МУИС-ийн салбар бүрийн чадварлаг оюутнуудаас бүрдсэн “NUM Career Club” оюутны клуб 2024 онд албан ёсоор байгуулагдаж, оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх чиглэлийн хүрээнд CV бичих, ажлын ярилцлагад бэлтгэх, LinkedIn үүсгэх, ашиглах, мэргэжлийн гэрэл зураг авхуулах, дадлагын хөтөлбөрийг сайжруулах зэрэг үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн гурван давхарт байрлах энэ өрөөнд орсон ямар ч оюутан бай гарч ирэхдээ өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авч, ирээдүйд ажил мэргэжил дээр гарахад хэрэгцээтэй чухал ойлголтыг олж авдаг байна.


NUM Career Club анх долоон гишүүн оюутнаас бүрдэж байжээ. Тэд оюутны холбооны санаачилга, Зориг сангийн дэмжлэгийг даган клубээ авч яваа бөгөөд өнөөдөр ч эхний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
“Эхэндээ бид өөрсдөө ч юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байсан. Харин хамтдаа суралцах явцдаа зөвлөгөө өгөх, төлөвлөлт хийх, багийн ажиллагаанд оролцох нь бидний хувьд өөрөө их том сургалт болсон” гэж тэд ярьж байв.


NUM Career Club-ийн өдөр тутмын ажил бол оюутнуудад зөвлөгөө өгөх. Тэд долоо хоногт хоёр удаа, нэг удаа дор хаяж дөрвөн цагийг зөвлөгөөнд зарцуулдаг бөгөөд дунджаар 20–30 цагийг клубийн үйл ажиллагаанд зориулдаг.
Оюутнуудын хамгийн их асуудаг асуултууд:
Мэргэжлээрээ төгсөөд ямар ажлын байр байдаг вэ?
Цагийн ажил хэрхэн олох вэ?
CV-г яаж зөв бичих вэ?
Хөтөлбөрөө өөрчлөх боломж бий юу?


Клубийнхэн хоёр сарын турш салбарын мэргэжилтнүүдээс сургалт авч, CV бичих, LinkedIn хөгжүүлэх, карьер төлөвлөх, ярилцлагад бэлтгэх зэрэг чадвар эзэмшжээ. “Карьер гэдэг бол зүгээр ажил олох тухай биш, харин өөрийгөө таньж, хамгийн сайн хувилбараа хөгжүүлэх тухай юм байна” гэдгийг тэд хамгийн ихээр ойлгож авснаа бидэнтэй хуваалцсан юм.

NUM Career Club нь зөвлөгөө өгөхөөс гадна сонирхолтой эвентүүд зохион байгуулдаг. Жишээ нь, “Sip & CV” гэх мэт арга хэмжээ нь оюутнуудын оролцоог нэмэгдүүлж, бодит нөхцөлд бэлтгэх боломж олгодог. Моктейль шимэнгээ өөрийнхөө CV-г засан найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх боломжтой энэхүү арга хэмжээ мөн оюутнуудад ч ихээр таалагдаж, шинэлэг байдлаар өөртөө хөрөнгө оруулалт хийх эхлэл болж өгсөн юм. Мөн клуб дотоод, гадаад харилцаа, маркетингийн чиглэлээр тусгай багуудтай. Тэд пост, рийл бэлтгэж, бусад байгууллагуудтай хамтарч ажилладаг байна.
Энэхүү сэтгэгдэл бичдэг хайрцаг үнэхээр хөөрхөн. Орж ирж зөвлөгөө үйлчилгээ авсан оюутнууд ямар сэтгэгдэл төрсөн, юунд талархаж байгаагаа үнэхээр чин сэтгэлээсээ бичсэн нь хамгийн хайр хүрэм хэсэг байсан юм.



“Хэрэв МУИС-ийн оюутнууд маань үйлчилгээ, зөвлөгөө авахыг хүсвэл цаг захиалж, уулзалт товлох боломжтой. https://career.num.edu.mn/ веб хуудас болон ‘Num Career Club‘ инстаграм хаягийг дагаснаар тогтмол мэдээлэл авах, уулзалт товлох, танилцах аялалд гарч, арга хэмжээнд оролцох боломжтой юм шүү.”

Тэдний мөрөөдөл нь цаашлаад өөр олон сургуулийн хувьд жишиг үйлчилгээний төв болж, хамтран ажиллаж, оюутнуудад зориулсан карьер үйлчилгээний томоохон сүлжээг үүсгэх аж. Оюутнууд суралцах явцдаа дадлага хийж, ажиллах газартай болж, мөн оффисуудтай танилцан, ажлын байранд гарахад шаардлагатай бүх чадварыг бага багаар суралцаж чадсанаар илүү хурдтайгаар өөрийгөө ахиулж, амжилт гаргах боломж өндөр байх нь гарцаагүй. Тиймээс ч тэд энэхүү клубын үйл ажиллагаандаа оролцох ямагт дуртай бөгөөд энэхүү өрөөндөө орж ирээд л гэр шиг дулаахан мэдрэмж авч, хэрэгтэй зүйл хийж байгаагаа улам бүр мэдэрдэг гэдгээ хуваалцсан юм.


NUM Career Club цаашид гурван том зорилго тавьж байгаа аж.
Нэгдүгээрт, сар бүр оюутнуудад зориулсан хэрэгцээтэй, сонирхолтой эвентийн тогтмол зохион байгуулах.
Хоёрдугаарт, оюутнуудыг цалинтай дадлагад гарах боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад ирээдүйн карьерээ оюутан ахуй цагаасаа эхлүүлэхэд нь том дэмжлэг үзүүлэх.
Мөн карьер хөгжлийн үйлчилгээний үйл ажиллагаанд хамтрах байгууллагуудтай холбогдож, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх.


NUM Career Club бол МУИС-ийн оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зорилготой, өөрсдөө ч суралцаж, бусдыг ч хөгжүүлдэг орон зай. Тэдний хувьд энэ бол зөвхөн ажил хайх тухай биш, харин өөрийгөө илүү сайн таньж, ур чадвараа хөгжүүлэх хамтын орчин юм.
