Өнгөрсөн долоо хоногт дуучин d4vd-ийн эзэмшдэг тесла машинаас уутанд хийсэн эмэгтэй хүний цогцос, эд эрхтнүүд олдсон тухай цочирдом мэдээлэл гарсан билээ. Цагдаагийн ажилтнууд Лос Анжелес дахь нэгэн машины зогсоол орчмоос эвгүй хурц үнэр үнэртэж байна гэсэн мэдээллийн дагуу 9 сарын 8-ны өдөр уг хэргийг илрүүлээд байсан юм.

Хохирогч Селесте Ривас нь гэрээсээ сураггүй алга болох үедээ 13 настай байсан бөгөөд тэрээр хамгийн сүүлд 2024 оны 4-р сарын 5-нд Калифорни мужийн Элсинор хот орчимд буй камерийн бичлэгт харагджээ. Цагдаагийн байгууллага одоогоор түүний үхлийн шалтгаан, нас барсан цаг хугацаа тодорхойгүй байгаа гэж мэдэгджээ. Хохирогч болон d4vd нар гартаа “shhh’’ гэсэн хос шивээстэй, мөн өмнө нь цугтаа авахуулсан зургаа d4vd инстаграмынхаа close friends сторид хуваалцаж байсан зэрэг нь сүүлийн өдрүүдэд Тик Ток платформ дээр шуугиан тариад байна.

Хэрэгт холбогдоод буй дуучин d4vd буюу Дэвид Энтони Берк нь өдгөө 20 настай, “Here with me” болон “Romantic Homicide’’ дуугаараа хөгжмийн ертөнцөд хэдийн байр сууриа олсон залуу од юм. Тэрээр анхны цомгоо өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан бөгөөд хэрэг илрэх үеэр аялан тоглолтоо хийж байжээ. Цагдаа нар d4vd мөрдөн байцаалтад хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдсэн юм.