Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн B.League лигээс ирэх оны нэгдүгээр сард болох драфтад орох тамирчдын жагсаалтыг шинэчилж, гурван тамирчныг нэмлээ. Ингэснээр энэ жил нийт 70 тамирчин орж байгаа юм.
Тэдний нэг нь: Aoyama Gakuin University багийн ахлагч О.Тулга байна. О.Тулга нь 181 см өндөр, 73 кг жинтэй довтлогч. Японы их сургуулийн лигт нэг тоглолтод дунджаар 10,3 оноо, 3,2 самбар дунджилж байжээ. 2023 оны Ханжоу Азийн наадамд Монголын шигшээ багт дуудагдаж байсан.

О.Тулга Монголд төрсөн. Түүнийг бага байхад аав нь Японд ирж, сүмо барилдаж байсан юм. Сакайгава дэвжээнд Широнорюү нэрээр барилдаж байсан аав нь жюүрёо зиндааны манлай бөх байсан. О.Тулга 6 нас хүртлээ өвөө дээрээ байж байгаад бага ангид орох жилээ Японд ирсэн. Анх аавтайгаа ижил сүмо барилдана даа гэж бодож байсан гэдэг. Монголд байхдаа найзуудтайгаа барилдаж тоглодог байсан бол Японд хамт барилдах хүүхэд байхгүй.

Ингээд хамгийн анхны япон найзынхаа нөлөөгөөр сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Япон хэл мэдэхгүй монгол хүхэд хичээл дээр хэнтэй ч, юу ч ярьдаггүй байсан ч харин тэр найз нь хамт тоглохоор дууддаг, нөхөрлөж эхэлжээ. Заримдаа найз нь өнөөдөр сагсан бөмбөгийн секцтэй тул хамт тоглож чадахгүй гэх тул Тулгаа хүү ч хамтдаа тоглохоор сагсан бөмбөгийн багт орсон байна. Удалгүй сагсан бөмбөгийн амтанд орж, найзын тоо ч нэмэгдэж, мэргэжилтнүүдийн нүдэнд өртөж эхэлсэн нь энэ.

