Израилийн өмнөд хэсгийн Нетивот хотод 2026 оны 4-р сарын 15-ны өдөр хэдэн арван мянган зөгий гэнэт бөөгнөрөн хотын худалдааны төв болон ойр орчмын бүсийг бүрхжээ. Энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд “Библид дурдагддаг цар тахлыг санагдуулам явдал” гэж онцолж байна.
Орон нутгийн мэдээллээр зөгийнүүд дэлгүүр, автомашин, тагтнуудын орчимд бөөгнөрч, агаарт яг л бараан үүл мэт нүүж байсан байна. Иргэд айж сандарч, дэлгүүрүүд хаалгаа хаан, цонхоо түгжих арга хэмжээ авчээ. Хотын захиргаа иргэдийг тухайн бүсээс хол байж, мэргэжлийн баг ирж асуудлыг шийдвэрлэх хүртэл ойртохгүй байхыг анхааруулсан байна.

Зарим бичлэгүүдэд зөгийнүүд машин, барилгын орчимд бөөгнөрч, хөдөлгөөн хийлгүй цугласан нь тод харагдаж байв.
Энэхүү ер бусын үзэгдлийн яг шалтгаан одоогоор албан ёсоор батлагдаагүй байна. Гэсэн хэдий ч шинжээчид уур амьсгалын өөрчлөлт, орчны температурын огцом өөрчлөлт зэрэг байгаль цаг уурын хүчин зүйлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоор иргэдэд зөгийнүүдээс хол байх, цонх, хаалгаа хаалттай байлгах, мэргэжлийн албаныхны зааврыг дагах зөвлөгөө өгч байна. Ийм төрлийн томоохон зөгийн сүрэг хот сууринд үе үе ажиглагддаг ч энэ хэмжээний бөөгнөрөл нь ховор тохиолдолд тооцогддог.
