Нью Йорк хотын сонгуульд 34 настай Зохран Мамдани ялалт байгуулан, хотын захирагчаар сонгогдсон нь тус хотын нэгэн зууны хамгийн залуу захирагч болсон тохиолдол билээ. Тэгвэл шинэхэн захирагчийн эхнэр 28 настай Рама Дуважи Нью Йоркийн анхны Gen Z “тэргүүн хатагтай” боллоо.

Рама Дуважи Сири гаралтай, Хьюстонд төрж, есөн настайдаа гэр бүлийн хамт Дубай руу нүүжээ. Тэр Катар дахь Виржиниа Коммонвелсийн урлагийн сургууль, АНУ-ын Ричмонд хотын их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан. Магистрын зэргээ Нью Йорк дахь ‘’School of Visual Arts’’ сургуульд дүүргэсэн бөгөөд түүний уран бүтээлүүд The Cut, BBC, Vogue, The New Yorker зэрэг томоохон хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан юм. Дуважи уран бүтээлүүдээрээ Палестины асуудлуудыг түлхүү хөнддөг. Тэрээр зургууддаа Ойрхи Дорнодын эмэгтэйчүүд, дайнаас улбаатай хүүхэд эмэгтэйчүүдэд тулгарч буй хүндхэн асуудлууд, Палестины тугийг дүрслэх нь олонтаа. Энэ нь Зохран Мамданигийн Израилийн засгийн газрын бодлого болон дайны талаар илэрхийлсэн үзэл бодол, шүүмжлэлтэй ихэд нийцдэг. Куиннипиакийн их сургуулийн медиа судлаач профессор Лиза Бернс “Рама өөрийн байр сууриа нөхрийнхөө үзэл санаатай уялдуулж чадсан бөгөөд энэ нь тэдний нийгмийн зорилгыг бэхжүүлэхэд тус болж байна” гэжээ. Харин Рама Дуважи “Yung” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөртэйгөө адил итгэл үнэмшилтэй хүмүүст зориулж бүтээлээ туурвидаг. Хүмүүсийг айдсаар нь далимдуулж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь боож хаах үед би уран бүтээлээрээ АНУ, Палестин, Сири дэх бодит байдлыг илэрхийлж чадна.” гэж дурдсан нь бий.


Рама өөрийн инстаграм хуудсаар дамжуулан нөхрийнхөө үзэл баримтлалтай нэг шугамын зүйлсийг уран бүтээлээрээ илэрхийлэн нийтэлж, чухал үүрэг гүйцэтгэсэн гэж CNN мэдээлжээ. Кампанит ажил бүрт биеэр оролцоогүй ч Рама кампанит ажлын хэв маяг, өнгө төрхийг гаргахад том нөлөө үзүүлжээ. Тэр Нью-Йоркийнхонд танил өнгө болох таксины шар, “Mets” багийн хөх, гал сөнөөгчдийн хувцасны улаан өнгийг ашиглан өнгө, фонтыг боловсруулжээ. Мамдани цахим орчинд хүчтэй нөлөө үзүүлж буйгаа эхнэрийнхээ бүтээлч байдалтай холбон тайлбарладаг. Түүний хэлснээр, эхнэр нь кампанит ажлын дижитал дүр төрхийг шинэ шатанд гаргасан аж.

Хосууд 2021 онд “Hinge” аппликейшнээр дамжуулан танилцжээ. Тухайн үед Мамдани Нью-Йоркийн мужийн ассамблейн гишүүнээр сонгогдоод удаагүй байв. Тэдний анхны болзоо Брүклин дэх Емен кофе шоп “Qahwah House”-д болсон бөгөөд дараа нь МакКаррен цэцэрлэгт хүрээлэнд зугаалж өнгөрүүлжээ. Хоёр дахь болзоон дээрээ Мамдани түүнд өөрийн төлөөлдөг дүүргийг үзүүлсэн гэдэг. Тэд 2024 оны аравдугаар сард сүй тавьж, удалгүй Мамдани хотын даргад нэр дэвшсэнээ зарлав. Хосууд 2025 оны хоёрдугаар сард Нью-Йорк хотын захиргаанд гэрлэлтээ батлуулж, даруухан ёслосон юм. Мамданиг сонгуульд нэр дэвшихээс өмнө тэд олны анхаарлын төвд байх амьдралд нь хэрхэн нөлөөлөх тухай нухацтай ярилцсан байна. Тэдний гэрлэлтийн талаар хэвлэл мэдээллүүд шуугиж эхэлмэгц Мамдани өөрсдийн гэрэл зургаа нийтлэн, “Рама бол зөвхөн миний эхнэр гэдгээр хязгаарлагдахгүй, өөрийн уран бүтээлээрээ тодорхойлогдох ёстой гайхалтай уран бүтээлч” гэж бичсэн юм.

Загварын томоохон хэвлэлүүд болох Harper’s Bazaar, Vogue, Elle сэтгүүлүүд шинэ “тэргүүн хатагтайн” загварын мэдрэмж, хэв маягийг онцлосон нийтлэлүүдийг олноор нийтлэжээ. Момданигийн ялалтын хүлээн авалтад ирэхдээ Рама Палестин дизайнер Зейд Хижазигийн урласан ханцуйгүй, хээтэй хар майкийг Нью-Йоркийн дизайнер Улла Жонсонгийн хар хилэн, тюль материалтай юбкатай хослуулан өмссөн юм. Зейд Хижази өнгөрсөн жил Лондоны Central Saint Martins сургуулийг төгссөн, араб соёлын урсгал, гот хэв маяг, эртний иргэншил зэрэгт суурилсан уран бүтээлээ танилцуулдаг залуу дизайнер. Харин Улла Жонсоны бүтээлүүд дэгжин хэр нь чөлөөт хэв маягтай, Брүклиний уран бүтээлч эмэгтэйчүүдийн дунд алдартай. Рамагийн зүүсэн гоёл чимэглэлүүд нь Нью Йоркийн гар урлаач Эдди Боргогийн бүтээлүүд аж.


Vogue сэтгүүл нийтлэлдээ “Дуважигийн хувьд энэ орой бол зүгээр нэг ялалтын баяр бус, өөрийн итгэл үнэмшил, хайрлаж дэмждэг нийгмийн бүлгүүдийнхээ төлөө дуугарч буй мөч байлаа. Тэр газын зурвас дахь хямралд нэрвэгдэгсдийг ч, Нью-Йоркийн залуу, хөдөлмөрч уран бүтээлчдийг ч хувцаслалтаараа төлөөлж чадсан” гэж онцложээ. Өмнө нь олон тэргүүн хатагтай нар хувцаслалт, загварын мэдрэмжээрээ үзэл бодлоо илэрхийлж ирсэн ч Дуважи шиг бодитоор нийгмийн бүлгүүд, бодит асуудлуудыг илэрхийлж байсан нь ховор гэж Harper’s Bazaar сэтгүүл тэмдэглэсэн байна. Энэ хандлагыг анх Мишель Обама нэвтрүүлж байв. Тэрээр “The Look” номондоо хувцаслалтаараа хэрхэн жендерийн асуудал болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг зогсож, энэ асуудлуудад өртдөг эмэгтэйчүүдийг төлөөлсөн талаараа дэлгэрэнгүй бичсэн байдаг. Түүнчлэн Мишель Обама ихэвчлэн Tracy Reese, Narciso Rodriguez, J Crew зэрэг бие даасан америк дизайнеруудын хувцас, эдлэлийг сонгон, дэмжлэгээ үзүүлдэг байв. Харин Рама Дуважи түүний залгамж халаа болж, хувцаслалтаараа үзэл бодол, үнэт зүйл, итгэл үнэмшлээ илэрхийлж Нью-Йорк хотын “тэргүүн хатагтайн” дүрийг дахин тодорхойлж байна.
