Эмч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдаас шаардан аравдугаар сарын 9-нөөс хойш жагсаал, цуглаан зохион байгуулж байна. Гэсэн ч авч хэлэлцэхгүй, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тул ажил хаялт зарлахаар бэлтгэж эхэлснээ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр танилцууллаа. Тэд тав хоногт багтаан цалин хөлс болон бусад асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэх, иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олгох зэргийг шаардаж суулт зарласан. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаялт Улаанбаатар хотод бус орон даяар явагдана гэдгийг ч анхаарууллаа. Мөн хууль ёсны дагуу ажил хаяж, үр дүн гартал тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ онцлов.