UBLife Logo
Спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хэрхэн авах вэ?

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг хэрхэн авах вэ?

Спортын ертөнцийн хамгийн томоохон үйл явдлын нэг, 2026 оны тодотгол нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. АНУ, Мексик, Канад гээд гурван улсад анх удаа болох, мөн анх удаа 48 улсын шигшээ баг оролцох энэ тэмцээний тасалбарын тухай маш олон хүн асууж, сураглаж, зарим нь бүүр  "захиж" буй тул Та бүхний асуултад энд нэг доор бага болов ч мэдээлэл өгөхийг хичээлээ.

Хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ  2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд болно. Тэмцээний тасалбарыг зөвхөн FIFA.com/tickets -аар худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ 60$-6370$ хүртэл үнэтэй байгаа бөгөөд энэ үнэ суудлын ангилал (1-4, тэргэнцэртэй хүмүүсийн суудал гээд таван ангилалтай), нээлтийн болон шигшээ тоглолт, хэсгийн, хасагдах шатны аль тоглолт гэдгээс хамаараад өөр өөр үнэтэй. Хэдийгээр StubHub, Vivid seats, Seat Pick гэх мэт сайтаас худалдан авч болох ч үнэ нь ФИФА-ийн албан ёсны үнээс маш өндөр, мөн эрсдэлтэй шүү!!!

ФИФА ДАШТ-ий тасалбарыг дөрвөн үе шаттай борлуулах бөгөөд Visa presale draw буюу ФИФА-ийн албан ёсны түнш Visa кард хэрэглэгчдийн дунд зарласан бүртгэлийн дагуу сугалаагаар тасалбар авах эрх олгох үе шат явагдаад дууссан.

Харин хоёр дахь шат Early ticket draw-ын бүртгэл 2025 оны аравдугаар сарын 27-31-нд болно!!!!! Энд бүртгүүлэхийн тулд FIFA.com/tickets -д аккаунт үүсгэсэн байх ёстой. Эсвэл FIFA Fan ID-д аккаунттай байхад болно.

Энэ үе шатанд тасалбарыг шууд зарахгүй хүсэлт гаргасан бүх хүмүүсээс (дэлхий даяар) санамсаргүй сонголтоор (random) cугалаагаар тасалбар авах азтануудыг сонгох юм. Хэрэв танд аз таарвал хэзээ хэрхэн авах талаар мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.

Тасалбар авахаар сонгогдсон хүн нэг тоглолтоос дээд тал нь 4 тасалбар, нийтдээ ДАШТ-ий 40 тасалбар худалдаж авах хязгаартай.

Тасалбар борлуулалтын гурав дахь үе шат 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд болох ДАШТ-ий сугалааны дараа эхлэх бөгөөд Random selection draw шатанд яг ямар багуудын тоглолтын тасалбар авахыг хүсэх боломжтой, мөн л санамсаргүй сугалаагаар шалгаруулна.

За тэгээд ирэх хавар хамгийн сүүлийн тасалбар авах боломж Last minute sales phase үе шат явагдана, энд харин онлайнаар "отож" суугаад борлуулалтад гарсан тасалбарыг хэн түрүүлж "дарсан нь" (first come first serve) авах зарчмаар явагдана. 3 болон 4 шатны тасалбар борлуулах үед дахин дэлгэрэнгүй мэдээлэл зааврыг хүргэнэ ээ.

Мөн зочдын тусгай багц гэж бий. Тасалбар, угтах болон үдэх үйлчилгээ, оргилуун дарс, дарс, шар айраг, "хатуу рашаан", зууш, хоол, машины зогсоол гээд бүх зүйл багтсан дотроо хэд хэдэн төрлийн энэ багцыг fifa.com/hospitality -аар орж авч болно. Үнийн хувьд нилээд өндөр, нэг хүний 4500 $ (нэг тоглолт) орчимоос эхэлнэ. Мөн тодорхой нэг цэнгэлдэх, эсвэл өөрийн дэмждэг багийн тоглолтуудыг гэх мэт багц ч бий.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.