“Physical Asia” шоунд оролцож, монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужил, ухааныг дэлхийд таниулсан холимог тулаанч Б.Энх-Оргил 12 дугаар сарын 6-нд “One Championship” Бразилын Фабрико Андрадегийн аваргын бүсийг авахаар өрсөлдөнө. Энэ тулаан “ONE Fight Night 38” тэмцээний оргил тулаан байх юм. Манай тамирчны хувьд Ж:Нарантунгалаг багшийнхаа дараах “One Championship” холбооны монгол аварга болох зорилготой.

Фабрико Андраде муай тай, кик бокс суурьтай, 2020 онд тус холбоонд элсэж, 2023 онд аварга болсон тамирчин. 28 настай. “One Championship” холбоонд 8 тулалдаж, 7 ялсан. Нэг тулаан хүчингүйд тооцогдсон.
Андрадегийн хувьд энэ нь бүсээ хамгаалах хоёр дахь тулаан бөгөөд эхний тулаандаа Өмнөд Солонгосын Kwon Won-il-ийг 42 секундэд нам цохиж унагаасан юм.

Тэмцээний өмнө тэрээр “Энэ удаа бэлтгэлээ арай өөр маягаар хийлээ. Өрсөлдөгчийнхөө юу хийх, яахыг мэдэж байгаа болохоор хамгаалах тодорхой төлөвлөгөө гаргаж ажилласан. Б.Энх-Оргил тэмцээн болгонд хэв маягаа өөрчлөөд байдаггүй тамирчин. Тэгэхээр түүний юу хийх нь маш ойлгомжтой, энгийн зүйл. Б.Энх-Оргилыг хүссэн зүйлийг нь хийлгэхгүй, эсрэгээрээ өөрийн тулааны арга барилд оруулахад бүх анхаарлаа хандууллаа. Тэгэхээр бэлтгэлд том өөрчлөлт гарсангүй. Өөрчлөлт байлаа гэвэл өрсөлдөгчийн тулааны арга барилд тохируулж, хэд хэдэн тодорхой зүйл бэлтгэсэн. Б.Энх-Оргилтой хийх тулаан бол миний хувьд шинэ сорилт. Урьд өмнөх өрсөлдөгчдөөс минь өөр, урьд нь үзээгүй янзаар дайрч ирэх нь мэдээж. Тэгэхээр өмнөхөөсөө өөр янзаар, өөрийгөө ямар сайн тулаанч вэ гэдгийг харуулах боломж гарсанд сэтгэл их догдолж байна. Би бол сайн тулаанч. Бүгдийг чадна. Энэ бүхнийг өмнөх өрсөлдөгчдөө нам цохиж, баталсан. Энэ удаа Б.Энх-Оргил барилдах гэж оролдох нь ойлгомжтой тул би өөрийгөө хэвтээд ямар сайн гэдгээ үзүүлэх зорилготой байна. Тулааны ялагч хэн вэ гэдгийг шүүгч нарын мэдэлд өгөх бодол алга. Өмнө нь дуусгана. Мэдээж аваргын бүс надад үлдэнэ. Саяхан болтол би түүнийг анхаардаггүй байлаа. Б.Энх-Оргил Филиппины Жеремиг илт илүүрхсэн. Уйтгартай тулаан байсан ч монгол тамирчны ялах хүсэл нь харагдаж байсан. Б.Энх-Оргил бол барилдаанч, барьц аваад чадлаар ааглах гэж оролддог. Уйтгартай харагдаж байсан. Гэхдээ тэр жижигхэн, намхан ч их хүчтэй. Өмнөх өрсөлдөгчдөөс өөр болохоор их чухал тулаан болно. Тиймээс би түүнийг ялж, илүү дээд түвшний тамирчин гэдгээ батлан харуулна” гэж ярьжээ.
