Энэтхэг улсын Банглор хотноо энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “FIBA Asia Mid-Term Assembly”-д Монгол Улсаа төлөөлөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал оролцлоо.
Чуулганы үеэр FIBA Asia 2023–2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулагдаж, Монгол Улс өсвөр үе, эмэгтэй, эрэгтэй, eFIBA, 3х3 зэрэг төрөл бүрийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, идэвхтэй оролцсон улс орны нэгээр онцлогдлоо.
Мөн 3х3 төрлийг хөгжүүлэх талаарх сургалт, хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын туршлага, амжилт өргөнөөр дурдагдсан бөгөөд ялангуяа Монголын охидын АНУ-ын багийг хожсон түүхэн ялалт нь олон улсын сагсан бөмбөгийн хүрээнд “боломжгүй зүйл гэж үгүй” гэсэн итгэлийг түгээсэн онцгой үйл явдал хэмээн үнэлэгдлээ.
Сүүлийн жилүүдэд ФИБА-гийн үйл ажиллагаанд оролцох эрхээ сэргээж, өнөөдөр хамгийн хурдацтай хөгжиж буй улс хэмээн ФИБА-гийн газрын зурагт тод тэмдэглэгдэж буй нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн амжилтыг илтгэн харуулж байна.

Чуулганы нээлтийн үеэр ФИБА-гийн Ерөнхийлөгч Шэйх Сауд Али Ал Тани Монгол Улсад FIBA U16 Asia Cup болон FIBA 3x3 World Cup-ийг амжилттай зохион байгуулсанд онцгойлон талархал илэрхийлж, Монголын Сагсан Бөмбөгийн Холбоонд баяр хүргэлээ.
Чуулганд оролцогчид Монгол Улсыг олон улсын тэмцээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг, багууд нь амжилттай өрсөлддөг, дотоодын лиг нь идэвхтэй хөгжиж буй улс хэмээн өндрөөр үнэлж, сайшаал илэрхийллээ.
Мөн энэ удаагийн чуулганы хүрээнд Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо ФИБА-гийн хоёр шинэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргасан нь манай сагсан бөмбөгийн хөгжлийн дараагийн том алхам болж байна.









