UBLife Logo
Спорт

Өнөөдөр Бүх дэлхийн жүдо бөхийн өдөр

Өнөөдөр Бүх дэлхийн жүдо бөхийн өдөр

Жил бүрийн аравдугаар сарын 28-нд буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдрөөр Дэлхийн жүдогийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 2011 онд Олон улсын жүдогийн холбооноос анх энэ өдрийг ёслон тэмдэглэж, жүдо бөхийн үнэт зүйлсийг сурталчлан таниулж байхаар болсон билээ. Өнөөдөр дэлхийд нийт 20 сая гаруй хүн жүдогоор хичээллэж байна. Олон улсын холбоонд таван тивийн 200 орны үндэсний холбоо нэгдэж, жүдо бөх үнэхээр дэлхий дахины спорт болсныг батлан харуулж байна.

Энэ жилийн Дэлхийн жүдо бөхийн өдрийн уриа нь “Жүдо – энх тайван, эв нэгдэл, найрамдал нөхөрлөл” юм.

Жүдо бөхийн өдрөөр дэлхий даяар зохион байгуулдаг арга хэмжээнүүд:

1. Бэлтгэл - Баг бүрэн бүрэлдхүүнээрээ цуглан, бэлтгэл хийж, хөлсөө гаргах.

2. Багийн тэмцээн - Хэд хэдэн баг хоорондоо бэсрэг наадам зохион байгуулах хөгжилтэй шүү.

3. Нээлттэй бэлтгэл - Жүдогоор дөнгөж хичээллэж байгаа хүүхэд багачуудыг урьж, энэ спортоор хичээллэснээр ямар амжилтад хүрч болохыг харуулаарай. Спортын танхим төдийгүй гадаа салхинд аль болох олон хүн хамруулбал улам сонирхолтой болно.

4. Үзүүлэх тоглолт - Жижигхэн шоу зохиоход яагаад болохгүй гэж. Клубээ бусдад сурталчил. Жүдо бөхийн гайхамшгийг олон нийтэд харуулж, олон нийтийн сүлжээ танай тамирчдын зургаар бялхаг.

5. Халз барилдаан - Өөр багтай тохиролцоод хамтарсан тэмцээн зохион байгуул

6. Мастер класс - Олимп, дэлхийн аваргыг урих боломжгүй байлаа ч гаднын дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийгээд үз. Хүн болгон нэг шинэ юм зааж өгнө.

7. Эцэг эхчүүдийн уулзалт - Хүүхдүүдийн эцэг эхийг танхимдаа уриад хүүхдүүдээр нь тэдэнд хичээл заалга. Үнэхээр сонирхолтой санаа.

8. Баяр - Дасгалын хажуугаар хөгжилтэй тоглоом зохион байгуулж, баярын бялуу задласан ч болно. Ийм арга хэмжээ жүдо бөхийн ёс суртахуунд огт харшлахгүй. Японы Кодоканд ч Шинэ жилээр баярын үдэшлэг хийдэг.

9. Хамтарсан бэлтгэл - Өөр багийн тамирчдыг урьж,  хамтдаа бэлтгэл хийж, туршлагаа хуваалцая.

10. Жүдогийн кино үзэх - Шавь нараа цуглуулаад жүдогийн кино үзэцгээе. Жүдогийн сонирхолтой кино маш олон бий. Баримтат кино, адал явдалт кино ч байж болно.

11. Сургуульд айлчлая - Ойролцоох дунд сургуульд зочлон, биеийн тамирын хичээлээр нь жүдо бөхийг танилцуулья.

12. Нээлттэй хаалганы өдөр - Спортын зааландаа хүссэн бүх хүнийг урь. Яаж бэлтгэл хийдэг, хаана усанд ордог гээд бүх зүйлээ танилцуул.

13. Хэвлэлийн өдөр - Хэвлэлийнхнийг нэг өдөр урьж, бэлтгэлээ үзүүлж, тамирчдаа танилцуул.

14. Тест - Тамирчдынхаа жүдогийн бэлтгэлийг шалгаад үз. Жүдо бөхийн түүх, орчин үеийн бөхчүүд, дүрэм журам гээд сайн шалгая.

Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүний мэндчилгээ

“Хүндэт жүдочдоо, жүдо гэр бүлийн бүх гишүүд ээ!

Бүх дэлхийн жүдо бөхийн энэхүү өдрөөр би жүдо бөх нь улс хоорондын харилцаа, эв нэгдлийн гүүр болж чадна гэдэг итгэлээ улам бүр бататгахыг хүсэж байна. Жүдо бөх одоо цагт маш чухал сэдэв болоод байгаа энх тайвныг авчирч чадна.

Дэлхий ертөнц дайн дажин, нийгэм, эдийн засаг, экологийн хямралтай тулгарч, тогтворгүй байдал үүсэн даамжирч байгааг бид харж байна. Энэ бүх хүнд хэцүү туршилтын үед ч бид ЭНХ ТАЙВАН тогтоох уриалгыг сонсож байна.   

“Жүдо энх тайвны төлөө” байгууллага олон жилийн турш дайн болж байгаа бүс нутагт ажиллаж, харилцан хүндэтгэл, найрамдал нь айдас, үзэн ядалтыг ялж чадна гэдгийг харуулсаар ирсэн. Жүдо биднийг унаж, босож, ямар ч бэрхшээлийг эр зоригтой хүлээн авч, даван гарч, өрсөлдөгчөө хүндлэх занд сургадаг. Жүдо бөхийн үнэт зүйлсийг хүлээн авснаараа бид энх тайвны элч болж байна гэсэн үг юм.

Энэ өдөр бид нийгэмд манай спортын ачаар энх тайван тогтоож болно гэдгийг харуулах ёстой. Хамтдаа бид жүдо бөхөөр дамжуулан, дэлхийд энх тайван тогтоход тусалж чадна.

Та бүхэнд энэ өдрийг ач холбогдолтой, сайхнаар өнгөрүүлэхийг хүсье!

Мариус Визер”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.