“Гэрэлт морьд” арт тэтгэлгийн 2025 оны шагналт “Born Retro Vol.3” цомог БНХАУ-ын платформуудаар цацагдаж эхэлжээ. Тодруулбал, “QQ music”, “Kugou music”, “Kuwo music”, “NetEase Cloud Music”, “Qishui Music” (Tiktok), “Kuaishou Music” гэсэн 6 платформоор цацагдаж буй юм. Мөн та “Born Retro Vol.3” цомгийг стрийминг идэвхтэй аль ч улсад хүлээн авч, сонсох боломжтой.
XX зууны хөгжмийн зохиолчдын дууны бүтээлийг шинэчлэн хүргэж буй тус төсөлд Л.Мөрдорж, Л.Норсонжав, З.Хангал, Д.Бямбажав, С.Бүтэд, Т.Чимэддорж нарын 1959-1995 онд зохиосон 6 хөгжмийг жазз хэлбэрээр найруулан бичсэн байна. Эдгээр бүтээлийн лицензийг эх зохиолчдын өв залгамжлагч, МОСКАП нартай албан ёсны гэрээний хүрээнд зөвшөөрөлтэй бүтээсэн аж.
“Aydu Records” 2022 оноос “Born Retro”-г санаачлан хэрэгжүүлж буй хөгжмийн лаборатори төсөл бөгөөд 20-р зууны нийтийн дууны бүтээлийг хөгжимчид, дуучид сонгон авч, шинэ төсөөлөл, хэв маягаар бүтээх орон зай юм. Хуучирч Э.Цэндсүрэн, Fat Cat Jazz Collective нар хамтарсан тус студи цомог нь Э.Цэндсүрэнгийн долоо дахь цомог юм. 1959-1995 онд бүтсэн тус нийтийн 6 дууг жазз жанраар шинэчлэн, гурван хөгжмийн найруулагч ажиллажээ.
Хөгжмүүд:
Л.Мөрдорж- “Бүүвэйл хорвоо” (1970)
Л.Норсонжав- “Ийм нэгэн сэтгэл” (1959)
З.Хангал- “Нарны унага киноны дуу” (1984)
Д.Бямбажав- “Намрын цагаан бороо” (1995)
С.Бүтэд- “Үелзүүр” (1961)
Т.Чимэддорж “Зам дээр гээгдсэн цэцэг” (1974)
Хөгжим сонсох бол ЭНД дарна уу.