Японы сүмо бөхийн холбооноос өчигдөр Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг зарласан билээ. Шинэ банцүкэгээр Д.Рагчаа гарьдын хүү, дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох дээд зиндаанд дэвшсэн. Монголын 32 дахь маэгашира болж байгаа юм.

Өглөөний цагаан луу энэ жил 26 настай. 185 см өндөр, 150 кг жинтэй. 2015 онд Японд ахлах сургуульд суралцахаар ирэхдээ одоогийн ёкозүна Хоошёорюү, маэгашира Оошёоүма нартай хамт нэг онгоцоор ирж байжээ. Түүнийг дээд сургуульд суралцаж байхад нь Хоошёорюү жюүрёод дэвшиж, Оошёоүма оюутны ёкозүна болж байжээ.

Асахакүрюү дэвжээн дээрээ хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр “Улам дээш дэвшиж, ёкозүна Хоошёорюү, маэгашира Оошёоүма нартай гар зөрүүлэн барилдах хүсэлтэй. Тэднээс хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Хурдхан зиндаа, цол ахиж, тэр хоёрыгоо гүйцэхийг хүсэж байна. Бас нэг хүсэл бол озэки Аонишикитэй барилдах. Дээд зиндааныхан бүгд хүчтэй. Телевизээр харж байсан бөхчүүдтэйгээ барилдах боллоо. Зорилго бол ёкозүна цол. Том зорилготой байх тусам хүн улам хичээдэг” гэж ярьсан байна.

