Европын дуу хөгжмийн хамгийн том наадмын нэг болох "Евровидение-2026” уралдаанаас Израилыг хасахыг Европын олон улс шаардаж байсан. Газын зурваст хоморголон устгах дайн явуулж байгаа түрэмгий орон наадамд оролцох ёсгүй гэсэн шаардлага тавьсан юм. Гэвч Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос (EBU) өчигдөр Израилд уралдаанд орох зөвшөөрөл олголоо. Тиймээс Нидерланд, Испани, Ирланд, Словен улсууд ирэх оны “Евровидение”-д оролцохоос татгалзлаа.
Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог EBU-гийн шийдвэрийг “Израилын амыг барих гэсэн муу улсуудыг чимээгүй болгосон нөхөрлөл, хамтын ажиллагааны ялалтын бэлгэ тэмдэг болсон шийдвэр” гэж магтсан байна.
Харин Нидерландын “Avrotros” телевиз “Манай улсын үнэт зүйлст харшилсан ийм нөхцөл байдалд бид наадамд оролцохгүй” гэсэн бол Испанийн RTVE телевиз “Испани улс уралдаанаас гараад зогсохгүй наадмыг дамжуулан үзүлэхгүй” гэж мэдэгдлээ.
Словенийн Үндэсний “RTV Slovenija” телевизийн тэргүүн Наталия Горчак “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө “ОХУ Украинд халдсанаас 7 хоногийн дараа бид Оросыг “Евровидение”-ээс хасаж байсан. Израилтай яг адилхан харьцах ёстой. Ямар ч түрэмгийлэгч улс манай наадамд оролцох ёсгүй” гэж хэлсэн байна.
"Евровидение-2026” наадам ирэх тавдугаар сард Австрид болох бөгөөд оролцохгүй улсын тоо цаашдаа нэмэгдэх шинжтэй. Исланд, Бельги улсууд наадмаас гарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Харин наадмын гол ивээн тэтгэгч Герман улс хэрэв Израилыг хасвал оролцохгүй гэж сүрдүүлсэн бол зохион байгуулагч Австри улс Израилыг дэмжжээ.
