UBLife Logo
Longreads
Харанхуй руу буцсан нь | Эми Уайнхаус

Харанхуй руу буцсан нь | Эми Уайнхаус

Хуруу шахам өргөн тод хар нүдний будалт, замбараагүй хэр нь дэгжин овоолж боосон үс, увидас шидийн мэт хоолой. Хөгжмийн ертөнцөд 2000-аад оны эхэн үеэс эхлэн нэгэн арваны турш тод гялалзаж асан ч цэл залуу 27 насандаа хорвоог орхисон дуучин Эми Уайнхаусын “Back To Black” хэмээх агуу цомгийн талаар ярилцъя. 

Эмигийн амьдралын түүхийг хайр дурлалгүйгээр өгүүлэх боломжгүй. Тэр хайрыг аврал гэж итгэсэн ч үнэндээ хайр л түүнийг хамгийн их шархлуулж, өөрийгөө алдахад хүргэсэн. Хортой харилцаа, мансууруулах бодисын хамаарал, сэтгэл зүйн асуудлууд зэрэг нь Эмигийн нэрний ард хэдэн жилийн турш сонин хэвлэлийн гарчиг бүрт эгнэн оршиж байв. Эми ч эдгээрийг нуухыг, бодит байдлаасаа зугатаалгүй хөгжмөөрөө илэрхийлсэн нь “Back To Black” цомог юм. 2006 онд гарсан 11 дуунаас бүрдэх “Back to Black” нь Эмигийн студийн хоёр дахь цомог бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийн хамгийн чухал эргэлтийн цэг болсон юм.

Цомгийн нэрнээс ч юуны тухай өгүүлэх нь илхэн. Хайртай хүнээсээ хагацсаныхаа дараа Эми ганцаардал, донтолтоор дүүрэн сэтгэл зүйн хувьд хамгийн хар бараан үерүүгээ буцсан гэдгээ илэрхийлж буй хэрэг. Тэрээр “Rolling Stones” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ цомогт багтсан бүх дуу нь хуучин нөхөр Блэйктэй нь холбоотой гэж дурдсан нь бий. 

Эми нөхөртэйгөө 2005 онд Лондонгийн нэгэн пабад танилцаж байжээ. Тухайн үед Эми хэдийн алдарын замналд хүрсэн байсан ч түүний сэтгэл зүйн хувьд хамгийн тогтворгүй, архи, мансууруулах бодист хамгийн ихээр донтож байсан үе нь байсан аж. 2007 онд тэд гэрлэсэн ч ердөө ганцхан жилийн хугацаанд тэдний харилцаа улам ээдрээтэй болж, олон ч удаа салж нийлж, удалгүй нөхөр нь шоронд орж Эми сэтгэл зүйн гүн хямралд орсон юм. Ганцаараа өнгөрүүлсэн хэдэн сарын хугацаанд Эми “Back to Black” цомгийнхоо ихэнх дууг бичсэн гэдэг. Блэйк Эмигийн уран бүтээлүүдийн онгод, хөг байсан ч түүний донтолт, сэтгэл зүйн асуудлуудын гол шалтгаан байв. Нөхөр нь шоронгоос гарсны дараа тэд буцаад цуг байж эхэлсэн ч 2009 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. 

Тус цомог салалтын дараах сэтгэл гутрал, гэмшил, хортой харилцаа хүнийг хэрхэн сүйтгэдэг тухай, донтолт, хагацал зэрэг сэдвүүдийг нэгэн цул өгүүлдэг. “Rehab” дуугаараа тэр мансууруулах бодис, архи түүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар, болихыг хүсэвч хамаарлаасаа гарч чадахгүй байгаа талаар егөөдөн өгүүлдэг. Харин “Love is a Losing Game” дуунд хайр дурлалын ээдрээтэй, хар бараан талыг, хожил авахад хэцүү тоглоом шиг зүйл гэдгийг өөрийн туршлагаараа хүлээн зөвшөөрнө. Цомгийн нэрээр нэрлэгдсэн “Back to Black” бол салалтын дараах ганцаардал, санан бэтгэрлийн хамгийн хар бараан хувилбар. Дээр дурдсан бүх харанхуй, бодрол төрүүлэхүйц дуунуудын дунд нэгэн онцгой дуу бий. Энэ бол “Tears Dry on Their Own”. 

Цомгийн ихэнх дуунууд гуниг харуусал, уур бухимдал, харамсал, өөрийгөө зэмлэн гэмших мэдрэмжүүдээр дүүрэн бол “Tears Dry on Their Own” харьцангуй тайван агаад хөнгөн хэмнэлтэй мэт сонсогдоно. Гэвч энэ хөнгөн хэмнэл бол түүний сэтгэлд буй харуусал бас бодит үнэнтэй нүүр тулахад нь төрөх гунигийг далдлах халхавч байв. Энэ дуунд Эми анх удаа хортой харилцааныхаа хэцүү бэрх бүхнийг ухаарсан байр суурьнаас өгүүлдэг. Хайр дурлалын талаар үлгэрийн мэт романтик, гэнэн бодролуудынхаа талаар бус харилцаа нь өөрт нь ямар хор хөнөөлтэй байгааг эргэцүүлснээ дуулдаг. 

“Би хэзээ ч чиний гэрэл байж чадсангүй

Бидний хэдийн дассан харанхуй л байлаа”

Эми өөрийгөө буруутгах гэлээ ч энэ харилцаа түүнд ч Блэйкд ч сайнаар нөлөөлөөгүй, нэгэндээ хар бараан дурсамж л болж үлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, “Би өөрөөрөө дахиж тоглож чадахгүй нь” хэмээн өөрийгөө дахин хуурахгүй, хосын харилцаанаас болж өөрийгөө золиослохгүй гэж өөртөө амласан. 

“Бидний хамгийн их догдолж, хайрандаа мансуурч явсан үед л

Бидэнд бүх зүйл зөв мэт санагдаж байсан ч эндүүрэл байв” хэмээн харилцааныхаа аз жаргалтай, хайрандаа шатаж явсан үеэ дурсана. Гэвч хортой харилцаа дуусашгүй үргэлжилсээр, нэгнийгээ тавьж явуулахгүй, эргэж буцсаар байдаг шалтгаан бол хэсэгхэн зуур үргэлжилсэн сайхан дурсамжууддаа л хорогдож, бүх муу муухай талыг нь үл тоох байдал билээ. Харин “Тэр намайг орхимогц, түүнтэй зэрэгцэн нар ч бас жаргана” гэх мөр энгийн мэт боловч Эмигийн хувьд Блэйк амьдралынх нь гэрэл гэгээ мэт байсан гэдгийг илэрхийлэх гунигтай дүрслэл. Блэйк өөрийг нь орхих мөчид Эмигийн амьдрал бүрэнхийлж буйг илтгэх энэ мөр “Back To Black” цомгийн нэртэй ч утга дүйнэ. Чамирхаж, уянгалаагүй “Тэнэг эрчүүдээс болж дахин амьдралаа сүйрүүлэхгүй” гэсэн мөр өөрийгөө шархлуулсаар ирсэн буруу сонголтуудаа хүлээн зөвшөөрч, өөртөө шударга хандаж эхэлснийх нь илрэл болно. Товчхондоо, “Tears Dry on Their Own” бол эдгэрлийг эрж, зовлонгоо гэтэлж буй тухай дуу бөгөөд цомгийн нэгэн тод шигтгээ мөн. 

Back To Black цомог Их Британийн болон АНУ-ын хөгжмийн жагсаалтуудыг чамгүй удаан хугацаанд тэргүүлж, дэлхий даяар 20 гаруй сая хувь борлогдсон бөгөөд XXI зууны хамгийн шилдэг 100 цомгийн нэг болсон юм. 2008 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос Эми жилийн шилдэг шинэ уран бүтээлч, шилдэг поп эмэгтэй дуучин, оны шилдэг цомог, оны шилдэг дуу /’’Rehab’’/, оны шилдэг дуу бичлэг гэсэн таван төрөлд ялалт байгуулсан нь түүхэн амжилт байв. 

“Энэ цомгийг бичсэн цаг хугацаа бол миний аврал эрж, өөрөө өөрийгөө аврахаар мэрийж байсан үе. Дуулж байхдаа л би хамгийн үнэнээрээ байж чаддаг юм шиг санагддаг.”

Эми Уайнхаус

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Урт чацтай хотод зорчсон тэмдэглэл: Нью-Йорк юунд тэгтлээ яарнам

Урт чацтай хотод зорчсон тэмдэглэл: Нью-Йорк юунд тэгтлээ яарнам

Л.Түдэв гуайн 1987 онд бичсэн “Нью-Йорк. Урт чацтай хот’’ нийтлэлийг эрэл сурал болон олж, шимтэн уншсанаас гурван сарын дараа дэлхийн нийслэл гэгддэг хотыг өөрийн нүдээр тольдох хувь тохиосон билээ. “Их хотын секс” /Sex and the City/ киноноос эчнээ мэдэх энэ хотын амин сүнс нь чухам юу болохыг мэдэх хүслээ өвөртлөн, жил

Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Өнөөдөр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж эхэлжээ. “The New York Times” сонины нийтлэлч Бенжамин Муллин болон Кэти Робертсон нарын сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюуны нөлөөллийг шинжилсэн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.