ОХУ-ын алдарт дуучин Алла Пугачева удаан хугацааны дараа шинэ дуу гаргалаа. “Давай просто жить” буюу “Зүгээр л амьдрцгаая” дууны ая, үгийг Алексей Малахов бичжээ. Алла Украины дайныг шүүмжлээд эх нутгаа орхисон билээ. Одоо тэрээр нөхөр, хүүхдийн хамт Израилд амьдарч байгаа. Алла шинэ дуундаа хувь заяандаа гомдоллож байгаа ч өөрийгөө хүчтэй эмэгтэй гэдгийг онцолжээ.
Продюсер Сергей Дворцов “Энэ дуу бол Алла Пугачевагийн ээлжит нэгэн өдөөн хатгалт. Тэр зүгээр нэг дуу гаргах учиргүй. Үгэнд нь ямар нэг далд утга байх ёстой” гэж хэлсэн бол продюсер Павел Рудченко “Жирийн л нэг дуу. 1990-өөд оныг санагдуулж байна” гэж шүүмжилжээ.
Харин Авлигатай тэмцэх газрын дарга Виталий Бородин “Энэ дууг ОХУ-д хориглох хэрэгтэй. Учир нь тэр энэ дуунаасаа сард 5 сая рублийн орлого олох боломжтой. Улс, эх орноо орхисон этгээд манай нутаг дэвсгэр дээр мөнгө хийж таарахгүй” гэж мэдэгдсэн байна.

