UBLife Logo
Newsfeed

Цахим залилангаас өөрийгөө хамгаалахад АНХААРАХ ЁСТОЙ зүйлс

Цахим залилангаас өөрийгөө хамгаалахад АНХААРАХ ЁСТОЙ зүйлс

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдрал, ажил, санхүү хүртэл дэлгэцэнд багтдаг болсон учир боломж, аюул хоёр ижил түвшинд зэрэгцэн оршиж буйг бид байнга санаж байх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад хурдацтай өсч буй маш хортой аюулын нэг бол цахим залилан. Залилагч нар улам нарийвчилсан, санаанд оромгүй арга ашиглаж, хүн бүрийн онлайн дадал зуршлыг судлан, яг сул үед нь дайрч, мэдэгдэхгүйгээр ч мөнгө залилж чаддаг болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс цахим орчинд өөрийгөө хамгаалах нь одоо “сонголт” биш, амьдралын үндсэн дадал болох ёстой.

Энэхүү нийтлэлд цахим залилан гэж юу вэ, ямар хэлбэртэй, хэрхэн таних, хэрхэн хамгаалах, залилуулсан тохиолдолд яах ёстойг шат дараатайгаар, бодит жишээтэйгээр тайлбарлая.

Нийтлэлийг Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Монголын баримт шалгах төвийн “Цахим залилангийн эсрэг мэдээллийн аян”-ы тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийтэлж байна.


1. Цахим залилан гэж юу вэ? Бүгдээрээ энгийн ойлголтоос эхэлцгээе.

Цахим залилан гэдэг нь интернэт, гар утас, цахим төлбөрийн систем, сошиал сүлжээ, имэйл, хуурамч апп зэрэг орчныг ашиглан хүний мөнгө, мэдээлэл, дансны хандалтыг хууль бусаар олж авах үйлдлийг хэлдэг.

Хамгийн аюултай нь эдгээр залилан бусад гэмт хэрэгтэй харьцуулахад:

  • богино хугацаанд,

  • олон хүнд нэгэн зэрэг,

  • хил дамнан хохирол учруулж болдог.

Энэ нь эрсдэлийг 10–100 дахин өсгөсөн гэсэн үг юм.

Тэгэхээр та интернэт ашиглаж, банкны карт хэрэглэж, үйлчилгээ авдаг л бол энэхүү төрлийн залиланд өртөх бүрэн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа гэсэн үг билээ.


2. Цахим залилангийн түгээмэл хэлбэрүүд

Фишинг ба хуурамч холбоос

Банк, төрийн байгууллага, эсвэл баталгаатай албан ёсны газар мэтээр Facebook, Instagram дээр хуурамч дүр эсгэн, линк дээр даруулж нууц үгийг чинь авах схем.

Жишээ нь: “Таны дансыг баталгаажуулах шаардлагатай тул дараах холбоосоор нэвтэрнэ үү.”

Линк дээр дармагц таны нууц үг, картын мэдээлэл автоматаар тэдний гарт очно.

Хуурамч онлайн худалдаа

Сошиал хуудсаар хямд бараа санал болгож, төлбөр авсныхаа дараа бараа илгээхгүй байх тохиолдлыг хэлдэг. Ойр дотны хүмүүст ч тохиолдож байсан зүйл бөгөөд Монголд ихээхэн түгээмэл байдаг залилангийн төрөл юм. Мөн та үнэхээр баталгаатай дэлгүүрээс бараа захихаар дугаараа үлдээлээ ч гэсэн, тэд тань руу түрүүлж залгаад, дансаар нь урьдчилгаа шилжүүлэхийг хүсэх болно. Ингэснээр бодит дэлгүүрийн зар дээр мөн залилан үйлдэх боломжтой тул дугаараа нууцлах нь чухал.

Хуурамч хаягууд бага зэрэг итгэл төрүүлэхийн тулд “үйлчлүүлэгчийн үнэлгээ” нэрээр хуурамч комментууд оруулдаг. Тиймээс ямар хаягуудаас сэтгэгдэл үлдээж буйг сайн анзаарах нь чухал.

Хуурамч зээл, шагнал, тэтгэлэг, бэлэг

“Та автомашин хожлоо”, “Зээлийн хүсэлт зөвшөөрөгдлөө”, “Шагнал авах бол QR кодыг уншуулаарай” гэх мэт. Өнгөц харахад албан ёсны байгууллага шиг санагддаг. Гэхдээ ийм төрлийн QR уншуулж, линк рүү орж, мэдээллээ бөглөхөөс өмнө заавал шалгах шаардлагатай.

QR кодоор хийдэг залилан

Сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй нэмэгдсэн залилангийн төрөл.

Хэн нэгэн: “Шагнал авах бол QR код уншуул”, “Төлбөр баталгаажуулах код ”, “Хүргэлтийн төлбөрөө QR-аар төлнө үү” гэхэд та дараад уншуулах л юм бол мэдээлэл тань хулгайд алдагдана гэсэн үг. Гол нь эх сурвалж, яг баталгаатай газраас оруулж буй код мөн эсэхийг лавлах нь чухал.

Хуурамч апп, имэйл хавсралт

Мэдээллийг танв сорох вирус тээсэн хуурамч аппликэйшн, хавсралтууд ихээр ирэх болно. “Invoice”, “Track your package” буюу “Төлбөрийн баримт”, “Илгээмжээ хянах“ нэртэй хавсралтууд хамгийн эрсдэлтэй байдаг. Имэйл хаягийг маш сайн шалгах хэрэгтэй. Заримдаа тэд бодит газрын мэйлтэй тун төстэй хуурамч мэйл ашигладаг. Магадгүй нэг үсэг, тооны л зөрүүтэй байх нь бий.

Сошиал хаяг булаах

Facebook, Instagram-ийн нууц үг авах, эсвэл “Recovery email”-ийг сольж хаягийг чинь бүрэн хулгайлдаг. Хулгайлсан хаягаар танай найзуудаас мөнгө нэхэх тохиолдол цөөнгүй тохиолдож байна. Тиймээс хэн нэгэн танаас мөнгө асуувал заавал утсаар, эсвэл өөртэй нь холбогдож буйгаа бүрэн баталгаажуулсны араад үйлдэл хийгээрэй.

Хайрын залилан (Romance scam)

Гадаадад амьдардаг гэх, цэргийн хүн, эмч, инженер мэт төгс дүр төрхтэй онлайн харилцагч тантай нээлттэй харилцаж, өөртөө итгүүлж, улмаар мөнгө асуудаг.


3. Залиланг таних дохио (RED FLAGS)

Хэн нэгэн танд:

  • Түргэн шийдвэр гаргуулах гэж оролдвол

  • Хэт өндөр ашиг амлавал

  • Хувийн дансаар мөнгө авах гээд байвал

  • OTP, нууц үг, картын CVV код асуувал

  • Хуурамч мэт линк илгээвэл

  • Төрийн байгууллага, банк гэх мэтээр жүжиглэж холбогдвол

  • QR код скан хийлгэх гэж яаруулбал

энэ нь залилан байх ХАМГИЙН ӨНДӨР магадлалтай. Тиймээс мэдээллээ хүмүүст хамаагүй өгөхгүй байх нь хамгийн чухал.


4. Залилуулсан бол яах вэ?

1. Карт/дансаа тэр даруй блоклох, хаалгах

Банкны апп-аар эсвэл дуудлагын төвд холбогдож, яаралтай арга хэмжээ ав.

2. Нууц үгээ бүгдийг нь солих

Имэйл, сошиал, аппликэйшн дээрх нууц үгүүдээ тэр даруй орж солиорой. Тэр тусмаа нэг л нууц үгээ олон апп дээр ашигладаг бол бүр ч хурдан солих шаардлагатай.

3. Баримт цуглуулах

Илгээсэн линк, дуудлагын screenshot, дансны гүйлгээ, QR код гээд залилантай холбоотой бүхнийг хадгалж, баримтжуулж аваарай.

4. Цагдаад мэдэгдэх

  • 102

  • ePolice app

  • Кибер аюулгүй байдлын төв

5. Банк, оператор руу албан ёсны хүсэлт илгээх

Зарим тохиолдолд гүйлгээ царцаах боломжтой байдаг. Тиймээс гүйлгээ гарсныг мэдсэн даруйд холбогдох нь нэн чухал.


Цахим орчин бидэнд асар их боломж өгөхийн хажуугаар маш их эрсдэл дагуулж байдгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Залилангийн арга улам боловсронгуй болсоор байгаа тул бидний хамгаалалт илүү ухаалаг, хурдтай байх ёстой. Үүнийг нэмээд хэрэглэгч, иргэд бидний хувьд аливаад няхуур хандах шаардлага ихээхэн гарч ирээд байна.

Хамгийн үр дүнтэй хамгаалалт бол:

  • сэрэмжтэй дадал,

  • зөв мэдээлэл,

  • түргэн шуурхай үйлдэл авах юм гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

Мөн бидний цаашид нийтлэх, түгээх мэдээ мэдээллүүдтэй ямагт ойр байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.