UBLife Logo
Нийгэм

Эрүүл мэндийн салбар “эмгэгтэй” байна

Эрүүл мэндийн салбар “эмгэгтэй” байна

Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болох гэж байна.

“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. МУБИС-ийн оюутан Б.Нарантуулын “Эрүүл мэндийн салбар “эмгэгтэй“ байна” нийтлэлийг хүргэе.


Монгол хүн эрүүл байж Монгол Улс оршин тогтоно. Монгол хүний эрүүл мэнд үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Тиймээс улс орны хамгийн чухал салбаруудын нэг бол яахын аргагүй эрүүл мэндийн салбар. Тэгвэл манай улсын энэ салбар асуудал тарьсаар, асуудлаа дайрсаар, дайрч гарсаар өдийг хүрчээ. Үүний тухай баримтыг бичье. Тухай үед эмчид итгэж, тэнгэрт залбирч эмнэлгийн үүд сахиж суусан эгэл жирийн малчин залуугийн гэр бүлд яг юу тохиолдов?

Баримт 1:

2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын малчин айлын зургаан настай хүү хэвлий болон аюулхай хэсгээр хүчтэй базалж өвдөн сумын эмнэлэгт ирэхэд, тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан залуу сувилагч эмэгтэй "Гэдэс өвдөж халуурдаг ханиад их гарч байгаа. Танай хүүхдийнх бас л тийм ханиад байна. Биеийн байдал хэвийн, санаа зоволтгүй, түүхий ус ууж болохгүй шүү” гэж хэлээд өвчин намдаах эм, ханиадны эмтэй хамт бичиж өгөөд явуулжээ. Сувилагчийн хэлсэн оношинд итгэж, бичиж өгсөн эмийг аваад уусан ч өвдөлт нь намдалгүй дотор нь муухайрч, бөөлжиж шөнийг арай ядан давжээ.

Маргааш өглөө дахин эмнэлэгт очиж сумын их эмчид үзүүлтэл "мухар олгойн үрэвсэл" гэсэн оношийг тавьж, өвчин намдаах дусал хийн яаралтай аймгийн төв эмнэлэг рүү сумын түргэний машинтай хүргэв. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч үзлэг хийж хэвлийн рентген зургийг авч "мухар олгой үрэвсэж хэвлий дотор хагарч, хэвлийн ханыг үрэвсүүлсэн, их удаан шархтай явсан байна" яаралтай мэс засал хийх шаардлагатай, цаг алдвал амь насанд халтай хэмээн хэлжээ.

Маш яаралтайгаар хагалгаанд орж, хэвлийн хана үрэвсэж бусад дотор эрхтэн шархалж дотуур цус алдсан байсан учир хагалгаа дөрвөн цаг үргэлжилжээ. Сумын сувилагчийн худал оношинд итгэж тоохгүй өнгөрүүлж, цаг алдсанаас болж өнөөдөр бид хүүгээ алдах шахлаа гэж хэлэх эцэг, эх юу бодож суусан бол?

Сумын эмнэлгийн сувилагч өвчтөний оношийг гаргаж, дур мэдэн эм бичиж өгөх нь зөв үү? Угтаа бол мэргэжлийн их эмч үзлэг хийж эмчилгээ бичиж өгөх ёстой атал тус сумын их эмчийн үүргийг энгийн сувилагч гүйцэтгэж байна. Мэргэжлийн алдаа гаргасан сувилагчийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн байдаг.

Энэ тухай хүүгийн аав Б.Сугар “Хэлдэг газарт нь хэлж гомдол гаргасан ч гэсэн лам бөө хэл ам, хэрүүл тэмцэл хэрэггүй, гэснээр бид хүлцэж өнгөрсөн. Хэрүүл хийж явсан ч ядруухан малчин намайг тоох хүн байхгүй биз. Эмч нар нэгнийгээ хаацайлан өмөөрч, хир халдаадаггүй юм билээ” хэмээн ярьсан юм.

Мэргэжил нэгт тэд нэгнээ өмөөрч, эмчийн алдар хүндээр халхавч хийсээр. Энэ мэтчилэн хөдөөгийн алслагдсан буйдхан сумын төвд соёлын өвөө тээн мал сүргээ адгуулан буй малчдыг, эрүүл мэндийн энхийн манаанд гарч буй зарим цагаан халаадтай эмч нар “цаазалсаар” байх уу? Стандартад нийцсэн эрүүл мэндийн төв, чадварлаг боловсон хүчнээр одоог хүртэл бүрэн хангагдаагүй байгаа нь хэний буруу вэ? Хамгийн чухал салбартаа улсын төсвөөс мөнгөн хөрөнгө тавихгүй эхдээ гологдсон ишиг шиг эрүүл мэндийн салбарыг гээж орхисоор байх уу?

2020 онд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газарт гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс төвлөрүүлсэн. Энэ мөнгө юунд зарцуулагдав. Ядаж сумдынхаа эмнэлгийг чадварлаг боловсон хүчнээр хангах наад захын ажил хийгдээгүй байна. Манай эмч нарын онош өөр хоорондоо зөрж гардаг. Үүнийгээ тоног төхөөрөмж рүү чихдэг асуудал одоо ч хэвээрээ байна.

Баримт 2:

2021 оны зургаадугаар сар. 50 настай эрэгтэй хөл гар нь мэдээ алдаж, бадайрч өвдөн хурдан алхаж ч чадахгүй болж, нуруу, хүзүү, цээжээр хатгуулан өвдөж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хандан үзүүлж шаардлагатай зураг шинжилгээг өгсний эцэст “бага тархины харвалт” гэх оношийг тавьж 13А маягт өгч Улаанбаатар хот руу явахыг зөвлөжээ. Улсын гуравдугаар төв эмнэлэгт ирж үзүүлтэл хүзүүний үе бэртэж бороолж эдгэн, хүзүүний үеийн “диск” мултарч гол судсыг дарсан учир гар хөл мэдээ алдсан байна хэмээн оношилж хагалгааг хийжээ.

Дахин нэг баримт 2018 он. Арван хоёрхон настай охин толгой эргээд өвдөж байна хэмээн тус аймгийн эмнэлэгт очиж тархины томограф зураг авхуултал түүний оношийг бас л буруу гаргаж “тархины цус харвалт” гэж оношилж Улаанбаатар хот яв гэжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрөө шууд хотод ирж яаралтай үзүүлтэл тархины баруун хэсэгт бага зэрэг цус хуралт үүссэн байна. Энэ нь хүүхэд бага насандаа унаж толгойгоо доргиож хөнгөн бэртээх үед үүсдэг учир санаа зовж айх шаардлага байхгүйг сануулжээ.

Тус аймагт зарим нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж байдаг ч түүнийг ашиглаж, өвчний онош гаргаж, гарсан хариуг уншиж, оношийг тогтоож чадах хүн цөөн. Сүхбаатар аймгийн хувьд 2023 онд эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө оруулалт татаж тодорхой бүсийн таван байршилд дотор эрхтний оношлогч төхөөрөмж байршуулсан. Зарим төхөөрөмжийг ажиллуулах битгий хэл асааж ч чадах хүн байхгүй байгаа нь харамсалтай. 2023 оны статистик мэдээллээр Сүхбаатар аймгийн төв болон 13 сумын хэмжээнд 153 их эмчтэй гэсэн тоо байна.

Тодруулбал:

- Баруун урт 107, Асгат 4, Баяндэлгэр 8, Дарьганга 5, Мөнххаан 6, Наран 1, Онгон 4, Сүхбаатар 2, Түвшинширээ 3, Түмэнцогт 3, Уулбаян 3, Халзан 2, Эрдэнэцагаан 5. Тухайн сумдын хүн амын тооноос хамаараад их эмчийн тоо харилцан адилгүй байна.

Жишээ нь: Наран сумын хувьд 1 их эмчийн орон тоотой. Наран сум нь гурван багтай 1674 хүн амтай гэсэн 2023 оны мэдээлэл байна. Энэ мэтчилэн хүн ам цөөн суманд ганцхан их эмчтэй, эмч нь амрах эрхгүй ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хувьд аймгийн төвийн, сумын, өрхийн гэсэн нийтдээ 22 эмнэлэгтэй. Үүнд ахиад л чадварлаг боловсон хүчний асуудал яригдана. Чанартай их сургууль төгссөн боловсон хүчнийг хувийн эмнэлгүүд өндөр цалин амлаж ажилд авдаг. Иймд Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газар боловсон хүчин бэлтгэх тал дээр хэр ажиллаж байгаа гэдэг нь харагдана. Мэдлэггүй, хаана ямар сургууль төгссөн нь, мэргэжлийн мэргэшсэн эмч эсэх нь тодорхой бус эмч нэртэй их зантай хэсэг бүлэг хүмүүсээс болж иргэд амь нас, эрүүл мэнд, цаг хугацаа, эдийн засгаараа хохирсоор л байх уу? Үүнд хэн хяналт шалгалт тавих ёстой вэ?

Эмчийн нэр сүрийг унаган гишгэлж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасаар байх уу? Олгой хагаравч тогоон дотроо гэсээр, манай эрүүл мэндийн салбар эмгэгтэй болжээ. Өөрсдийгөө дотроосоо эрүүлжүүлэх, чадварлаг хүний нөөц, ажиллах хүчээ бэлдэх, үүнийг нь төр бодлогоор дэмжих шаардлага үүсээд байна. Мэдлэгтэй туршлагатай чадварлаг эмч олон бий. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэгчээр хүнээ зөв оношилж чадахгүй цагаан халаадтанд хэн цаазлуулахыг хүсэх билээ. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тангараг өргөж, мэргэжилдээ эзэн болсон чадварлаг, хүний төлөө гэсэн зүтгэлтэй эмч нарын алдар нэрийг ахиж бүү гутаагаасай. Тиймээс улсын эмнэлгүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж, боловсон хүчнээр бүрэн хангагдаж ажиллах нь зүйд нийцнэ. Монгол хүний эрүүл мэнд юунаас ч илүү үнэтэй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.