Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн, Д.Батлут, Н.Учрал, Ч.Ундрам, Ж.Мэндсайхан, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Н.Батшугар тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахыг шаардлаа.
Харин нөгөө талаас УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барив.
Өнөөдөр цаг үеийн асуудлаар хэн, юу хэлснийг энд тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Бидний зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд огцор гэдэг шаардлага тавиагүй

Тэрбээр “Бидний зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд огцор гэдэг шаардлага тавиагүй. Нэр холбогдоод байгаа асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаач гэх ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна. Бид нар хууль, шүүхийн байгууллага биш учраас асуудлыг хэлж мэдэхгүй. Үнэхээр асуудалгүй бол орж ирэх нь зөв. Д.Амарбаясгалан өөрөө асуудлаа тодорхой болгохгүй бол намын, төрийн, улсын асуудал болж байна. Дахин хэлэхэд, энэ бол огцруулах бичиг биш” гэлээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Ямар ч УИХ-ын гишүүн Засгийн газрыг огцруулах асуудалд хөнгөн хандахгүй

Гишүүн хэлэхдээ “Миний хувьд П.Сайнзориг гишүүний санаачилсан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Мэдээж маш их бодсон. Ямар ч УИХ-ын гишүүн Засгийн газрыг огцруулах асуудалд хөнгөн хандахгүй.
Аль ч нам, ямар ч хүн Засгийн газрыг тэргүүлсэн тогтвортой байгаасай, ажил нь сайн яваасай гэж хүсэж байгаа. Гэхдээ энэ засаг үргэлжилбэл Монгол Улсад илүү хортой юм болов уу гэсэн дүгнэлттэй байгаа. Тиймээс энэ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намын бага хурлаар Г.Занданшатар дарга ялагдана гэдэг бол улс төрийн дүнгээ тавиулж байна гэсэн үг” гэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Гадаа хүйтэн болж байгааг мэдэж байгаа хүн байна уу, ер нь

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Засгийн газрыг огцруулах, нураах, сүйтгэх амархан. Улс орноо босгох, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, сөхрөөд уначихсан аж ахуйн нэгжүүдээ анхаараачээ. Гар хөлийн үсэг яах вэ. Манай Засгийн газрыг яг л ингэж огцруулсан. Тэгээд юу сайжирсан юм, Монгол Улсад хэрэгтэй юу болсон юм. Би Засгийн газраа битгий огцруул гэж байгаа юм биш, огцруул ч гэж байгаа юм биш. Учир начраа олох хэрэгтэй. Улс орноороо бужигнацгаагаад байх юм. Өглөө гадаа хасах зургаан градус байна лээ. Гадаа хүйтэн болж байгааг мэдэж байгаа хүн байна уу, ер нь.
МАН дотроо алалцаж байгаа дээр нь нэмээд гарын үсэг зураад өгчих гэж байна. Би бол тэгж хандахгүй байна. Эндээс хэн хожих ёстой юм бэ? Ардын намын нэг хэсэг биш Монголын ард түмэн л хожих ёстой шүү дээ. Засгаа огцруулчхаар хэн нь яаж хожих юм. Амарбаясгаланг огцруулчхаар хэн нь, яаж хожих гээд байгаа юм. Үүнийг мэдэж байгаа амьтан байгаа юм уу?
Би харин сая өөр нэг зүйл дээр гарын үсэг зурлаа. Нүүрсний гэрээнүүдийг ил тод болгохыг шаардсан санаачилгыг манай Ж.Баярмаа, Д.Ганбат гишүүн гаргасан юм байна. Тэр бичигт би гарын үсэг зурсан. Хэдүүлээ ер нь жаахан юмаа яръя л даа. Өрөө өрөө дамжиж гүйгээд гарын үсэг зуралцаад явах юм. Яах гэж байгаа юм та нар, хайран улс минь” гэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бүгд лайв хийгээд зогсчихсон. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бэ?

Тэнд гишүүд ажлаа хийгээд асуулт асуугаад үг хэлмээр байдаг. Хариуцсан сайд нар нь энд бөөнөөрөө лайв хийгээд зогсож байдаг. Харилцан ярилцахыг хурал гэнэ. 32 гишүүнтэй Эдийн засгийн байнгын хороо сая найм, есөн гишүүнтэй хуралдаад хүрээд ирсэн 80 гаруй төрийн албан хаагчаа загнаад сууж байна. Тэд нар юу мэдэх вэ дээ. Сайд нар ажлын цагаар лайв хийгээд зогсож байвал хэвлэлийнхэн “Явж ажлаа хий” гэж хэлэх хэрэгтэй. Тэнд төрийн албан хаагч нар ажлаа хийгээд бүлтийтлээ загнуулаад хүлээгээд сууж байна. Бодлого, чиглэл өгдөг нөхдүүд нь энд лайв хийгээд зогсож байж болох уу? Ер нь улсын нэгдсэн төсвийг ингэж хэлэлцэж болох юм уу? Яг үнэндээ эд нарын хэнийгээ дарга болгож, хэнийг огцруулахыг олон нийт тоохгүй шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ засагласнаас хойш сүүлийн дөрөв таван жил энэ улс ердөө улс төрийн хэрүүл хийж, биенийхээ муу муухайг ярьдаг нийгэм болсон. Ард түмэн үүнээс залхчихсан. Хэн нь үнэн яриад байгаа юм бэ гээд хэвлэлийнхэн ч залхаад цөхөрчихлөө.
Олон нийт юу хүлээж байгаа вэ? Өрхөд яг ямар нэмэртэй бодлого гарах юм бэ. Бид нар ажилтай болох уу, ажил хийгээд аятайхан цалинтай болох юмуу, цалингаараа амьдарч чадах юм уу үгүй юу гэдгийг л хүлээж байгаа. Түүнээс биш Готов нь байна уу, Шадав нь байна уу гэдэг шиг хэн ч тоохгүй байгаа. Засгийн газрынхан нь бүгд лайв хийгээд зогсчихсон. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бэ?” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Ийм дүлий дүмбэ Засгийн газар байж болохгүй

Тэрбээр “Төрийн ордны гадаа тэтгэврээ нэмэгдүүлэхээр зогсож байгаа хөгшчүүл, цалингаа нэмүүлэхээр жагсаж байгаа боловсролын салбарынхныг хэн сонсож байгаа юм бэ? Ийм дүлий дүмбэ Засгийн газар байж болохгүй. Өнөөдөр эдгээр асуудлыг хэлэлцээд байж байх ёстой атал Засгийн газрын гишүүд нь өөрсдөө гарч ирж парламентын даргаа шалгуул гэж байгаа нь зарчимгүй, ёс зүйгүй байна. Үнэхээр эгдүүцэл, зэвүүцлийг хүргэж байна. Анх удаа гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа бүрэн эрхэд халдсан явдал гэж үүнийг харж байна. Тийм учраас би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
МАН-ын даргын сунгаанаас болж Цагаан байрандаа шийдчих асуудлыг Төрийн ордонд оруулж ирж, төр засгийн ажлыг гацааж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө УИХ-ын даргыг "Алуурчин, авлигачин" мэтээр цоллож байгаад гүнээ харамсаж байна. Өнөөдөр сайд дарга нар шүүгч, прокурор, байцаагч болсон байна. УИХ-д 62 гишүүнтэй МАН-ын бүлгийг хоёр хувааж талцуулж буй гол хүн нь Г.Занданшатар. Яагаад ганцхан УИХ-ын даргыг шалгуулах гээд байгаа юм. Өнөөдөр 126 гишүүн дотор ариун, нэр цэвэр улсууд хэд байгаа юм. Бүтэн нэртэй, бүлээн цустай хүн байна уу” гэлээ.
Засгийн газрыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурсныг тэрбээр онцолж, уг асуудлыг ТББХ-гоор гурав хоногийн дараа хэлэлцэн эхэлж, 10 хоногийн дотор хэлэлцэн дуусгах хуультай гэдгийг тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Ах нар эмо байна л даа

Тэрбээр “Монгол Улсын гурван засаглал дээр тогтож байгаа. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын гишүүд хаа хаанаа үгээ хэлж байна. Шүүх засаглал одоогоор юу ч хэлэхгүй байгаад нь гайхаж байна. Маш олон хардлага, сэрдлэг гарч байна. Шүүх засаглал юу хийгээд байгаа юм. Аль тал нь ялахыг хүлээгээд суугаад байгаа юм уу?
Ах нар эмо байна л даа. Удирдах зөвлөл хуралдаад л чиглэл өгчихнө шүү дээ. МАН-ын Бага хурал дээр олонхын санал хэнд очсоныг удирдах зөвлөл гаргаж тавих ёстой. Гэтэл хоорондоо уулзахгүй бүгдийг бүлтэлзүүлээд суулгаад байна. Бүлэг нь хуралдаж чаддаггүй. Ах нар эморч дуусахаар гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын ажил жигдэрнэ байх” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Өмнө нь улс төрийн хэрүүл засаг дээр очоод замхардаг байсан

Тэрбээр “Эрх баригчдын дотоод хагарал зөрчил, МАН-ын хэрүүл тэмцэл төр лүү орлоо. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд тодорхой заачихсан. Миний бие ч сайдаар ажиллахдаа УИХ-д байнга хүндэтгэлтэй ханддаг байсан. Үе үеийн Засгийн газар ингэж л ажилладаг. Нэг намын даргын төлөөх дотоод тэмцэл парламентын түвшинд хурцдаж байсан түүх байхгүй.
Яг одоо монголчуудын хувьд хамгийн чухал цаг үе болж байна. Хүйтэрч эхэллээ, өвөлжилтийн бэлтгэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, ордон гороолж буй багш нар, ахмадууд гадаа тэтгэвэр нэм гээд өлсгөлөн зарлаад сууж байна. Үүнд хариулт өгөх хүн алга. Гарын үсэг зурна, огцруулна, шаардлага хүргүүлнэ гэсэн л хүмүүс. Өмнө нь улс төрийн хэрүүл засаг дээр очоод замхардаг байсан. Одоо бүр Засгийн газар, УИХ-ын асуудал болсонд харамсаж байна. Ингэж удаан зодолдоход хэн ч хожихгүй. Монголын төр суларч, ажил унаж байна. Энэ хооронд яамд , тамгын газарт юу болж байгааг хэн ч мэдэхгүй.
Би ямар ч бичигт гарын үсэг зураагүй. Өнөөдөр эрх баригчид өөрийн Засгийн газраа огцруулна гэж байхад та нарын Засгийн газрыг хамгаална гэх АН-ын зарчим байхгүй. Хүний Засгийн газрыг огцруулахгүй гээд өмөөрөхгүй” гэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Улс төрийн зодооноо төрийн “тайзнаа” авчирсан хүн бол Г.Занданшатар

Тэрбээр “Би П.Сайнзориг гишүүний цуглуулж байгаа саналд гарын үсэг зурсан. Парламентын засаглал аюулд орохвий гэдгээс эмээж байгаа хүний хувьд, Засгийн газрын тэргүүн буруу үйл ажиллагаа явуулж, буруу үйлдэл хийж байна гэж үзэж гарын үсэг зурсан.
Хэрвээ манай намын бага хурал дээр санал өгсөн гишүүдийн 56 хувь нь Д.Амарбаясгаланд биш Г.Занданшатарт өгсөн байгаад, бага хурлаараа Г.Занданшатар дарга намын даргаар сонгогдсон бол яг ийм асуудал болох уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Ийм асуудал үүсэхгүй гэдэг нь ойлгомжтой. Нэг ёсондоо намын даргын сунгаанд ялагдсан учраас ийм мэдэгдэл хийж, ийм үйлдэл гаргаад байна гэсэн үг. Ийм хүн цаашлаад гүйцэтгэх засаглалыг ямар хэлбэрээр, яаж авч явах вэ гэдэг нь үнэхээр том асуултын тэмдэг, эрсдэлтэй гэж үзэж байна. Улс төрийн зодооноо төрийн “тайзнаа” авчирсан хүн бол Г.Занданшатар. УИХ-ын 126 гишүүн парламент засаглалын төлөө тууштай явна” гэлээ.