UBLife Logo
Дэлхий

Анзаар | Энэ 7 хоногийн анзаарууштай үйл явдлуудын товч тойм

Анзаар | Энэ 7 хоногийн анзаарууштай үйл явдлуудын товч тойм

“Анзаар!” булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!

Онцлох үйл явдлууд

Монголчуудыг догдлуулсан “Physical: Asia”

Энэ долоо хоногийн хамгийн сайхан мөч бол аравдугаар сарын 28-наас эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн Netflix-ийн “Physical: Asia” тэмцээн байлаа. Алдарт Netflix анх удаа монгол хэл дээр хадмал орчуулгатай гарч байгааг үзээд огших нэгэн байхад Монголын багийн амжилт, тэсвэр тэвчээр, хамтын хүчийг хараад нулимс дуслуулсан хүн олон байлаа. Энэ бол Үндэсний бөхийн Улсын арслан Баярсайханы Орхонбаяр, жүдо бөхийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт Амарсайханы Адъяасүрэн, 3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий хошой аварга Энхбатын Дөлгөөн, Япон, Тайванийн лигт тоглосон анхны монгол волейболчин Гантогтохын Хандсүрэн, “One Championship” холбооны аварга, холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил, олон улсын А зэрэглэлийн циркийн наадмын 10 цомтой, уран нугараач Эрдэнэ-Очирын Лхагва-Очир нарын гавьяа. Тэдний хамтын хүч, хичээл зүтгэл, эв найрамдал, тэсвэр хатуужил, ур чадварыг хараад олон монгол залуус урам зориг, эрч хүч авлаа. 11 дүгээр сарын 4-нөөс эхлэх дараагийн тэмцээнүүдийг бүгд тэсэн ядан хүлээж байна. Ямар ч үнэтэй зар сурталчилгаанаас илүү эх орноо дэлхийн дэвжээнд алдаршуулж чадлаа Та нар.  

Хүчирхэг улсын удирдагч өөр байдаг ажээ

Дэлхийн хоёр том эдийн засгийн их гүрний удирдагч нар 6 жилийн дараа нүүр тулан уулзлаа. Албан тушаалдаа очсоноосоо хойш дэлхийг сандаргаж, ертөнцийг бужигнуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп. Өрсөлдөгч ОХУ, Энэтхэг, Канадаас эхлээд анд найз, холбоотон Япон, Европын холбоонд ч худалдааны өндөр татвар тавьж, бизнест нөхөр байхгүй гэдгийг харуулсан билээ. Татвараа бууруулах гэсэн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өдөржин, шөнөжин утас залгаад тун завгүй байгаагаа ч тэр гайхуулж байсан. Дайтаж байгаа улсуудыг ч гадаад худалдаа, гааль татвараар далайлган, эвлэрүүлж, Нобелийн Энх тайвны шагналыг би л хүртэх ёстой гэж мэдэгдээд л. Ёстой дэлхий тэр чигээрээ түүний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг болоод байлаа. Харин БНСУ-д болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, бараг хоёр цаг ярилцсан. БНХАУ-ын талтай уулзах болгондоо нээнтэг болгодог “Тайванийн асуудал”, “Украины дайн”, “ОХУ-д хоригийн үеэр дэмжлэг үзүүлж байна” гэх мэт зүйлээ ор тас орхин, зөвхөн харилцан ашигтай бизнес, эдийн засгаа л ярилаа. Уулзалт эхлэхэд л Ши Жиньпиний гарыг атгаж, уулзалт тарсан хойно ч гарыг нь барисаар машинд суулгаж өглөө. Ши Жинпинийг “Агуу улсын агуу удирдагч” хэмээн магтсан бол Ши Жиньпин “За яахав, танайд газрын ховор металл нэг жил өгье дөө” гэж дээрээс харсаар уулзалт дууссан. Том улсын удирдагч баавартай байдаг ажээ.

100 насалсан ч зургаадай таяг тулахгүй хүн

Дэлхийд өнөө цагт 92 настай Ерөнхийлөгч улс орноо удирддаг гэж итгэхэд бэрх. Үеийнхэн нь хэдийн тэтгэвэртээ суух нь битгий хэл тэнгэрийн оронд заларчихаад байхад энэ хүн ажлаа хийсээр байгаа юм. Ёстой л “төмөр биетэй хүн” гэлтэй. Энэ бол Камеруны Ерөнхийлөгч Поль Бийя. 92 настайдаа тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, дахин 7 жил Ерөнхийлөгчийн албаа хашихаар боллоо. Ер нь бол 100 нас хүртлээ төрийн эрхэнд байна гэсэн үг. Поль Бийя 1982 оноос хойш найман сонгуульд дараалан, өвдөг шороодолгүй ялалт байгуулж байгаа, өөрөөр хэлбэл Камеруны улс төрийн Дархан аварга хүн. Уг нь ийм өндөр настан хууль зарлиг гаргаад, улс орноо удирдах байтугай Төрийн ордондоо өдөр бүр очиход л ядраад уначихмаар. Тэгвэл үгүй шүү. Биия хөгшин түүний сонгуулийн ялалтыг хууль бус гэж үймээн үүсгээд байгаа сөрөг хүчнийхэнтэй одоо яг ид тулалдаж байгаа. Бахархмаар ч юм шиг.

Бусад мэдээ

-Английн алдарт “Манчестер Юнайтед” баг дагестан тоглогчтой боллоо. 17 настай Амир Ибрагимовыг ОХУ-ын шигшээ баг эгнээндээ нэгтгэх хүсэлтэй байгаа ч Амир Английн өсвөр, залуучуудын багт хэд хэдэн тоглолт хийсэн тул Их Британийн иргэншлээ солих бодолгүй байгаа ажээ.

-Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Хакүхо Японы Ишикава мужийн аялал, жуулчлалын элч төлөөлөгчөөр сонгогдлоо. Газар хөдлөлт, цүнамид өртөөд байгаа тус мужийг цэцэглэн, хөгжүүлэх их үйлсэд манай аварга нэгдэж байгаа юм.

-Хаитийг дайрсан “Мелисси” хар салхины учруулсан хохирлын талаар мэдээллээ. Хар салхины дараа их хэмжээний үер бууж, нийтдээ 25 хүн амиа алдсаны 10 нь хүүхэд байлаа. 12 хүн сураггүй алга болж, 1000 байшин эвдэрч, 12 мянган хүн орон гэрээ орхихооос өөр аргагүйд хүрчээ.

-АНУ-ын Засгийн газраас хүлээн авах гадаадын дүрвэгчдийн тоонд хязгаар тавьж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ Өмнөд Африкийн цагаан арьстнуудад оршин суух эрх түлхүү өгнө гэдгээ зарлалаа. Учир нь тэд Өмнөд Африкт арьс өнгөөр гадуурхагдаж байгаа гэж үзсэн байна.

-АНУ Венесуэлд цохилт өгөхөөр бэлтгэж байна. Юуны өмнө хар тамхины худалдаанд ашиглаж байгаа объект, боомт, хөлөг онгоцнуудыг устгах гэнэ. Гэхдээ эцсийн зорилго нь Ерөнхийлөгч Мадурогийн засгийг унагаах болоод байгаа юм.

-Бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан, хамтдаа хүчирхийлэл үйлдэж байсан дуулианд холбогдоод байгаа хунтайж Эндрюгийн бүх цол хэргэмийг хурааж, хааны ордноос гаргах болсныг Букингемийн ордон мэдээллээ.

Бонус

Хүн болгон өөрийн амттай. Энэ бол гарцаагүй үнэн. Зарим найзыгаа бодохоор толгойд шууд л тоортой сөжү орж ирдэг бол зарим нь илүү дутуу ямар ч жимсгүй энгийн сөжү л гэсэн үг. Яг үүн шиг, ямар амттай сөжү уух дуртайгаар чинь ямар төрлийн хүн болохыг, ямар кино чамайг илтгэж, ямар дуу сэтгэлийг чинь илтгэдгийг би яг таг хэлж чадна гээд мөрийцөөд үзье.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.