UBLife Logo
Нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Багш нар дэлхийн доог, шившиг болохоор цалин авч байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Багш нар дэлхийн доог, шившиг болохоор цалин авч байна

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос нөгөөдөр буюу 16-наас эхлэн орон даяар багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяж буйгаа зарлалаа. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Өнөөдөр боловсролын салбарын багш, ажилтнууд үнэхээр хүнд байдалд орсон учраас ажил хаялт зарлаж байх шиг байна. Нийгмийн асуудал нь дордсоныг бүгдээрээ мэдэж байгаа. 2017 оноос эхлээд багшийн цалин яригдсан. Энэ хугацаанд багш нарын цалинг үе шаттай нэмсэн бол өнөөдрийн хүнд нөхцөл байдалд орохгүй байсан. Төр засаг барьж байгаа нөхдүүдийн алдаа завхралаас болж ард иргэд, хүүхдүүд хохирч байна. Үнэхээр харамсалтай байна. Их хурлын 126 гишүүн сандал суудлын төлөө биентэйгээ үзэлцэх гэж төрд гараагүй. Ард иргэд, төрийн сүлднийхээ өмнө тангараг өргөж, улс эх орныхоо төлөө ажиллана гэж гарсан. Сандал суудал булаацалдаад эрүүл мэнд, боловсролын салбараа хаячихлаа. Ахмадууд нь гадаа жагсчихсан, маш хүнд байдалтай байгаа. 126 гишүүн бүгд дэмжээд багш, эмчийн цалин, ахмадын тэтгэврийг нэмбэл ганц Сангийн сайд Б.Жавхлан юу ч яриад нэмэргүй. Энэ асуудлыг 126 гишүүн л шийднэ. Сангийн сайд ганцаараа юуг ч шийдэхгүй. 

Өмнө нь 76 гишүүн солигдоод л явдаг байсан. 126 гишүүн байснаараа салбар салбарын төлөөллүүд ороод энэ асуудалд нэлээд ажил хэрэгч байр суурьтай оролцож байна. Төсвийг ч нэлээн сайн хардаг, хянадаг болсон байна. Танаж болох зардлуудаа хасаад хүний хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол багш нарын цалин хөлс арай дэндүү байна. Дэлхийн доог, шившиг болохоор цалин авч байна. Багш нар 400 ам.долларын цалин авч байхад Шведэд 13 сая ам.долларын цалин авдаг шүү гээд монгол багш нар над руу чат бичиж байна. Энэ бол эмгэнэл. Тийм болохоор дор хаяж 1000 ам.долларт хүргэе ээ. 

Одоо нөхцөл байдал нь улстөржсөн байна шүү дээ. МАН дотроо хоёр хуваагдчихсан байна. Манай нам хүлээлтийн байдалтай байна. Өөр намын дотоод асуудалд орох боломжгүй. “Ардын намын зодоон дундуур ардын багш нар орох ямар хэрэг байна” гээд яриад байна лээ. Улс төртэй, төргүй багш нар цалингаа нэмүүлэх цаг нь болсон. Тэмцэх нь зөв” гэлээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.