Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо энэ оны 10-р сарын 10-наас 30-ныг хүртэл “ХУВИРАЛ” сэдвийн дор олон улсын түвшний XAOS Festival 2025-ыг зохион байгуулж байна. Улаанбаатарын таван байршилд нэгэн зэрэг өрнөх наадам нь амьд тоглолт, үзэсгэлэн, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг найман арга хэмжээг багтаасан өргөн хөтөлбөртэй. Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.

1. Дэлхийн нэрд гарсан уран бүтээлчид
Австрали гаралтай LIHLA, АНУ гаралтай Dis Fig, Турк гаралтай Hüma Utku, Польш уран бүтээлч 2K88, Англи уран бүтээлч Rainy Miller, Италийн медиа уран бүтээлч Marco Ciceri, Словак гаралтай Suzana Benesova, Афган гаралтай X Ariaz, Германы Carsten Nicolai / Alva Noto зэрэг олон улсын алдартай уран бүтээлчид Монголд анх удаа бүтээлээ танилцуулах нь үзэгчдэд цоо шинэ мэдрэмжийг авчирна. Тэдний бүтээл нь зөвхөн урлагийн үзэсгэлэн бус, үзэгчдийн сэтгэл, оюун санааг хөдөлгөх туршлага бас аялал болдог.
2. Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан туршилт
Э.Жанцанхорол, Э.Халиун, хөөмэйч Н.Ашид, А.Ундармаа, Д.Дамдин, Д.Даваасүрэн зэрэг монгол уран бүтээлчид олон улсын уран бүтээлчидтэй хамтран хослуулсан шинэ туршилт, өвөрмөц үзэсгэлэнг та бүхэнд толилуулна. Мөн энэ нь зөвхөн үзэсгэлэн бус, уран бүтээлчид хоорондоо үзэл бодол, мэдрэмжээ хуваалцах гүн гүнзгий үйл явц байх бөгөөд бид түүний нэгэн хэсэг нь болох боломжтой юм.
3. Экспериментал хөгжим ба дүрслэх урлагийн хослол
Фестивалийн гол онцлог нь дуу авиа, гэрэл, видео, дүрслэх урлагийг нэгтгэсэн экспериментал бүтээлүүд юм. LIHLA, DIS FIG, Hüma Utku зэрэг уран бүтээлчид үзэгчдийг шинэ ертөнц, мэдрэмж рүү ховсдон аваачих бүтээлүүдийг танилцуулна. Та хэрэв шинэ зүйлийг мэдрэхийг хүсвэл үүнээс хоцрох хэрэггүй.
4. Удаан үргэлжлэх, олон хэлбэрийн үзэсгэлэн, тоглолт
Дөрвөн үзэсгэлэн, хоёр амьд ба электрон тоглолт нь үзэгчдэд урлагийн ертөнцөд бүрэн шингэх боломж олгоно. Байршлууд: Black Box Theatre, Хаан Галерей, XO Art Space, B Contemporary, On’n Off Production.

5. Хувирлыг ойлгож, мэдрэх боломж
“Хувирал” сэдэв нь хаосын онолоос санаа авч, бяцхан өөрчлөлт нь үл таамаглах хувьслыг авчирдаг урлагийн мөн чанарыг илтгэнэ. Үзэгчид цаг хугацааны хувиралыг дотор сэтгэлээрээ мэдэрч, урлагийн бүтээлүүдийг зөвхөн харах бус ойлгох боломжтой.
6. “СОНО“
Энэ жилийн наадмаас хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж, хүлээлт үүсгээд буй нэгэн үзэсгэлэнг заавал дурдах хэрэгтэй. Энэ бол зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн ’Сонотой гэрлэсэн минь’ яруу өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн дуу авиа, гэрлийн өрөг үзэсгэлэн юм. Б.Гантуяа (концепц/төсөөлөл), Lihla (дуу авиа, хөгжим), Ray Tseng (гэрэлтүүлэг) нарын хамтын бүтээл болох энэхүү үзэсгэлэн Black Box Theatre-т аравдугаар сарын 10-20 хооронд гарах болно.
7. Нээлттэй хэлэлцүүлэг, туршлага солилцох боломж
Фестивалийн хүрээнд олон улсын уран бүтээлчид, кураторуудын оролцоотой ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд үзэгчид урлагийн шинэ чиг хандлагыг судлах, асуулт асууж, туршлага солилцох боломжтой. Уран бүтээлчидтэй илүү ойртож, хамт байх, дэргэдээс нь сонсож ярилцах боломж гэдэг хэчнээн сайхан.
8. Соёл, философийн гүн утга агуулсан бүтээлүүд
Бүтээлүүд нь зөвхөн гоо сайхны үзэмжээр хязгаарлагдахгүй, байгаль, хүн, технологи, харилцаа, хамаарлыг урлагийн хэлээр үзэгчдэд дамжуулдаг. Үзэгчид бүтээлүүдийн ард байгаа санаа, философийг тунгаан бодож, шинэ ойлголт авах боломжтой.

9. Амьд тоглолтын тэсрэлт
LIHLA, Dis Fig, Hüma Utku нар аравдугаар сарын 11-нд, 2K88, Rainy Miller нар аравдугаар сарын 25-нд тус тус On’n Off Production-д тоглолтоо хийж, жинхэнэ утгаар нь хөгжмийг мэдрэх, бүр амтлах боломжийг олгоно. Эдгээр уран бүтээлчдийг дэргэдээс нь сонсоно гэдэг танд магадгүй хэзээ ч мартагдашгүй мэдрэмж, дурсамжийг үлдээх нь гарцаагүй. Та эхний тоглолтын тасалбарыг ЭНД дарж захиалах боломжтой.

Фестивалийн бүтээлүүд үзэгчдэд зөвхөн гайхалтай мэдрэмжийг бус, харин сэтгэл, оюун ухаанд хувьсал, шинэ санаа өгөхүйц туршлага авчирна. Үзэсгэлэнг үзсэний дараа үзэгчдийн бодол, сэтгэл өөрчлөгдөж, урлагийн шинэ ертөнцөд алхах боломжтой болно. Тиймээс эдгээр өдрүүдэд өөрийгөө барихгүйгээр, дуу хөгжим, визуал бүтээлүүдийг мэдэрч, дунд нь уусахыг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.