Азийн дуучдын “Silk Way Star” уралдааны ялагч дуучин Мишээл Жозеф Казахстанд од болоод байна. Түүнийг ялсан гэдгийг Казахстаны алдарт дуучин Димаш Кудайберген зарласан билээ.
Мишээл шагналаа гардаад тайзан дээрээс “Монгол, Казахстан улсууд тун ойр дотно гэж хэлмээр байна. Бидний соёл, түүх салшгүй холбоотой. Манай хоёр улс ах дүү орнууд гэж хэлэхэд болно. Энэ сайхан найрамдал, дуу хөгжмийг бид зүрх сэтгэлдээ хадгалах ёстой” гэж хэлсэн.

Дараа нь ярилцлага өгөхдөө “Би казах хэл дээр дуулахаар дуугаа бэлтгэж эхэлсэн. Надад казах хэл, зан заншил их таалагддаг. Би казах хэл сурж байгаа. Сонсогчиддоо удахгүй казах хэл дээр дуулж, сонирхуулна” гэж хэлсэн байна. Тус уралдаанд оролцсон Казахстаны төлөөлөгч ALEM (Батырхан Маликов)-тай хамтран ажиллах талаар юу бодож байна гэж асуухад “Тийм боломж гарвал баярлах болно. Амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна” гэж хариулжээ.
Ташрамд дурдахад, тус уралдааны финалын шатанд Язмин Азиз (Малайз), Мадинабону Адылова (Узбекистан), Мишээл Жозеф (Монгол), Автандил Абесламидзе (Гүрж), ALEM (Казахстан), Саро Геворгян (Армени), Чжан Хэ Сюань (Хятад нар шалгаран үлдсэн юм.

