Их Британийн Форин-офис (FCDO) “Гадаад улс оронд аялж явахдаа метанол агуулсан хямд болон нэрмэл согтууруулах ундаа хэрэглэх нь амь нас, эрүүл мэндэд аюултай” гэж анхаарууллаа. Тус албанаас “Архи уухад аюултай аяллын чиглэлүүд”-дээ өөрчлөлт оруулж, Тайланд, Лаос, Вьетнам дээр Мексик, ОХУ, Япон, Эквадор, Энэтхэг, Индонез, Кени, Бангладеш гэсэн найман орныг нэмлээ. Эдгээр орнуудад жуулчид архинд хордож, сохорсон тохиолдол бүртгэгдсэн байна.
Их Британийн Консулын алба, хямрал хариуцсан сайд Хэмиш Фалконер “Метанолд хордсон хүний анхны шинж тэмдэг нь жирийн хордолт, шарталт мэт байдаг. Харин метанол гэж мэдсэн үед оройтсон байдаг. Жуулчид очсон газраа согтууруулах ундаа хэрэглэх үедээ маш болгоомжтой байх хэрэгтэй” гэж анхааруулсан юм.
Дээрх найман оронд ямар хэрэг гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч энэхүү жагсаалтыг тухайн орнуудын эрүүл мэндийн байгууллага, парламент, аяллын шинжээчид, хохирогчдын ар гэртэй холбогдсоны эцэст гаргасан гэдгээ тодруулжээ. Амралтын газар, клуб, цэнгээний газарт хямд архи, дарс худалдан авах нь эрсдэлтэй гэдгийг сүүлийн үеийн явдлууд харуулсан. Нутгийн худалдаачид метанол хольсон спиртийн ундаа зарах явдал нэмэгдсээр байгаа гэнэ. Ердөө 30 грамм цэвэр метанол насанд хүрсэн хүнийг 12-48 цагт үхэлд хүргэх аюултай. Үнэр, амтгүй тул ялгахад тун хэцүү. Индонезид гэхэд 2019 оноос хойш 334 тохиолдол бүртгэгдсэн байна. Индонезийн дараа Энэтхэг (140), ОХУ (121), Бангладеш (53), Пакистан (42), Хятад (30), Камбож (28), Иран (28), Вьетнам (28), Кени (24) орсон байна.
Ази тивд хамгийн их метанолын хордлого гарч байгаа ч хууль дүрмээ сахидаг Япон улсыг энэ жагсаалтад оруулсан нь гайхал төрүүлсэн. Японд хордлогын ганцхан тохиолдол бүртгэгдсэн байжээ.
