UBLife Logo
Урлаг

Фото | “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр “Гурав дахь цохилт” тодорлоо

Фото | “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр “Гурав дахь цохилт” тодорлоо

17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-ны өдөр хөшгөө нээлээ. Өнөө жилийн мөнхүү наадам Монголд кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ойтой таширч таарсан учир “Үзэхийн хязгаар” хэсэгтээ Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэнгийн “Анхны алхам” (1970), “Хүний амь” (1976) кинонуудыг онцолж, 10-р сарын 10-ний өдөр 16:00, 18:00 цагуудаас “Тэнгис” кино театрын өргөн дэлгэцнээ толилуулах юм.

Түүнчлэн аравдугаар сарын 8-15-ны өдрүүдээр дэлхийн нэр хүндтэй кино наадмуудаас шагнал гардсан орчин цагийн кино урлагийн өнгө төрх, чиг хандлагыг тодорхойлох 15 орны шидээвэр 42 киног Тэнгис, Прайм Синеплекс Энканто кино театруудаас үзэх бололцоотой.

Эл наадмын Монгол кино хөтөлбөрийн уралдаант хэсэгт 23 бүтээл өрсөлдсөнөөс 9 төрөлд шилдгүүдийг тодруулан “Хангарьд” цомыг гардуулсан юм. Мөн өнөө жил анх удаагаа энэ наадмын уралдаант номинацид багтсан “Шилдэг баримтат кино” төрөлд найруулагч Б.Энхбаярын “Шувуулахуй” бүтээл цойлов.

Харин Монгол уралдаант хэсгийн шилдэг уран сайхны киногоор “Oi Entertainment”-ийн бүтээл, найруулагч Р.Эрхэмбүрэнгийн “3 дахь цохилт” кино тодорсон.

Тэгвэл шилдэг найруулагчаар “Чимээгүй хотын жолооч” кино төслийн удирдагч Ж.Сэнгэдорж шалгарлаа. Уг кино өнөө жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос нэр дэвшихээр сонгогдоод байгаа юм.

Үргэлжлүүлэн 17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино хөтөлбөрийн уралдаант хэсгийн 9 төрөлд цойлж, “Хангарьд” цомыг гардсан шилдэг уран бүтээлчидтэй танилцана уу.


Шилдэг эрэгтэй гол дүр: Т.Нямдорж (3 дахь цохилт)

Шагнал гардана гэж төсөөлсөнгүй. Тиймээс үг хэлнэ ч гэж бодож, бэлдэж амжсангүй. Манай “Oi Entertainment”-ийн хувьд, 2014 оноос хойших арван жилийн хугацаанд тогтмол кино хийж байна. Энэ зуурт бид таван сериал, 12 уран сайхны киног бүтээжээ. Харин олон улсын кино наадамд анх удаа оролцсон маань энэ юм. Эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагналыг эвлүүлж атгасандаа баярлалаа. Бид өдөр бүр улам улмаа хичээх болно.


Шилдэг эмэгтэй гол дүр: О.Дөлгөөн (3 дахь цохилт)

О.Дөлгөөн мөнхүү ёслолд ирээгүй учир түүний шагналыг "3 дахь цохилт" бүтээлд хамтран тоглосон Т.Нямдорж гардсан юм.

Шилдэг зураачаар: Н.Болор-Эрдэнэ (Татар)

Кино багийнхандаа, хамтран ажилласан зураачиддаа баярлалаа. Шагнал гардана гэдэг үнэхээр сайхан мэдрэмж юм байна. Баярлалаа.


Шилдэг зураглаачаар: Г.Гүенбаатар (Татар)

Шагнал гардсан найзууддаа, уран бүтээлчиддээ баяр хүргэе. Наймдугаар сард “Шар Гэгээ” киноны ажлаараа Шанхайн кино наадмын шилдэг зураглаачаар тодорсон. Өнөө жил үнэхээр миний од гийсэн амжилттай жил байлаа. Ирэх жилд ч гэсэн сайн уран бүтээлүүд гаргахын төлөө хичээх болно.


Шилдэг зохиолчоор: Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг (3 дахь цохилт)

Кинонд хайртай, шантрахгүйгээр тууштай уран бүтээл туурвиж буй нийт уран бүтээлчиддээ цаашдын бүхий л ажил, үйлст нь амжилт хүсье. Баярлалаа.

А.Баттүшиг

Шилдэг продюсероор: М.Наранбаатар, А.Өнөржаргал (В1 давхар)

Гайхаж байна. "Mongol Stunt” багийнхан маань 15 жилийнхээ ойд зориулан “В1 давхар” анхны бие даасан уран бүтээлийг хийсэн юм. Энэ шагналыг гардахад хүчтэй нөлөөлсөн А.Өнөржаргал буюу Өөскөө ахдаа маш их баярлалаа. Монголын кино урлаг улам хүчтэй, урагшаа. Урагшаа.

М.Наранбаатар

Шилдэг найруулагчаар: Ж.Сэнгэдорж (Чимээгүй хотын жолооч)

Юуны өмнө “Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулагч нартаа баярлалаа. Кино гэдэг хамтын бүтээл байдаг. “Чимээгүй хотын жолооч” төслийг бид 2022 оноос эхлүүлсэн юм. Бид маш их амжилттай явж байгаа, үүнийг та бүхэн сонссон л байх. Энэ бидний хамаг даруу амжилт юм. Цаашид илүү олон кино наадмуудад оролцохоор зэхэж байна. “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол уралдаант хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүд жилээс жилд чанаржиж, оролцож байгаа уран бүтээлчид маань улам их дэвшиж байгаа нь тод харагддаг. Хэдүүлээ улам урагш хамтдаа зүтгэнэ. Продюсертээ баярлалаа. Кино гэдэг эмгэнэлтэй урлаг. Тэр нь мөнгөнөөс хамааралтай учир юм.


Шилдэг баримтат кино: “Шувуулахуй”  

Монгол улс бол баримтат кино хийх өргөн сэдэвтэй, адал явдалт орон юм. Кино уран бүтээлчид маань баримтат киног сонирхоосой гэж хүсэж байна.


Шилдэг кино: “3 дахь цохилт”  

Кино маань энэ наадамд биднийг гурав цохилоо. Гурав цохиулчихад байтал ахин нэг удаа цохив. Шилдэг бүтээлээр шалгарлаа. Баярлалаа. Энэхүү киног дэмжиж, хамтран ажилласан “Nomadia pictures”-ийн хамт олондоо хамгийн түрүүнд баярлалаа. Сэтгэл догдолж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.