Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням сошиал хуудастаа шатахуунтай холбоотой мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа хүндрэлийг арилгах чиглэлээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.
Бидний гол импортлогч орон ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас нэмэлт импортын боломж тааруу байгаа юм. Энэ хүрээнд бид орж ирж байгаа бүтээгдэхүүнийг аль болох оновчтой хуваарилах, нөөцийг бүрдүүлэх, тээврийн асуудлыг шуурхай шийдэх зэргээр ОХУ-ын талтай тасралтгүй хамтран ажиллаж байна.
Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.
АИ-92 автобензиний 10 дугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.
Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөөц бүрдүүлэх сав багатай манай улсын хэрэглээнд жил бүр дарамт үүсгээд байдаг.
Мөн АҮЭБ-ийн яам болон ААН-үүдээс хамтран байгуулсан ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар Бээжин хотруу явж байгаа.
Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байна. Нэмэлтээр авах боломжтой болсон.
Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийнэ. Ард иргэд маань импортоос бүрэн хамааралтай байгаа нөхцөл байдлыг ойлгож нөхцөл байдлыг хамтдаа тайвнаар даван гарахыг хүсье” гэлээ.