“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна.
Ажлын талбарт гарахын өмнө яг өөртөө тохирсон мэргэжлээ сонгож, олж авах нь их чухал. Дуртай зүйлээ оролдож, чаддаг ажлаа хийхэд амьдрал утга учиртай байдаг. Ингээд жинхэнэ өөрийн мэргэжлээ олоход туслах таван номыг танилцуулж байна.
“What Do You Really Want? How to Set a Goal and Go for It!” Бэтчел Беверли

Энэ номыг ирээдүйн талаар бодож байгаа ч юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа өсвөр насныханд зориулсан. Гэхдээ насанд хүрэгчид, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар уншсан ч хэрэгтэй, сонирхолтой ном. Зохиолч тун энгийн хэл, үгээр зорилго тавих, зорилгоо биелүүлэх гэж юу болохыг тайлбарлаж өгнө. Яагаад зорилготой байх ёстой вэ? Зорилгогүй хүн ажилдаа төрөлдөө амжилт олж, ажлаасаа таашаал авах боломжгүй. Өсвөр насныхан өөрийн хүсэл мөрөөдлөө, аав ээж, гэр бүлийнхний хүлээлттэй холиод, солиод байдаг. Зарим нь бүр тодорхой зорилгогүй урсгалаараа явах нь ч бий. Тэгвэл энэ ном танд хүчтэй болон сул талаа олж, яг юу хүсээд байгаагаа тогтоож, үнэхээр ажиллах, хөгжих хүсэлтэй байгаа салбараа сонгоход тань туслах юм. Хүүхэд залуус өөртөө итгэлтэй болж, Ийм ном бидний залууд гарсан бол сайхан сан гэж олон эцэг эхчүүд харамсаж явдаг бүтээл.
“Seeing Digital: A Visual Guide to the Industries, Organizations, and Careers” Дэвид Мошелла

Дэвид Мошелла бол цахим бизнесийн салбарт алдартай шинжээч, мэргэжилтэн. Тэрээр энэ номдоо ирээдүйн мэргэжлийн тухай, ойрын үед дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх талаар өгүүлжээ. Энэ номыг уншсанаар залуус ойрын 10-20 жилд ямар мэргэжил хэрэгцээтэй болох, тэдгээр мэргэжлийг эзэмшихийн тулд ямар чадвар эзэмших шаардлагатай вэ гэдгийг олж мэднэ. Энэ мэдлэгээ ашиглаад та их, дээд сургууль, эсвэл мэргэжлээ сонгож чадна. Ирээдүй тодорхой бус байхад сэтгэл түгшүүртэй. Харин таныг дэлхийд алдартай мэргэжилтэн ирээдүйн ертөнцөд хөтлөн оруулах гэж байна. Хэний ч мэдэхгүй байгаа хүнд хэцүү асуултуудын хариуг тэрээр зураг, схем ашиглан, ойлгомжтойгоор тайлбарлах болно.
“What Color Is Your Parachute?” Ричард Боллс

Ажил хайх тухай номуудаас хамгийн олон хувь зарагдсан ном. Энэхүү алдарт бестселлерийг бичсэн зохиолч нь санваартан асан гээд бодохоор гайхалтай. Энэ ном Time сэтгүүлийн “Шинжлэх ухааны сэдэвтэй шилдэг 100 ном”-нд багтаж, дэлхийн хорь гаруй хэл дээр орчуулагджээ. Яагаад ингэж уншигчдын сэтгэлийг татсан нууц нь зохиолч Боллс бидний ажлын амжилт, замнал, алдар нэрийн талаарх тогтсон ойлголтыг бүр мөсөн өөрчилж байгаад оршино. Тэрээр маш олон хөнгөхөн жишээ авч, тун оновчтой заавар, тайлбар өгнө. Номоо уншиж дуусаад та хаана, яаж ажил хайхаа мэддэг болчихсон, мөрөөдлийн мэргэжлээ хэрхэн сонгох, өөрийнхөө хүчтэй, сул талыг тодруулж, хөдөлмөрийн зах зээлд биеэ аваад явж чаддаг болчихсон байх юм. Маш олон удаа хэвлэгдэж, шинэ мэдээлэл нэмэгдсэн тул хамгийн сүүлийн хувилбарыг сонгож унахыг зөвлөж байна.
“Roadmap: The Get-It-Together Guide for Figuring Out What To Do with Your Life Paperback” Брайан МакАлистер

Хүссэн зүйлээ гартаа оруулахын тулд тодорхой төлөвлөгөө хэрэгтэй. Энэ номыг зохиогчид дэлхийн бүх өнцөг булан бүрд очиж, амжилтад хүрсэн, сонирхолтой хүмүүстэй уулзсан юм. Энэ уулзалтын үр дүнгээ нэгтгээд тэд өөрийгөө хэрхэн тодорхойлох хэд хэдэн арга, зарчим боловсруулсан байна. Мөн дээрх эрхмүүдийн амьдралын түүх нь мянга мянган хүний хувьд сурах бичиг л гэсэн үг. Их мөнгө олж, хангалуун амьдрахын тулд заавал хуульч, эдийн засагч байх шаардлагагүй юм байна. Харин хайртай мэргэжил, тохирсон ажлаа хийх нь амжилтад хүрэх түлхүүр юм байна гэдгийг ойлгоно. Харин энэ түлхүүрээ хэрхэн олохыг энэ ном зааж өгөх болно. Магадгүй та ажил, мэргэжлийн талаар огт өөр бодолтой болоод сэрэх юм. Хүүхэд залууст ажил, мэргэжлээ сонгох, харин насанд хүрэгчдэд амьдралын утга учраа хаана хайх, хэрхэн олохыг заасан бүтээл.
“Wishcraft: How to Get What You Really Want” Барбара Шер

Мөрөөдлийнхөө амьдралыг бүтээхийн тулд заавал том их сургууль төгсөж, бясалгал, тусгай хичээл, сургалтад хамрагдах албагүй. Танд хэрэгтэй зүйл бол ердөө асуудлыг шийдэх практик арга барил, төсөл, төлөвлөгөө боловсруулах ур чадвар, дээр нь хэрэгтэй мэдээлэл олох мэдлэг байхад л болно. Яг энэ аргыг танд Барбара Шерийн алдартай ном зааж өгнө. Барбара Шер бүтэн гучин жилийн турш хүмүүст мөрөөдөл, хүслээ тодорхой үр дүнд хэрхэн хувиргахыг зааж өгсөн билээ.


