Реалити шоуны од Кардашъяны гэр бүлийн отгон охин Кайли Женнер мягмар гарагт “King Kylie” нэрээрээ анхны дуугаа гаргалаа. Тэрбээр 10 жилийн өмнө өөрийн тэрбум долларын үнэлгээтэй гоо сайхны брэндээ бий болгож, реппер Tyga-тай үерхдэг, интернэт од байх үедээ ийм гуншинтай байв.
Кайлигийн шүтэн бишрэгчид 2014-2016 оны үед түүнийг “King Kylie” гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ үед тэр тод өнгийн парик, этгээд хэвлэлтэй футболка цамц, урт сормуус, өргөн хөмсөг, матт уруулын будалт зэргээр дүр төрхөө илэрхийлдэг байлаа.

Tухайн үед Tumblr платформ маш алдартай байсан бөгөөд, Кайлигийн Tumblr хаягтаа нийтлэсэн зурагт орсон, түүний өммсөн хувцас, зүүсгэл гоёл, очсон газар, нүүрний будалт гээд бүгд трэнд болдог байв. Энэ дундаас түүний уруулын будалт нь түүний 2015 онд гаргасан “Kylie Lip Kit”-ийн санаа болж, улмаар өөрийн нэрийн гоо сайхны брэндээ эхлүүлэх үндэс суурийг тавьжээ. Зөвхөн энэхүү уруулын будгийн цуглуулгаасаа жил хагасын хугацаанд 420 сая ам.долларын ашиг олж, маш хурдан хугацаанд брэндээ өргөжүүлж чадсан юм.

“King Kylie” гэх нэр нь тухайн үед Кайлигийн үерхэж байсан реппер Tyga-тай холбоотой бөгөөд тэр үед Tyga өөрийгөө “King Gold Chains” гэж нэрлэдэг байжээ. Харин 2015 онд Кайли өөрийн инстаграм хаягийн нэрээ түр хугацаанд @kingkylie болгон өөрчилж байсан удаатай.

Сүүлийн саруудад Кайли өнгө өнгийн париктай, 2016 оныг санагдуулам тод нүүрний будалттай зургуудаа нийтэлж, анхны ‘’Kylie Lip Kit’’-ийнхээ ногоон, цэнхэр, хар зэрэг хурц өнгөөр уруулаа будаж буйгаа хуваалцаж, хуучин хэв маягаа дурсаж байсан юм. Интернэт хэрэглэгчдийн дунд ч “King Kylie эргэн ирж байна, арван жилийн өмнөх интернэтээр аяласан мэт боллоо” зэрэг яриа зуны турш газар авсан.

Тэгвэл Кайли брэндийнхээ арван жилийн ойд зориулан, “King Kylie” нэртэй шинэ цуглуулгаа энэ долоо хоногт танилцууллаа. Тэрээр 10 жилийн өмнө Terror Jr хамтлагийн “3 strikes” дууг сурталчилгаандаа оруулж байсан юм. Энэ дуу нь интернэт хэрэглэгчдийн 2015-2016 оны үеэ дурссан бичлэг, зурагтаа ашигладаг дуу болж үлдсэн бөгөөд, одоо ч ТикТок платформ дээр трэнд хэвээр байна. Харин “Fourth Strike” дууны клип 2016 онд гарсан сурталчилгааны үргэлжлэл болсноороо онцлогтой.
Шинээр худалдаанд гарах “King Kylie” цуглуулгад нүдний тень, багснуудаас гадна брэндийн амжилтын түлхүүр болсон хуучны бүтээгдэхүүнүүд багтах аж. “Kylie Lip Kit”-ийн хамгийн эрэлттэй өнгүүдийг дахин худалдаанд гаргах болсонд түүний шүтэн бишрэгчид маш баяртай байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

2025 оны хагас жилийн байдлаар Кайли Женнерийн хөрөнгө ойролцоогоор 670 сая ам,доллар хэмээн тооцогдож, Форбес сэтгүүлийн “Өөрийн хүчээр амжилтад хүрсэн Америкийн хамгийн баян эмэгтэйчүүд” жагсаалтын 52 дугаарт бичигдэж байна. Түүнчлэн 2019 онд Форбес сэтгүүл түүнийг “өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу хүн” гэж нэрлэж байв.