Зуны улирал өндөрлөж, алтан намар айсуй. Харин зуны гурван сард та гадаад орон, хөдөө байгальд явж чадаагүй бол бүү гунигла. Таныг хотоос ч гараагүй байхад найз нөхөд чинь гадаад дотоодын амралтын газруудад авхуулсан зургуудаа олон нийтийн сүлжээнд тавиад байна уу? Хөдөө гадаа яваагүй гээд таны амралт үр дүнгүй өнгөрсөн гэсэн үг биш. Ингээд амралтаараа аялал зугаалгад явж чадаагүй хүмүүст хэдэн зөвлөгөө өгье. Энэ зөвлөгөөг дагаад та ажилдаа эрч хүчтэй очих болно гэдэгт итгээрэй.
Үнэхээр гомдолтой байсан гэдгээ хүлээн зөвшөөр
Аялах хэрэгцээ байгаагүй гэж өөрийгөө хуурахаа боль. Хэрэв та хэдэн сарын турш мөнгө хурааж, хаа нэгтэй далай тэнгисийн усанд сэлэхээр төлөвлөж байсан бол төлөвлөгөө бүтээгүйд гуниглах нь гарцаагүй. Гэхдээ тэглээ гээд “Энэ зун ёстой хий дэмий өнгөрлөө” гэж бодож болохгүй. Бүтээгүй ганц хүслээ бүхэл амьдралын алдаа мэт битгий бодоорой.
Бусдын амралттай бүү харьцуул
Олон нийтийн сүлжээнд орохоор бусад хүмүүс танаас илүү сайхан амраад байгаа мэт санагдаж байна уу? Хэн нэг нь Хөвсгөл далайд, зарим нь Солонгос, Японд амраад л. Гэхдээ тэд хэзээ ч зочид буудал олох гэж зүдэрснээ, хоолны хордлогод орсноо, машинд бөөлжсөнөө, түгжирснээ, өр шир тавьснаа дэлгэдэггүй. Бусдын тавьсан зүйл бол тэдний амралтын сонгосон өчүүхэн хэсэг тул өөрийн амралттай харьцуулах нь утгагүй. Хэрэв найзуудын амралтын зураг уурыг тань хүргээд байвал сүлжээ орохоо хэсэг зогсоож болно. Ингэлээ гээд сайхан амраагүй асуудлыг шийдэхгүй ч байнга атаархаад байх зовлонгоос ангижрах юм.
Энэ зун юу хийснээ эргэн сана
Амралт зугаалга гэхээ мартаад энэ гурван сард ямар сайн зүйл тохиолдсоныг дурсаад үз. Магадгүй та найзуудтайгаа байнга уулзаж, спортоор хичээллэж, гоё кино үзэж, ном уншсан байж болно. Шинэ хоббитой болж, цөөхөн ч гэсэн сайхан хоолонд орсон байж болно. Зун гэдэг бол заавал удаан хугацаагаар аялалд явж байж утгатай болдог эд биш. Таалагдсан хүнтэйгээ танилцах ч амралтын нэгэн сайхан дурсамж. Зар сурталчилгаанд гардаг амралт хүн болгонд зохихгүй.
Өөртөө бяцхан амралт өг
Заавал хол явах албагүй, хот дотроо хөнгөхөн зугаалж болно. Урьд өмнө очиж байгаагүй сүм хийд, кино театр, номын санд очиж, шинэ ресторантай танилц. Хотын нөгөө талд зочид буудалд хоносон ч болно. Энэ нь таны сэтгэл санаанд дэм болох юм.
Зун дуусахаас өмнө гэж битгий хичээ
Зун дуусахаас өмнө гэсэн яаруу сэтгэлээр хандвал алдаа гарна. Ямар ч төлөвлөгөөгүй аялалд мөнгө үрж, огт хэрэггүй наадам, арга хэмжээ хэссээр ажилдаа бүр ядраад орж ирнэ. Сайн амарч чадаагүй гээд халуун, нартай өдөр болгоныг ашиглах гэж бүү оролд. Харин ч зуны сүүлийн өдрүүдийг хэвтэж амран өнгөрүүлэх нь зүйтэй.
Амралтаа хойшлуулж болно
Дараа жилийн зун л сайхан амрана даа гэж бодох хэрэггүй. Амралт гэдэг заавал зун байх албагүй гэдгийг санаарай. Намар, өвлийн аялал хүн багатай илүү тухтай байдаг талтай. Явах газраа сонгоход яарч сандрах хэрэггүй улирал. Харин ч албаар намар амраад үзэх хэрэгтэй. Ингэснээр энэ зуныг алдлаа гэх мэдрэмж тань арилах учиртай.
