UBLife Logo
Longreads
Урлагийн бүтээлийг ёс суртахууны үүднээс үнэлэх нь | "Лолита"

Урлагийн бүтээлийг ёс суртахууны үүднээс үнэлэх нь | "Лолита"

“Би түүндээ хайртай байв. Энэ бол анхны харцаар, үүрд мөнхийн харцаар дурласан хайр байлаа. Амьдралын минь гэрэл гэгээ. Миний гал цог, миний нүгэл хилэнц, миний амин сүнс. Лолита.”

Тэртээх 1955 онд хэвлэгдсэн “Лолита” романыг хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл элдвээр шүүмжилж, эгдүүцэж, садар самууныг сурталчилсан гэж цэрвэж, гаж өгүүлэмжтэй хэмээн өөлж ирсэн ч хагас зууны турш шимтэн уншсаар байгаа билээ.

Оросын зохиолч, сэтгэгч Л.Н Толстой “Урлаг гэж юу вэ” зохиолдоо “Сайн урлаг гэдэг бол сэтгэл мэдрэмжийг сайн дамжуулагч юм” гэж дурдсан нь бий. Түүний үзлээр бол ямарваа нэг зохиол бүтээлийг уншмагц тухайн зохиол дахь дүрслэл уншигчийн толгойд бууж, дүрийн сэтгэл хөдлөлийг өөрийн оюун бодолдоо мэдэрч байвал тухайн бүтээл сайн болсон гэсэн үг ажээ. Тэгвэл ёс суртахууны талаас нь авч үзвэл хичнээн дээр дурдсан шиг сайн бичигдсэн зохиол авч хүний ёсонд нийцэмгүй, жигшүүрт зүйлийн тухай өгүүлэх зохиол сайн урлагийн бүтээл болж, хүнд гоо зүй, урлагийн сайхан мэдрэмж, таашаал төрүүлж чадах эсэхийг Оросын зохиолч Владмир Набоковийн “Лолита” романыг шинжлэн эргэцүүлье.

Би бээр энэ романыг юу өгүүлдэг ямар зохиол эсэхийг нь ч мэдэхгүйгээр өнгөлөг гоёмсог хавтсанд нь татагдан өсвөр насны охин байхдаа уншиж байсан юм. Намайг уншиж байхад мэл гайхшруулсан зүйл бол Набоковийн бичлэгийн хэв маяг болон үгийн сонголт байв. Номын монгол орчуулгад Лолитаг “залуу охин” гэж бичсэн байдаг бол Англи бичвэрт ‘’nymphet’’ буюу орчуулвал дур булаам, тачаангуй, бие сэтгэхүй бүрэн боловсорсон жаахан охин гэсэн утгатай үгээр илэрхийлсэн байгаа юм. Зохиолд Хумберт гэх би баатар 37 настай эр 12 настай Долорес Гейз охиныг жаахан охин биш шууд том бүсгүй аятай харж, дээр дурдсан үгээр нэрийдэж байна гэдэг жигтэй хийээд гаж дүрслэл. Хумберт жаахан охиноос “нимфет” олж харж, гоо үзэсгэлэнд нь тэчьяадахын тулд галзуу хүн байгаад зогсохгүй уран дүрслэлийн мастер байх ёстой гэж хэлдэг. Хамгийн цочирдмоор нь их сургуулийн профессор, оюун санааны хувьд соён гэгээрсэн, эртний уран зохиол заадаг тул гоо зүйн өндөр мэдрэмжтэй баймаар хижээл насны эр Долорест самууртлаа татагдаж буй явдал юм. 

Slate сэтгүүлийн шүүмжлэгч Стифен Мэткалф нийтлэлдээ “Байдаг л нэг бузар булай эротик урлагийн бүтээл соён гэгээрсэн, урлагийн мэдлэгтэй уншигчаас хурьцал үйлдсэний цаана нь ямар үзэсгэлэн гоо оршиж байгааг олж харахыг шаарддаг бол Лолита гоо сайхан дүрслэлийнх нь цаана ямар цочирдом самуун зүйл байгааг харахыг шаарддаг” гэж бичсэн байна. Үүнийг гоо зүйн шинжлэх ухаан дахь ёс суртахууны онолтой холбон авч үзвэл автономизмийн онолд “зарим урлагийн бүтээл ёс суртахууны хувьд жигшин зэвүүцмээр ч маш сайн бүтээл байдаг тул ёс суртахуун нь гоо зүйд хамааралгүй” гэж дүгнэдэг.  Сайн бүтээл гэж буйн шалтгаан нь Набоков 12 настай нэг ч Америк охин таньдаггүй байсан тул 12-17 насны охидын өндөр жинг харьцуулсан хүснэгт гаргаж, өсвөр насныханд зориулсан сэтгүүл захиалж уншиж эрчимтэй судалгаа хийсэн нь Долоресийн дүр хийгээд бүхэлдээ 1950-иад оны Америкийг маш тод томруун харуулсан бүтээл туурвихад нөлөө үзүүлсэн билээ. Дүрийг төгс дүрслэн бичихэд зохиолчийн уран санаа гэгч маш чухал хэмээн Ш.Гаадамба “Утга зохиолын онолын үндэс” номондоо тэмдэглэсэн нь бий. Уран санаа гэж чухамдаа зохиолч бүтээлдээ илэрхийлэх гэсэн утга санаа, үзэл санаагаа хурц тодоор гаргаж чадах үнэн байдал, хүний аж төрөл, харилцаа холбоог санаанаасаа туурвихыг хэлэх ба энэ нь үнэн байдалд ажиглаж мэдсэн зүйлээсээ ургуулан тусгасан нөхцөлд л уншигч олонд үнэмшилтэй бөгөөд уран яруугаар хүрч чадахыг хэлж байгаа юм. Гэвч Лолитагаас эхлээд зарим зохиолд учир зүйн үүднээс ч, ёс суртахууны үүднээс ч байж болшгүй явдлыг санаанаасаа зохиож дүрслэх буюу өгүүлэн зохион бичээд түүгээрээ гүн утга санааг илэрхийлж, эсвэл хүмүүст ухаарал жигшүүрийн аль нэгийг мэдрүүлдэг зохиолууд цөөнгүй. Бичигдсэн өгүүлэн буй зүйлс үнэн эсвэл заавал хүний ёсонд нийцсэн байх эсэхт бус, зохиолч өөрөө үзэж туулсан амьдралаа хүүрнэж байгаа мэтээр хүнийг үнэмшүүлж, сэтгэл санаанд нь хүртэл нөлөөлөхөөр дүрслэн бичих бол мөн л зохиолчийн суу билэгтэй холбоотой биз ээ. 

Лолита сайн бүтээл үү гэдэгт хүн бүр харилцан адилгүй хандах нь дамжиггүй. Нэг хэсэг нь хэдий агуулга нь ёс суртахуунгүй, хүний ёсонд нийцэмгүй ч Набоковийг гоо сайхан агаад уншихад таатай хэв маягаар онц сонирхолтойгоор сайн дүрсэлж бичсэн тул уншихад гоо зүйн мэдрэмж, таашаал төрүүлж чадах тул гоо зүйн үүднээс сайн бүтээл гэж сайшаан шагширна. Харин зарим нь  байж боломгүй гаж өгүүлэмжтэй тул угаас ухамсар дорой гэмт хэрэгтнүүдэд бага залуу охидыг хүчирхийлэх, сонирхох сэдэл төрүүлнэ гэж Толстойн хэлдэгээр “урлаг бол нэгний оюун санааг нөгөөд дамжуулан халдварладаг зүйл” гэдэгтэй адил, морализмийн онолчидтой ижил байр сууринд бат зогсож Лолитаг жигшүүрт зүйл хэмээдэг. 

Набоков өөрийгөө амьдарч байгаа цаг үеэ цаасан дээр мөнхлөх гэж эсвэл бусдад ухаарал тайтгарал өгч хорвоо ертөнцийг засч янзлах гэж ч биш харин өөрийн ухаандаа бүтээсэн төсөөллөөрөө шинэ ертөнцийг зохиолдоо бүтээх гэж бүтээл туурвидаг хэмээж байв. Тэрээр зохиолоо маш нарийн гоёмсог бичсэн ч цаад мөн чанар, агуулга нь үнэмшихийн аргагүй уран санаагаар тодорхойлогдсон тул түүнээс ухаарал хайх нь тийм ч оновчтой биш. Уншигч бид ариун библи эсвэл коран судар биш уран сайхны зохиомол үйл явдлыг дүрсэлсэн бүтээлийг өөрийн хүслээр дурандаа уншиж байгаагаа мартаж болохгүй. Лолитагийн төгсгөлд Набоков дүгнэн хэлэхдээ  “Юу ч олж сураагүй болохоор Лолитаг утгагүй гэх зөөлөн сэтгэлтнүүд бий. Би бол сургамжтай зохиолын уншигч ч биш, зохиолч ч бус. Лолита араасаа ямар ч ёс суртахуун дагуулаагүй. Миний хувьд утга зохиол шулуухан хэлэхэд зөвхөн гоо зүйн таашаал олгодог хэвийн үзэгдэл байх, бусад ахуйтай хаа нэгтээ, ямар нэгэн байдлаар холбогдсон тийм мэдрэмж өгөх гэж оршдог. Ийм ном олон биш билээ” хэмээсэн нь урлаг заавал аливаа зорилготой байх гэсэн үзлийг эрс няцааж буй. Угаас орчлон хорвоод оршин буй бүхий л зүйлийг хүн бүр өөрөөр мэдрэн хүлээж авдаг шиг урлагийн бүтээлийг  ч бас огт мөн чанарыг нь сонирхоогүй, ямар нэг зүйл өөртөө авч үлдэх гэсэн ашиг харсан зарчмаас хол, зөвхөн гоо сайхныг нь анзааран таашааж чадах эсэх нь мөн л хэн, ямар нөхцөлд, хэрхэн мэдрэхээс шалтгаалаад тэнгэр газар шиг л ялгаатай байна. Хүмүүсийн юманд ханддаг өдөр тутмын хандлага бол “энэ юм надад ямар ашигтай байна, ямар хортой байна” гэж л авч үздэг. Харин гоо сайхны хандлага нь ийм шинжгүй байдаг гол онцлог нь байдаг.

Зохиолын төгсгөлд Хумбэрт Долоресийн хүүхэд насыг хулгайлснаа ухаарч, гэмээ наминчилж буй хэсгээс гэнэн уншигчид ёс суртахуун олох гэж хичээх нь бий. Лолитаг уншсан хүмүүс сайн бүтээл гэдэг утгаар зөвтгөн сайшаахаас илүү буруутган жигшсэн байх нь элбэг. Үүнийг ажвал урлаг заавал ёс суртахуунтай, мэдлэг ухаарал өгөх, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй гэж нийтийн тархинд суусан хэвшмэл ойлголт бололтой. Уншсан номоосоо соён гэгээрэл хайгаад сурчихсан, заавал тэгэх ёстой мэтээр бодож санадаг бид ердөө л хүлээн зөвшөөрөгдсөн, байдаг л хэвийн үзэл баримтлалд дассан сэрэл мэдрэмжээ жаахан сэргээхэд болох юм. Угтаа бол амьдралд ямар ч юмнаас цаад учрыг нь эрж хайх гэж ухаан уралдуулж өөрийгөө зовоохын хэрэг юу билээ. Хүмүүс бэлгийн харилцаа, аллага, тодорхой ямар нэг нийгэмд ил байдаггүй зан үйлүүдийг тусгасан бүтээлүүдийг ёс суртахуунгүй бүтээл гэж биш зүгээр дургүйцэл зэвүүцлээ ч илэрхийлдэг байж болох юм. Лолитад гэхэд 37 настай их сургуулийн багш 12 настай охинтой хурьцаж байгаа нь бидний олонхийн хувьд хүний ёсонд байж болшгүй гажуудал, буруу зүйл байж болох ч энд “буруу” гэдэг нь зүгээр л уншихад тааламжгүй эсвэл нийгмийн хүлээлт, хэм хэмжээ, дүрмийг зөрчсөн гэсэн үг юм. Нэмж дурдахад, хэм хэмжээг зөрчиж байж шинэ зүйлс бий болж дахин хэм хэмжээг шинээр тогтоодог нь жам ёсны зүйл билээ. “Буруу” гэдэг нь “ёс суртахууны хувьд буруу” гэсэн ойлголтоос илүү өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр юу бурууг хууль цааз цаанаас нь тогтоочихдог бол юуг ёс суртахууны үүднээс буруу вэ гэдгийг хүн өөрөө л дүгнэж цэгнэнэ. 

Лолитад өгүүлсэн бүхэн ёс суртахууны хувьд алдаагүй юу гэвэл үгүй. Хэдий тийм ч гоо зүйн хувьд Лолита өөрийн зорьсон зорилтдоо хүрч чадсан юм. Тэрхүү сайхан бичсэн дүрслэл, яруу тансаг үг зэргийг нь мэдэрч гоо зүйн туршлага хуримтлуулж, гоо сайхныг нь мэдэрч чадвал энэ л маргаангүй урлагийн зорилго болно. Харин эл номыг уншаад өсвөр насны охинтой хурьцахад ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч үзэхийг хүссэн гаж балмад этгээдүүд байхыг ч мөн үгүйсгэхгүй. Өнөөг хүртэл урлаг уран зохиол дахь ёс суртахууны асуудал хүмүүсийн дунд маргаантай байсаар ирсэн боловч “ёс суртахуунгүй” гэгддэг атлаа сайн бүтээл гэж шагшин магтуулсан суут бүтээлүүд хүмүүст амьдрал дээр байдаг эсэхийг нь ч мэддэггүй, сонсож ч байгаагүй зүйлсийг нь өгүүлснээрээ уншигч олны мэлмийг нээж, гайхшруулж  цаг үедээ шинэ нээлт тэсрэлтийг хийдэгийн дээр хүн төрөлхтөнд мөнхийн эргэлзээ, мэтгэлцэх сэдэв болж үлддэг. Ганган ягаан хавтастай, хоёр хуруу зузаан, гурван зуун хуудастай энэ номноос би ямар нэг утга учир эрэх гэсэнгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Өнөөдөр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж эхэлжээ. “The New York Times” сонины нийтлэлч Бенжамин Муллин болон Кэти Робертсон нарын сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюуны нөлөөллийг шинжилсэн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Vogue | Орчин үед найз залуутай байх нь ичмээр зүйл болсон уу?

Vogue | Орчин үед найз залуутай байх нь ичмээр зүйл болсон уу?

Мягмар гарагт Vogue сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэл шуугиан тарьж, цахим орчинд маргаан мэтгэлцээн ч эхлүүлээд амжлаа. Найз залуутай байна гэдэг ичмээр үзэгдэл болсон эсэхийг эмэгтэйчүүд хоорондоо хэлэлцэж, энэ нь цаашлаад уламжлалт хосын харилцааны ойлголтын зөв бурууг дэнслэх хүртэл гүнзгийрсэн юм. Vogue сэтгүүлийн нийтлэлч Шанте Жосефийн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Хонг Конгийн шинэ давалгаа буюу Вонг Кар Вайн "Хайрын араншин"

Хонг Конгийн шинэ давалгаа буюу Вонг Кар Вайн "Хайрын араншин"

“Хайрын араншин” кино бол шинэ давалгааны үед төрсөн бүтээлүүд дундаас уран сайхан, гоо зүйн оргил төдийгүй, цаг хугацаа, хайр дурлал, хүний сэтгэлийн нарийн мэдрэмж, ганцаардлын тухай бүх нийтийн дунд хэвшин тогтсон ойлголтыг шинэчлэн тайлбарласан суут бүтээлүүдийн нэг мөн.