44 жил тархинд минь "түрээсгүй" амьдарч, сэтгэл зүрхийг минь "төлбөргүй" эзлэн сууж буй Бразилын Рио де Жанейро хотын хөлбөмбөгийн "Фламенго" баг маань энэ жил үнэхээр онцгой, одтой тоглож байгаа билээ.
Энэ 2025 онд "Фламенго" маань зургаан цом хэдийнээ хүртээд байгаа бөгөөд өнөөдөр (12.17) энэ оны сүүлчийн тоглолтоо "FIFA Intercontinental cup 2025" (ФИФА Тив хоорондын цом)-ын аваргын төлөө Францын "Пари Сен Жермен"-тэй тоглох гэж байна.

Дэндүү сайхан улирал байлаа, дахиад ганц ялалт авбал бүүр гайхамшигтай.
Он гараад л манай "Фла" Кариока цом буюу Рио мужийнхаа аварга болсон. За тэгээд Бразилийн Супер цомыг хүртэж, Бразилийн дээд лиг "Serie A" -д түрүүлсэн.
Өмнөд Америкийн хамгийн том тэмцээн "Либертадорес цом"-ын аварга болсон. Хэдхэн хоногийн өмнө FIFA Derby of the Americas , FIFA Challenger cup -д дараалан түрүүлж, одоо "Тив хоорондын цом"-ыг өргөх эсэхээ хэдхэн цагийн дараа үзэхээр Катарын Эр Райян хотын "Ахмед бин Али" цэнгэлдэхийг зорьж явна.

Одоо цагийн, ихэвчлэн Англи, Герман, Испани, Италийн багуудыг хөгжөөн дэмждэг фанатууд бол гайхах байх л даа, "Фламенго"-г дэмждэг гэхээр. Яагаад тэр хаа хол Бразилийн, тэгээд зурагт, телевизээр тоглолт нь тэр болгон гараад байдаггүй багийн фанат болсон юм бол гэж.
Тэгвэл ийм учиртай. Миний хүүхэд наснаасаа одоог хүртэл шүтэн биширч байдаг хөлбөмбөгчин бол Бразилийн домогт тоглогчийн нэг Артур Антунес Коймбра Зико. “Цагаан Пеле” хэмээн алдаршсан Зико маань Бразилийн шигшээ болон “Фламенго” багт тоглодог байсан юм. Тиймээс л 1981 оноос хойш зангаа хувиргалгүй, нүүрээ бууруулалгүй "Улаан ба харууд"-аа дэмжсээр ирсэн юм.

"Фламенго"-ийн фанатууд өөрсдийгөө "Nacao Rubro Negra" буюу "Улаан хар үндэстэн" хэмээн нэрлэдэг. Үнэхээр ч судсаар нь " улаан хар цус" гүйж байдаг байх гэж бодогдохоор, тэднийг харахаар. Ямар ч үед (хожсон хожигдсон ялгаа үгүй) багаа тултал нь дэмждэг, туйлын үнэнч, цэнгэлдэхийг хаана ч байхгүй гайхалтай уур амьсгалаар дүүргэдэгээрээ алдартай.
Ард түмний баг гэж болох "Фламенго"-ийн багийн дуулалд (chant) :
"Нэг л удаа "Фламенго" болбол
Насан туршдаа "Фламенго"
Үхэн үхтэлээ би чамдаа
Үнэнч байх болноо, миний "Фламенго",
"Эрч хүч, аз жаргал, сүнс, сүр сүлдийг минь сэргээгч
Энэ "Фламенго" байхгүй байсан бол
Эгнэшгүй харамсал гунигт автах байсаан" гэх мэтээр дуулдаг.
Өөр өөр утгатай ийм 26 уухай, дуулал "Менгао"-ийн "Улаан-хар үндэстэн"-д байдаг бөгөөд тоглолтын өмнө, тоглолтын турш, тоглолтын дараа ч энэ дууллаа тасралтгүй дуулах бөгөөд сонсоход сүрдмээр, сүслэмээр ажгуу.
"Фламенго" 129 жилийн түүхтэй, Бразилийн найман удаагийн аварга, Либертадоресийн цомын ( Өмнөд Америкийн "Аваргуудын лиг") дөрвөн удаагийн аварга, одоогийн ФИФА-ын клубуудын ДАШТ-ий үндэс болсон "өвөг" нь болох "Тив хоорондын цом"-ын 1981 оны аварга ( Финалд алдарт "Ливерпуль"-ийг 3:0-дож байлаа) баг юм шүү дээ.
"Хар алмааз" Леонидас, "Цагаан Пеле" Зико, за тэгээд Бебето,Жуниор,Ромарио, Леандро гээд үе үеийн домгууд энэ багаас төрснийг дуулгая. Хамгийн "муу нь" л одоогийн Виниус Жуниор гээд бодчих.

За тэгээд Бразилийн хүн амын бараг 23% нь буюу 45 сая хүн "Фламенго"-ийн фанат. Бас ФИФА-аас ХХ зууны дэлхийн шилдэг багуудын жагсаалтад "Фламенго" маань зүй ёсоор бичигдэж байв. Хөлбөмбөгийн хамгийн цуутай цэнгэлдэх, "ариун сүм" болох "Маракана"-д тоглолтоо хийдэг дээ, "Фла"
За тэгээд энэ оны сүүлчийн "тулаанаа" Европын "Аваргуудын лиг"-ийн аварга "ПСЖ"-тэй хэрхэн хийхийг харах л үлдлээ.
Хожсон ч, хожигдсон ч хамаагүй ээ! Чи миний "Фламенго"
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

