Чөлөөт бөхийн ДАШТ Хорватын нийслэл Загреб хотноо есдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ наадамд Монголын 20 бөх хүч сорьсон юм.
Тэмцээний сүүлчийн өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглосон 2017 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүрэл медалийг гардлаа.
П. Орхон энэ наадамд оролцож буй Монголын баг, тамирчдын дөрөв дэх медалийн эзэн юм.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Африк тивийн гурван удаагийн аварга, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигерийн Эстер Омолаёо Колаволиг хүнд барилдааны эцэст 6:5-аар буулгаж авсан.
2025 оны ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Т.Энжин нар хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-ийг өндөрлүүлж байна.
