн урлаг (Чулуугаар зурдаг)
Урлагийн замнал
Күранүки Торү 1969 онд Осакагийн Gutai Pinacotheca-д болсон “Gutai New Artists” үзэсгэлэнд оролцсоноор урлагийн ертөнцөд танигдсан. 1970 оны “Trends in Contemporary Art” үзэсгэлэнд эрдэс, чулуугаар урласан бүтээлээ толилуулснаар замнал нь улам тодорчээ.
Тэрээр Gutai хөдөлгөөний нэрт төлөөлөгч Кадзуо Ширагагийн ойрын нөхөр бөгөөд 1989 онд өөрийн Gallery KURANUKI-д Ширагагийн бие даасан томоохон үзэсгэлэнг зохион байгуулж, дараа нь “Kazuo Shiraga and Buddhist Art” (1990) каталогийг гаргасан нь түүний зураачийн авьяасаас гадна кураторын нарийн мэдрэмжийг харуулсан бүтээл болсон.
2023 онд Киотогийн Орчин үеийн Урлагийн Үндэсний музейн “Re: Start Line 1963–1970” үзэсгэлэнд уран бүтээлүүд нь дахин дэлгэгдсэнээр, түүний авангард үзэл санаа өнөөг хүртэл үнэ цэнтэй, улам түгж буйг харуулжээ.