Өнөөдөр ub.life сайтын “Алисагийн тэмдэглэл” булангийн үнэнч уншигчид уулзлаа. Урьд нь зөвхөн “Алисагийн тэмдэглэл”-ээр холбогдож байсан тэд энэ өдөр бие биеэ анх удаа харж, уулзсан ч танил байсан мэт халуун дотно яриа өрнүүлж, сэрүүн намрын өдрийг дулаацуулж байсан юм.
Уулзалтын хамгийн сонирхолтой хэсэг нь захидал бичих мөч байлаа.

Өдөрлөгт ирсэн зочид өөртөө эсвэл хэн нэгэнд хэлмээр байгаа үгсээ цаасан дээр буулгаж илэрхийлсэн нь энэ уулзалтыг илүү дотно болгож өгсөн юм. Зарим нь өөрийгөө урамшуулах үгсийг бичсэн байхад нэг хэсэг нь гомдсон болон сэтгэл эмзэглэдэг зүйлсээ бичиж үлдээв. Яг тэр мөчид үг бүр нь сэтгэлд хүрч, инээд болон нулимс зэрэгцэн орших жижигхэн аз жаргалын орон зай бүрдсэн байлаа.

Мөн ub.life сайтын Ерөнхий редактор О.Анхзаяа өөрийн шинээр хэвлэгдэн гарах гэж буй номын хэсгээсээ уншиж, өөрийн бодол болон мэдрэмжээ илэрхийлж, сонсох дуртай дуунуудаасаа хуваалцсан нь уулзалтад шинэ өнгө нэмсэн юм.
Халуун цай, амттай жигнэмэгээр хачир нэмэн бид бүхэн яриагаа үргэлжлүүлсэн. Ийнхүү уулзалт дуусах мөчид хүн бүр сэтгэлдээ байсан бодол, бас мэдрэмжүүдээ хуваалцсан байв. Ярилцах мөч тасарсангүй, уулзалтын дараа ч бүгд хамтдаа хооллохоор хөдөлсөн нь энэ өдрийг хэр дотно, дурсамжтай өнгөрүүлсэнийг нь илэрхийлж байлаа.
Бэлтгэсэн: Б.Ариунзаяа