Aрваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association - Оюутны спортын үндэсний холбоо)-ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2025-2026 улирлын тоглолт эхэллээ.

NCAA -ийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг манайхан тэсч ядан хүлээдэг, чих тавьдаг, өөрийн дэмждэг багтай үздэг болсон.
Учир нь энд монгол хүн, монгол хүү маань тоглож буй.

Шаравжамцын Энхийн-Од маань NCAA-ны нэгдүгээр дивизионд тоглосон анхны Монголын тамирчин. Өдгөө дөрөв дэх жилдээ ийн тоглохдоо SEC буюу Southeastern Conference-д харьяалагддаг Өмнөд Каролинагийн Их сургуулийн "Gamecocks" (Азарган тахианууд) багт хүчин зүтгэх гэж байна, Майк маань.

Ш.Энхийн-Одын маань баг нээлтийн тоглолтоо 91:72 оноогоор итгэл төгс хожлоо. Өөрөө 21 мин талбайд тоглож (гарааны тоглогч) , 5 самбар, 3 асс, 4 оноо авлаа. Тоглолтыг АНУ-ын баруун эргийн 4:00 PM цагаас ESPN сувгаар болон Sling TV -ээр шууд дамжуулан үзүүллээ. Амжилт хүсье! Энхийн-Оддоо, "Азарган тахианууд" багт нь.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
