Сүүлийн үед ОХУ-д гарсан хамгийн хачирхалтай хэргийн нэг нь Усольцевын гэр бүл сураггүй алга болсон хэрэг болоод байна. Одоо ч тэд олдоогүй хэвээр.
Гэрийн эзэн 64 настай Сергей, эзэгтэй 48 настай Ирина, таван настай охин Арина. Тэд есдүгээр сарын 28-нд Кутурчин тосгоноос гарч, “Кутурчинское Белогорье” хэмээх ууланд гарахаар аялжээ. Сүүлийн цэг болох тосгонд ирээд тэд бусдыгаа хүлээсэнгүй, цасан шуурга болох гэж байна гэж анхааруулсан ч гурвуулаа үргэлжлүүлэн, яваад өгсөн байна. Хоёр хоног тэд холбоо бариагүй тул хүү нь Цагдаагийн газарт мэдэгджээ. Ингээд хайлт эхэллээ.

Аврагч нарын мэдээлснээр гурван аялагчийг гарсны дараа хүчтэй бороо орсон байна. Борооны улмаас жимээсээ хазайсан байх магадлалтай. Уулын бэлд тэдний машиныг олоход дотор нь бичиг баримт, мөнгө, хүүхдийн суудал, тоглоом нь байж байсан байна. Сайн дурынхан, аврагчид, мөрдөгч, цагдаа нараас гадна бүрэн хэрэглэлтэй 17 уулчин дуудаж, нийт 1500 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөн хэмжээний хайлт явуулжээ. Аравдугаар сарын 12-нд жирийн иргэдийг буулгаж, мэргэжлийн хүмүүс л хайлтаа үргэлжлүүлсэн гэнэ. Красноярск мужид цас ороод эхэлсэн тул мөр олоход тун хүндрэлтэй байжээ. Энэ сарын 18-наас дахин дрон нисгэн, аврагчид хайсаар байна.

Мэдээж цахим сүлжээнд янз бүрийн таамаг гарч ирлээ.
-Сергей буюу гэрийн эзний бие гэнэт муудаж, эхнэр, охиндоо тусалж чадаагүй.
-24 хэм дулаан байснаа 0 хэм болтол буурч, бороотой, өтгөн манантай байсан тул төөрсөн.
-Баавгай, чоно зэрэг араатантай таараад зугтаж, төөрсөн.
-Уулын хавцалд унасан.
-Борооноос зугтан, нэгэн агуй олж, хийн плитка асааж байгаад угаартсан.
-Гэмт хэрэгтэнтэй учирсан.
Сайн дурын хайлтаар явсан хүмүүсийн нэг, блогчин Александр Андрюшенков гэр бүлийг Монголд оргон зугтсан байх магадлалтай гэж үзжээ. Тэрээр гэрийн эзний ажил төрөл нь таагүй байсан тул бизнесийн хамтрагчдаасаа зугтсан. Сергей Усольцев энэ хавын газрыг сайн мэддэг учир ойгоор дамжаад ойрын машин зам дээр гараад урьдчилан бэлтгэсэн машинд суугаад явсан гэж үзэж байна. Мөн 800-900 км зайтай орших Монголын хилийг давсан байх магадлалтай. Тэднийг хайгаагүй эхний 2 хоногт л хил давж амжина. Гадаадын иргэд тусалсан байх” гэж ярьж байгаа юм.