UBLife Logo
Боловсрол

АНУ-д түүхийн хичээлийг GTA тоглоомоор дамжуулан заах анги нээгдэнэ

АНУ-д түүхийн хичээлийг GTA тоглоомоор дамжуулан заах анги нээгдэнэ

АНУ-ын Теннесси мужийн их сургууль дэлхийд анх удаа Grand Theft Auto (GTA) видео тоглоомын цуврал дээр үндэслэсэн коллежийн түүхийн хичээлийг шинээр нэвтрүүлэхээр болсныг IGN мэдээлэв.

“Grand Theft America: 1980 оноос хойших АНУ-ын түүхийг GTA тоглоомоор” хэмээн нэрлэгдсэн тус хичээл нь 2026 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд Rockstar Games-ийн GTA 6 тоглоом тавдугаар сард худалдаанд гарахаас хэдхэн сарын өмнө эхлэх гэж буй юм.

Хичээлийг түүхийн профессор Торе Олссон санаачилсан байна. Тэрбээр өмнө нь “Red Dead Redemption” тоглоомоор дамжуулан Америкийн түүхийг заах сургалтыг зохиож байсан бөгөөд уг сургалт дараа нь “Red Dead’s History” нэртэй ном болон аудиобүүк болж, Артур Морганы дүрийг бүтээсэн жүжигчин Рожер Кларкийн дуу оруулснаар олны хүртээл болсон билээ.

IGN-д ярилцлага өгөхдөө Олссон “GTA тоглоомууд голчлон ёжлолын шинжтэй ч 1980 оноос хойших АНУ-ын бодит түүхийг судлахад суурь хүрээ болж чадна” хэмээн тайлбарлажээ. Тэрээр Vice City (1986), San Andreas (1992), GTA IV (2008) зэрэг тоглоомуудын түүхэн орчин нь эдийн засгийн тэгш бус байдал, цагаачлал, цагдаа нарын бодлого зэрэг чухал нийгэм, улс төрийн асуудлыг тусгаж буйг онцолсон байна. Хэдийгээр тоглоомууд гэмт хэрэг, хүчирхийллийг хэтрүүлэн харуулдаг ч капитализм, туйлширсан хэвлэл мэдээлэл, хотын үймээн, гэмт хэрэг, ард иргэдийн амьдралын чанар зэрэг асуудлыг дэлгэрэнгүй харуулж чаддагаараа хичээлийн хэлэлцүүлэгт чухал эх сурвалж болохыг тодотгов.

Олссон оюутнуудаас тоглоомуудыг заавал худалдаж авч тоглохыг шаардахгүй бөгөөд хичээл дээр тоглоомын бичлэг, зураг ашиглан түүхэн сэдвийг тайлбарлах аж. Даалгавар, шалгалт нь тоглоомын дүр эсвэл үйл явдал бус, харин АНУ-ын бодит түүх дээр төвлөрнө.

Мөн тэрээр Rockstar Games-ийн бүтээлүүд Америкийн амьдралыг соёл, улс төрийн талаас нь нарийвчлан харуулж чаддаг цөөн студийн нэг болохыг ч дурдсан байна.

“Урьд нь хөгжмийн урсгал, телевизийн цуврал бидэнд түүхийг ойлгоход тусалдаг байсан шиг, өнөөдөр тоглоомууд ч биднийг түүхийг илүү сайн ойлгоход чиглүүлж чадна” хэмээн Олссон хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.