UBLife Logo
Ярилцлага

Х.Хадхүү: Италид Леонардо Да Винчи, Микеланжело байдаг бол манайд Занабазар бий

Х.Хадхүү: Италид Леонардо Да Винчи, Микеланжело байдаг бол манайд Занабазар бий

Өнөөдөр намрын адаг сарын шинийн 25. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жил тохиож буй эл өдөр “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ нээж буй ваар урлаач, чимэглэлийн зураач Х.Хадхүүтэй ярилцлаа. Тэрбээр Монголдоо шаазан урлалаар дагнан бүтээл туурвиж буй цор ганц уран бүтээлч юм. Тиймдээ ч хүрээллийнхэн, найз нөхөд нь түүнийг “Шаазан урлалын их мастер” гэж нэрлэдэг юм билээ. 


-Таны өнөөдөр нээж буй “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн юугаараа онцлог вэ. Хэд дэх удаагийн бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байна вэ?

-Энэ миний бие даасан 11 дэх удаагийн үзэсгэлэн. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойтой давхцаж үзэсгэлэнгээ дэлгэж байгаа нь онцлог болж байна. Тохироо нь бүрдэх гэдэг дээ. Оюутан ахуй цагаасаа эхлэн Өндөр гэгээний хийцийг 40 жил шахам судалж, эрдэм шинжилгээний ажил болгон урлан бүтээж буй хүний хувьд бэлгэшээлтэй санагдаж байна. Энэ агуу хүний дурсгалд зориулж үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. Анхдугаар Богд буюу Занабазарын мэлмий гийсний ойн хүрээнд нээж буй үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд дэлгэж байгаа минь ч онцгой сэтгэгдэл төрүүлж байгаа.

-Тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ та хэдий хэр хугацаанд бүтээсэн бэ?

- Судалгаа шинжилгээний ажил хийхээс л эхэлнэ дээ. Шаазан бүтээл болж, эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэлх хугацаа гэвэл амьдралынхаа 30 орчим жилийг зарцуулсан байна. Болохгүйгээс болох хүртэл нь хийнэ. Шаазангаар нарийн ур хийцтэй бүтээл хийхэд урт хугацаа шаардагддаг. Бүтээл болж дуусах хүртэл алдаа гарна, шатаах зууханд хийх үед хагарах, уярах, паалан нь санасан хэмжээнд гоё өнгө орохгүй ч юм уу янз бүрийн бэрхшээл, асуудал үүсдэг л дээ. Энэ бүхнийг даван туулсны эцэст 21 дарь эх бүтээлээ төгс сайхан хийж дуусгалаа. Эдгээр бүтээлийг хийхдээ бүхий л мэдлэг, чадвар, ур ухаан, тэсвэр тэвчээрээ шингээсэн.

- Занабазар хийц юугаараа онцлог болохоор Монголд төдийгүй дэлхийг гайхагддаг юм бэ? 

- Судлаачдын дүгнэлтээр, Өндөр гэгээн бол бурхан урлалын бүтээлдээ хүний гуа сайхныг илэрхийлж бүтээсэн гэдэг юм. Минийхээр бол тал нутгийн малчин ард түмний гуа сайхны үзлийг буддын шашны философитой хослуулж чадсанаараа төгс сайхан бүтээлүүд хийсэн гэж боддог. Өндөр гэгээний хийц үүгээрээ ялгардаг. 

- Таны Өндөр гэгээний Занабазарын хийц, дэг сургуулийг сонирхох болсон шалтгаан юу вэ?

-Би керамик урлалын анги төгссөн. Тэр үед Монголын үндэсний классик, сонгодог урлагийг ойлгох, танин мэдэх чиглэлийн хичээл ордог байсан. Тэр үеэс Өндөр гэгээний хийцийг судалж эхэлсэн. Яагаад гол хичээлээ болгосон бэ гэвэл Өндөр гэгээн дэлхийд урлаг талаасаа Монголыг таниулсан. Өөрөөр хэлбэл, Монгол гэвэл дэлхий даяар Чингис хаан, Занабазар хоёрыг л мэднэ. Тэрээр гайхамшигт сонгодог урлагийг бүтээж монголчууддаа үлдээсэн гавьяатай. Энэ бол монголчуудын хамгийн том өв. Италид Леонардо Да Винчи, Микеланжело байдаг бол манайд Занабазар бий. Буддын шашны төлөөлөл болсон сонгодог уран бүтээлч хүн. Бүтээлүүд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо ч түүний бүтээлүүд дуудлага худалдаагаар асар их доллараар зарагддаг. Үүнээс үзэхэд л тэр бол дэлхийн хэмжээний гайхамшигтай уран бүтээлч байж гэдгийг харах боломжтой. Тийм болохоор Монголын уран бүтээлчид Занабазарынхаа хийцийг заавал судлаасай гэж боддог. 

- Манай монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Тэр ч утгаараа, мөн уран бүтээлч хүний хувьд ч бурхан урлаад сууж байхад арай өөр мэдрэмж төрдөг үү?

- Мэдээж тэгнэ. Бурхан энэрэл, нигүүсэл агуулсан байдаг шүү дээ. Амьтай бүхнийг хайрлахыг бэлгэдсэн байдаг болохоор бурхан урлахад сэтгэлийн ариусал шаарддаг. Хүн бурхан болж болно гэдэг. Шунал тачаал, атаа жөтөө гээд таван муу хорлолоос салж чадвал гэгээрэлд хүрэх боломжтой. Бурхан урлаад суух нь гэгээрэлд хүрэх бас нэгэн дөт зам юм болов уу гэж боддог. Ер нь уран бүтээлчид орчноосоо тасарч, урландаа суухад гайхамшигтай бүтээлээ хийдэг. Нийгмийн стресс, асар их шуугианаас ангид байж л бүтээлээ туурвидаг шүү дээ. 

- Та бүтээлийнхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ. Манай орны хөрс шороо, лаг шавар бүтээл хийх шалгуурыг хангаж чаддаг уу?

- Манайд шаазан урлал хийх боломжтой материал, түүхий эд бий.  Гэхдээ манайх технологийн хувьд хоцрогдсон. Өөрөөр хэлбэл, боловсруулж, түүхий эдээ гаргахад өртөг өндөртэй. Ер нь шаазан урлал өндөр хөгжсөн их гүрнүүдээс шавар болон түүхий эдээ авдаг. Хаана технологи сайтай материал байна түүнийг нь авахыг эрмэлздэг. Бид нар орчин үетэйгээ хөл нийлүүлэх ёстой. Яваандаа манай улс хүчирхэгжээд хөгжөөд ирэхээр энэ салбарт хөрөнгө оруулалт хангалттай орж ирэх байх. 

- Монголын шаазангийн үйлдвэр дампуурч, бүгд ганзагын наймаанд явж байхад та урлан бүтээх их үйлээсээ холдолгүй хэрхэн өдийг хүрсэн юм бэ? Зөвхөн уран бүтээлчид гэлтгүй нийтээрээ л мөнгө хөөж, наймаа арилжаа хийж байсан үе шүү дээ.

- Тууштай байсан болохоор амьдрал ямар нэгэн хэлбэрээр бэлэг өгдөг юм билээ. Ер нь уран бүтээлч хүн тууштай л байх ёстой. Аливаа зовлон бэрхшээлд сөхрөх нь утгагүй асуудал. Манай анги 20 орчим хүүхэдтэй байсан. Үүнээс ганц хоёр нь л уран бүтээлээ хийгээд л үлдсэн. Олон нийт ойлгохгүй гайхах асуудал чамгүй л байсан. Ээж минь хүртэл утсаар найзуудтайгаа ярихдаа “Хадаа маань баримал бариад ажилгүй л байна” гэдэг байсан. Ёстой дуртай тулдаа хийсээр байгаад л өдийг хүрлээ. Олон юм руу орохоор хүн хөгжихгүй. Байнга л хийж, бүтээж байхгүй бол сэтгэлгээний хувьд зогсонги болно, гарын ур дүйгүй болно. Мөнгө бодох л юм бол бүтээлээ хийхэд маш хэцүү болчихдог. Наад зах нь гар салгалах жишээний. Тийм болохоор би дуугүй бүтээлээ л хийдэг. 

- Саяхан бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр болж өнгөрсөн. Та энэ гайхалтай 21 дарь эхийг бүтээснээрээ ээжийнхээ ачийг хариулсан болов уу гэж бодож байна. Магадгүй монгол хүн болж төрснийхөө гавьяаг байгуулсан юм шиг л санагдаж байна. 

- Хүн бүхэн ээждээ хайртай. Эхийгээ урт наслуулж, аз жаргалтай амьдруулах юмсан гэж бодно. Чихийг нь халууцуулахгүйг хичээнэ. Миний хувьд 21 дарь эх бүтээснээрээ эмэгтэй хүний гуа сайхан, эх хүний энэрэл нигүүслийг харуулахыг зорьсон. Ээжийгээ хараад, эхийгээ бодож л энэ зорилгыг тавьсан байж таараа шүү дээ. Намайг хөдөлмөрч, авьяаслаг болгож төрүүлж, өсгөсөн ээждээ маш их баярлаж, талархаж явдаг. Намайг тууштай баримлаа хийсээр байсныг ээж минь хараад сүүлд “Миний хүү үнэхээр хөдөлмөрч юм. Ийм тууштай хүн харж байсангүй. Ямар ч байсан нэг юм дуулгана гэдгийг ээж нь мэдэж байсан” гэж байсан. Сайхан санагддаг юм. 

- Та эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлийнхнийхээ тухай дурсвал?

- Би эхээс тавуулаа. Ахтай, гурван дүүтэй. Ээж маань насаараа Хэвлэлийн комбинатад дэвтэрлэгч хийсэн. Миний аав залуугаараа өөд болсон л доо. Өндөр гэгээний нутгийн хүн шүү дээ. Эдийн засагч мэргэжилтэй ч их уран хүн байсан. Надад зураг зурах, баримал барих анхны мэдэгдэхүүнийг зааж, сургуулийн шалгалтад бэлдэж өгсөн. “Хүн гараа л хөдөлгөж байвал сайхан амьдарна. Чи зургаа л зур. Дүрслэх урлагийн дунд сургуульд аав нь ямар ч байсан оруулж өгнө” гэж байсан юм. Тэгээд бэлдэж байх үед өөд болсон ч гэсэн намайг тэнцэнэ гэдгийг мэдэж, мэдэрч байсанд нь баярладаг. Манай дүү Х.Баяр зураач шүү дээ. Хүмүүс реалист Баяр гэдгээр нь сайн мэдэх байх. Манайхан гэр бүлээрээ зурах дуртай. Ах гэхэд л уран дархан хүн. Охин дүү маань зураач болох гэхэд нь бүгд эсэргүүцээд болиулж байсанд нь одоо харамсдаг. Ээж хүртэл “Дүүг нь зураач болгодог л байж. Авьяастай хүн сайхан амьдрах цаг иржээ” гэж байсан. 

- Сүүлийн 10-аад жил “Их Монгол” төслийнхөнтэй хамтарч ажиллаж байгаа юм билээ. Төслийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

- “Их монгол” төслийнхөн маань Монголын ёс заншил, өв соёлыг хөгжүүлэх, Өндөр гэгээн Занабазарын хийцийг шаазан урлалаар дамжуулан олон нийтэд таниулах, ирээдүй хойчдоо өвлүүлэх зорилгоор олон ажил хийж байна. Нэг нь өнөөдрийн үзэсгэлэн юм. Мөн удахгүй 21 дарь эх бүтээлийн маркийг олон нийтэд танилцуулна. Бид хэдэн жилийн өмнө “Оюу толгой”-н гүний уурхайд шаазан урлалынхаа үзэсгэлэнг дэлгэж байсан юм. Үүнд Дарь эхүүд минь ч багтсан байсан. Саяхан ажил хэргээр нэг эрхэмтэй уулзахад биднийг “Ихэд дошгирч хилэгнэсэн лус савдгийг баясгаж, зөөлрүүлсэн байна” гэж хэлсэн. Монгол хүний филиософиор бодоход их сайхан санагдсан шүү.   

- Оюутан цагаас нь хойш тооцоход чамгүй олон бүтээл урласан байх. Бүгд өөрийн гэсэн онцлогтой бүтээл болж гардаг байх л даа. Тэдгээр бүтээлүүдээсээ дурдаач? 

- Эхнэрийнхээ дүр төрхөөр хийж байгаа хүүхдээ тэвэрсэн “Алдарт ээж” бүтээл маань одоо болтол дуусаагүй л байна. Аль 12 жилийн өмнө эхлүүлсэн бүтээл юм. Бүтээл бүр өөрийн гэсэн бүтэх цаг хугацаатай байдаг гэж боддог. Үзэсгэлэнд тавигдаж байгаагүй “Цагаан өвгөн”, жижиг хэмжээгээр бүтээсэн Бурхан багш ч юм уу гоё бүтээлүүд бий. Дөчөөд жилийн турш бүтээсэн олон бүтээл минь байгаа. Янжинлхам бурхны бүтээх үйл явцыг уншигчдадаа сонирхуулна. 

- Таны ажил, мэргэжлээсээ авдаг урам зориг, таашаал нь юу вэ?

- Хүн бүхэн хийгээд байдаггүй шаазанг хийхдээ би бардам байдаг. Бүгд энэ материалыг орхиод металл урлал руу орчихсон. Эсвэл огт хийхээ больчихсон байдаг. Гэтэл би шаазангийн чиглэлээр бие даагаад ганцаараа бүтээлээ хийгээд явж байгаагаараа бахархдаг, баярладаг. Бүтээлээ дууссаны дараа их сайхан мэдрэмж авдаг. Шатааж байхдаа хагарахвий, мурийчихвий гээд л их шанална. Бүгдийг нь хянадаг. Зуухууд маань бүгд электрон, компьютерт холбоотой байдаг ч би заавал дуусгаж байж л санаа амардаг. Компьютер, электрон үйлдэлд найддаггүй. Хажууд нь шатааж дуусгаад маргааш ч юмуу шөнө нь бэлэн болох бүтээлээ ямар гарах бол гэхээс сэтгэл догдолдог юм. Ер нь ваар урлаач, керамик урлалын хүмүүст “шатаалтын баяр” гэж байдаг. Яагаад гэвэл шатаалтаас бүх юм шалтгаалдаг болохоор тэнд л баяр баясгалан, догдлол байдаг даа.   

- Хүмүүс ажил нь бүтэхгүй болбол гандан орж ном уншуулдаг шүү дээ. Харин таны хувьд бурхан бүтээж буйгаараа амьдралынхаа зам мөрийг тэгшилж, дардан болгодог ч юм шиг. Та тэгж боддог уу?

- Тэгэлгүй яах вэ. Шаазан өөрөө цагаан шүү дээ. Урлан бүтээж буй сэтгэл минь ч цагаан. Уран бүтээлчийн урлан эмх замбараагүй байдаг ч бүтээл нь үргэлж цэвэрхэн бас нандин байдаг.

- Ярилцсанд баярлалаа. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Доктор С.Бадамцэцэг: Монгол орны хөрсөнд ургасан, биологийн идэвхт нэгдлүүд өндөр ургамлуудаар “VITOS | SHOT”-ыг бүтээсэн

Доктор С.Бадамцэцэг: Монгол орны хөрсөнд ургасан, биологийн идэвхт нэгдлүүд өндөр ургамлуудаар “VITOS | SHOT”-ыг бүтээсэн

Монгол орны хөрсөнд ургасан алтангагнуур, нарийн навчит цахилдаг, өндөр зоосон цэцэг, тэхийн шээг, саримс зэрэг уламжлалт орц найрлагад үндэслэн, технологийн сайжруулалт хийж бүтсэн гурван төрлийн VITOS | SHOT хэрэглээнд нэвтрээд олон хүний талархлыг хүлээж байна. Бид энэхүү бүтээгдэхүүний “автор”-уудын нэг, Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ЭШТА, биологийн ухааны доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.