Дөнгөж их сургууль төгссөн, эсвэл ажил хайж эхэлж буй Gen Z үеийн залуусын хувьд амьдралын нэгэн шинэ, чухал үе шат эхэлж байна. Энэ үед зөв алхам хийх нь ирээдүйн замналаа тодорхойлоход чухал нөлөөтэй. Карьерын эхний алхмууд хаашаа чиглэхээс үл хамааран өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох, ажилд орох ур чадвар эзэмших, сэтгэлзүйгээ бэлдэх нь зайлшгүй шаардлагатай алхмууд юм.
Доорх 12 зөвлөмж нь Gen Z залууст ажлын зах зээлд хөл тавихад нь туслах, мэргэжлийн карьерын эхлэлээ зөв тавихад зориулагдсан болно. “Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Оюутны карьер хөгжлийн төвтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэх болно.
1. Өөрийгөө тань: Чи хэн бэ, юунд дуртай вэ?
Карьерын зөв сонголт хийхийн тулд юуны өмнө өөрийгөө таних шаардлагатай.
Ямар орчинд ажиллах дуртай вэ?
Ямар төрлийн ажилд дур сонирхолтой вэ?
Хүмүүстэй хамтран ажиллах уу, бие даан ажиллах уу?
MBTI, Enneagram, CliftonStrengths зэрэг өөрийгөө таних тестүүд ашиглан өөрийн онцлог, давуу болон сул талуудаа тодорхойлох боломжтой.

2. CV: Чиний товч бас үнэ цэнтэй түүх
Ажлын туршлагагүй байсан ч CV-дээ өөрийгөө илэрхийлэх олон боломж бий.
Төгсөлтийн ажил, төсөл, клуб, хөтөлбөрт оролцсон байдал
Онлайн сургалт, сертификат, сайн дурын ажил
Технологийн мэдлэг, хэлний ур чадвар
CV-г товч, нэг хуудсанд багтааж, үнэн бодит мэдээлэлтэй, PDF хэлбэрээр илгээхийг зөвлөж байна. Тэгвэл маш мэргэжлийн харагдах болно.
3. Cover Letter: Хувь хүний хандлагаа харуулах боломж
Ажлын анкеттай хамт ирдэг танилцуулах захидал (cover letter) нь таны хандлага, зорилго, тухайн байгууллагад яагаад ажиллахыг хүсэж буйгаа харуулах чухал суурь баримт юм.
Тухайн байгууллагын үнэт зүйл, соёл, чиг хандлагатай уялдуулан өөрийгөө онцолсон, 2–3 догол мөрөөс бүрдэх нямбай бичвэр байхаар зориорой.

4. LinkedIn бол шинэ үеийн мэргэжлийн толь
LinkedIn бол зөвхөн CV байршуулдаг платформ биш, харин мэргэжлийн сүлжээ үүсгэж, боломжуудтай холбогдох суваг юм.
Профайл зураг, товч танилцуулга, ажлын туршлага, сургалтын мэдээллээ үнэн зөв бөглөөрэй.
“Open to Work” статусаа идэвхжүүлэхийг зөвлөж байна.
Ажил хайж буйгаа мэргэжлийн хэлээр, үнэн бодит байдлаар илэрхийлэх нь сэтгэгдэл төрүүлэх гол хүчин зүйл болно.
5. Сошиал орчноо цэгцлэх хэрэгтэй
Ажил олгогчид таны сошиал профайлыг шалгах магадлал өндөр.
Таны нийтлэлүүдийн өнгө аяс, илэрхийлэл мэргэжлийн түвшинд нийцэж байгаа эсэхийг эргэцүүл.
Хэт хувийн мэдээллийг нээлттэй байлгах шаардлагагүй.
Онлайн орчин дахь имиж бол таны харагдах “хоёр дахь нүүр царай” юм.

6. Ажлын ярилцлагад мэргэжлийн түвшинд бэлтгэх
Интервьюд бэлтгэлтэй орно гэдэг өөртөө итгэлтэй, мэргэжлийн сэтгэгдэл төрүүлэх гол түлхүүр юм.
“Өөрийгөө танилцуулна уу”, “Давуу, сул тал тань юу вэ?”, “Бид яагаад танд итгэх ёстой вэ?” зэрэг асуултад урьдчилан хариулт бэлдээрэй.
Байгууллагын талаар судалж, асуух асуултаа урьдчилан бодоорой.
Танд хариулт бэлдэх боломж байгаа бол ярилцлага айдас биш, боломж юм.
7. Анхны ажлыг хэт хүндээр хүлээн авч, өөрийгөө зовоох хэрэггүй
Карьерын зам шулуун байдаггүй. Анхны ажил нь тухайн үед суралцах, туршлага хуримтлуулах, өөрийгөө сорих боломж юм.
Албан тушаал бус, өсөж хөгжих боломжтой орчинд анхаар.
Ажлын уур амьсгал, менежерийн харилцааны хэв маяг, багийн соёлыг чухалчлаарай.
Алхам бүрийг туршлага гэж харах хандлага хамгийн том хөрөнгө болно.

8. Цалин, гэрээний нөхцөлөө бүрэн ойлго
Анхны цалингаа хүлээхдээ бүх татвар, шимтгэлийг ойлгож, цэвэр буух дүнг мэддэг байх хэрэгтэй.
Гэрээндээ ажлын цаг, туршилтын хугацаа, амралт, татварын нөхцөл, цалингийн өсөлтийн боломжийг анхааралтай унш. Шаардлагатай бол асуухаас бүү эргэлз.
Цалингаа асуух нь шунал биш — өөрийн үнэ цэнийг тодорхойлох алхам юм.
9. Сайн дурын ажил бол чиний нууц зэвсэг
Сайн дурын ажил хийж байсан туршлага нь чиний нийгмийн мэдрэмж, хариуцлага, манлайллыг илэрхийлдэг.
Эдгээрийг CV-дээ тусгах нь ажлын соёлд хэрхэн нийцэж чадахыг нотолж чадна.
“Сайн дурын ажил” гэдэг нэршлийг “Хөтөлбөрт оролцоо”, “Нийгмийн төсөл” зэргээр тодорхой бичих нь илүү оновчтой.

10. Ментор хай: Чиний өсөлтийн хурдасгуур
Зөв хүнээс зөв чиглэл сонсох нь карьерын хөгжлийн замыг богиносгоно.
Таны итгэдэг, хүндэлдэг багш, ажилтан, туршлагатай ахмад ажилтнаас зөвлөгөө авах, үе үе уулзаж байх нь үр дүнтэй.
Ментор нь таны өмнөөс шийдвэр гаргахгүй ч хамгийн зөв асуултыг тавихад тусална.
11. Сэтгэлзүйн бэлтгэлтэй бай: Алдаанаас бүү ай
Карьерын эхний жилүүдэд эргэлзээ, үл ойлголцол, өөрийгөө шүүмжлэх үе гарна. Энэ бол хэвийн үзэгдэл.
Төгс байх гэж хичээх биш, тасралтгүй суралцаж, уян хатан байгаарай.
Ажлын стрессээ удирдах, амралтаа төлөвлөх, өөртөө цаг гаргах зуршлыг давхар хөгжүүл.
Өөртөө зөөлөн, дарамтгүй ханд. Чи суралцаж байгаа хүн шүү дээ.

12. Карьер гэдэг уралдаан биш, харин холын зам
Тогтвортой карьертай болохын тулд амьдралаа бүхлээр нь удирдах хэрэгтэй.
Алдаа гаргах, чиглэлээ өөрчлөх, шинэ зүйл турших боломжийг өөртөө өг.
25 нас хүрээд хүн бүр бүх зүйлийг ойлгосон байх албагүй.
Карьер бол нэг том, гэнэтийн шийдвэр биш, олон жижиг алхмын цогц аялал юм шүү. Амжилт хүсье!
