Алдар нэр, ганган чамин, сүрдэж бахдам зүйлс үргэлж харагдаж байгаа шигээ сайхан байдаггүйн тод илэрхийлэл бол 2010 онд гарсан дэлхийн шилдэг 100 цомгийн нэг болох реппер Канье Уэстийн “My Beautiful Dark Twisted Fantasy” /MBDTF/ билээ. Гарсан даруйдаа хөгжмийн чартуудад толгой цохиж, 2012 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг реп цомог” шагналыг аваад зогсохгүй поп соёлын урсгалд ч томоохон нөлөө үзүүлсэн билээ. Хүч чадал, гэмшил хоёр чухам хаана огтлолцдогийг эл цомог өгүүлнэ.
Канье Уэстийн карьерийн оргил үе
‘’MBDTF’’ цомог цацагдсан эхний долоо хоногтоо 496 мянган хувь борлогдож, Billboard 200 чартын нэгдүгээр байранд орсон. Pitchfork, Rolling Stone, Billboard зэрэг алдартай хэвлэлүүд үүнийг 2010-аад оны хамгийн шилдэг хип хоп цомог хэмээн нэрлэж байв.

2009 онд Канье Уэст VMA шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тейлор Свифтийг тайзан дээр үг хэлж байхад нь яриаг нь тасалж, Бейонсег өмөөрснөөрөө олон нийтээс багагүй шүүмжлэл хүртэж байсан. Тэрээр маш их стресс, сэтгэл гутралд орж, хэсэг хугацаанд урлагийн ертөнцөөс бүр мөсөн гарах тухай хүртэл бодож байв. Харин 2010 онд цомгоо гаргаснаар алдар хүндээ эргүүлэн сэргээж, хөгжмийн замналынхаа хамгийн оргил үед ирсэн гэж хэлж болно.

Хамгийн шилдэг реп цомгуудын нэг бүтсэн түүх
2009 онд VMA шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан асуудлынхаа дараа Канье шинэ цомгоо бүтээхээр Хонолулу дахь Avex дуу бичлэгийн студид хэдэн сарын турш олны нүднээс бүгсэн гэдэг. Өдөрт дор хаяж 12 цагийг студи дээрээ өнгөрүүлж, Рианна, Ники Минаж, Жей Зи нараас эхлээд алдартай уран бүтээлчид, продюссеруудтай хамтран ажилласан юм. Цомгийг бүтээхэд нийт 3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд MBDTF нь реп жанрын цомгуудаас хамгийн өндөр өртгөөр бүтсэн цомог юм. Цомогт багтсан дуунууд бүгд симфони, рок, хип-хоп, электроник хөгжмийн хэмнэл зохицлыг гайхалтайгаар хоршуулсан гэдгээрээ онцлог.

Цомгийн нэгэн тод шигтгээ нь “Devil in a New Dress” дуу мөнөөсөө мөн. Дууны нэр цомгийн гол санааг нэг өгүүлбэрт багтаасан мэт. Шинэ даашинзтай чөтгөр бол муу хүний бус хүсэл тачаал, алдар нэр, гоо сайхан, эрх мэдлийн өмнө хүчин мөхөсдөж, өөрийгөө аажмаар алдаж эхэлж буй нэгний дүр юм. Чөтгөрийн шинэ даашинзтай төрх бол алдар нэрийн гаднах гял цал, төгс харагдах үзэмж. Канье түүний гоо сайханд тататгдаж, магтан хүсэмжлэхийн зэрэгцээ өөрийгөө зэмлэнэ. Тэр өөрийгөө зөвтгөхгүй, зэмлэсэн ч шууд буруутгахгүйгээр зүгээр л үнэнээ өчнө. Дахилт хэсэгт буй “Гараа од эрхэс өөд сунга, чиний гоо үзэсгэлэн өөрөө нүгэл мэт. Чи бол миний доторх хамгийн хүчтэй мэдрэмж” гэх мөрөөр гоо сайхныг тахин шүтэх нь өөрөө нүгэл боловч тэр таталцлаас зугтаж чадахгүй байгаагаа хэлдэг. Оргил өөд, од эрхэс рүү тэмүүлж буй нь нүгэл мэт хэт их шунал хүслийг илтгэнэ. Харин дууны хоёрдугаар бадгаас эхлэх Рик Россын хэсэг гэмшил, эргэлзээгүй “эго”-г төлөөлнө. Рик Росс баян тансаг, эрх мэдэлтэй, хүч чадалтай байх нь огтхон ч асуудал биш гэдгийг эргэлзээгүй дуулж буй нь Каньегийн дотоод зөрчил, сэтгэл зүй, ёс суртахууны заагт орших эсрэгцлийг илэрхийлж буй.
“Devil in a New Dress” дууны утга, өгүүлэмжээс гадна хөгжмийн найруулга шийдэл нь тун чамин. Тус дууны аялгуунд 1960-аад оны soul жанрын томоохон төлөөлөл, дуучин Смоки Робинсоны “Will you love me tomorrow” дууны амьд тоглолтын хэсгээс сэмпл хийж ашигласан. Энэ дуунд хосын харилцааны асуудлууд, эмзэглэл, итгэлцлийн талаар өгүүлдэг бөгөөд удаан, зөөлөн хэмнэл нь “Devil in a New Dress”-тэй төгс зохицсон юм.
Цомогт багтсан дуунуудаас ‘’Runaway’-г онцлохгүй байх аргагүй билээ. Төгөлдөр хуурын цөөн хэдэн эгшиг нотыг нийлүүлсэн ая, өгүүлэмж зэрэг нь өнөө хэр сонсогчдын дунд алдартай хэвээр. Дуунд Канье алдаа дутагдлаа ухамсарлаж, өөрийгөө төгс биш асуудалтай хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдар нэрд хүрсэн ч дотоод ертөнцдөө өөртэйгөө, ганцаардалтайгаа хэрхэн зөрчилдөж байгаа талаар өгүүлдэг.

Энэ дуугаараа нэрлэсэн 35 минутын турш үргэлжилдэг клипийг Канье өөрөө найруулж, гол дүрд нь өөрөө тоглосон бөгөөд цомогт багтсан бүх дууг тус бүрд нь утгачлан дүрсэлсэн байдаг. Клипэнд Канье финикс буюу галт шувуутай хайр сэтгэлийн холбоотой болж буйгаар дүрсэлдэг. Гэвч хүмүүсийн нийгэм галт шувууг хүлээн зөвшөөрөөгүй тул шувуу эцэст нь нисэж оддог. Энэ нь Каньегийн өөртэйгөө зөрчилдөж, аажим аажмаар нийгмээс тусгаарлагдаж буй байдлыг илэрхийлдэг.

Канье энэхүү бүтээлээрээ өөрийн алдаа дутагдал, алдар нэрийн сүүдэрт талыг харуулахыг зорьсон. Алдар нэртэй байх нь түүнд маш их зүйлийг өгсөн ч үүнтэй зэрэгцэн олон нийтээс ирэх дарамт, шүүмжлэл дагуулж байгааг онцолдог. Үүгээр зогсохгүй Gorgeous дуунд гардаг “Face it, Jerome get more time than Brandon” гэх мөрөөр Америкийн нийгэм дэх арьс өнгөний асуудал, цагаан арьстай хүмүүсийн давамгайлал, хөгжмийн салбарт өнгөт арьстнуудыг дутуу үнэлдэг талаар шүүмжилсэн.
Цомгийн ковер зураг юуг илэрхийлэв?
Цомгийн ковер зургийг уран бүтээлч Жорж Кондо бүтээсэн бөгөөд анх таван өөр хувилбар зурж, тэр дундаас сонгосон байдаг. Ковер зургийн дүрслэлийн хэв маягийн хувьд сюрреализм буюу жинхэнэ болон хийсвэр байдлын ялгааг дүрсэлсэн нь хүний дотоод зөрчлийг илтгэх бөгөөд хурц тод өнгийн нүд булаам хэр нь, хачирхалтай, эвгүйцэм харагдах дүрсүүд нь алдар нэртэй байхын давуу ба сул тал, ганцаардлыг илэрхийлдэг. Цомгийн нэр “My Beautiful Dark Twisted Fantasy” нь өөрөө гоо сайхан ба харанхуй гэсэн эсрэгцсэн утгатай тул ковер зургаараа цомгийн дуунуудын утга санааг харуулахыг зорьсон. Сонгогдсон зураг нь хэтэрхий ил задгай дүрслэлтэй байсан тул бүдгэрүүлж /cencored/ өөрчилсөн.

Нийт 68 минут үргэлжлэх 13 дуунаас бүрдсэн энэхүү цомог тухайн цаг үед хэвшиж тогтсон хип-хоп урсгалын дуунуудад шинэ босго тавьж, 15 жилийн дараа ч шилдэг реп цомог гэсэн байр сууриа хадгалж, сонсогчдын хайр хүндлэлийг хүлээсэн бүтээл хэвээр байна.

