Хималайн уулсад авирах зуу зуун уулчид, мянга мянган жуулчдад ачаа барааг нь зөөхөөс эхлээд замчилж, газарчилж, хөтөч хийж, уулсын оргилд "хөтөлж" аваачдаг хүмүүсийн тухай Та бүхэн дуулсан буй за.
Төвөд гаралтай шар па буюу дорнын хүмүүс гэсэн утгатай, англи, оросоор sherpa, шерп гэх, харин манай монголчууд бол ширваа хэмээх , өөрсдийгөө шаркхомбо гэж нэрийдэх энэ үндэстэн бол олон зуун жилийн өмнө нүүдэлчид байсан , удам угсаа нь түвдээс гаралтай ажээ.

Өдгөө ширваа нар Хималайн уулсыг бараадан Балбын зүүн нутагт дийлэнх нь амьдардаг.
Хүн амын тоо нь маш хурдан өссөн ард түмэн. 1975 онд 25 000 орчим ширваа нар байсан бол эдүгээ Балбад 150 000 гаруй ширваа нар байдаг бөгөөд мөн Энэтхэгт 75000, Төвөдөд 47000, АНУ-д 17000, Бутанд 11 000 орчим ширваа амьдардаг гэсэн тоо бий.
Ширваа нар өөрсдийн гэсэн хэл яриатай бөгөөд түүнийгээ кангпо гэж нэрлэдэг . Харин сонирхолтой нь ширваа бичиг үсэг гэж байдаггүй ажээ. Кангпо хэл яриаг төвөд, балбууд бараг ойлгодоггүй гэнэ.

Ширваа нарын 90 гаруй хувь нь буддын шашинтай, газар тариалан (төмс, буудай, арвай голчлон тарьж ургуулна), мал аж ахуй (сарлаг, ямаа) эрхэлж амьдардаг.
Өндөрлөг уулсын бүст амьдардаг ширваа нар уулын спортод (Хималайн бүх уулсад ширваа нарын тусламжгүйгээр авирах боломж бараг л үгүй гэж болно) онцгой үүрэгтэй, орлогынх гол эх үүсвэр болдог.
Шерп гэдэг нь газарчин, хөтөч нарыг нэрлэдэг үг гэж ташаа ойлгох хүмүүс ч цөөнгүй бий. Угтаа бол ширваа, шерп, sherpa , shar pa гэдэг бол зон олных нь нэр юм л даа.

Дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан олон ширваа нар бий.
Хамгийн алдартай нь бидний Дэнзэн Норгай гэж дууддаг, дэлхийн зулай Эверестэд Шинэ Зеландын Эдмунд Хилларитай хамт анхлан хөл тавьсан Тэнцин Норгай .

Мөн Эверестэд хамгийн олон удаа буюу 31 удаа оргилдсон Ками Рита, Эверестийн оргилд хамгийн олон буюу 10 удаа гарсан эмэгтэй уулчин болох Лхакпа (Лхагва?), мөн гольфчин Пратима , Балба улсын цорын ганц төлөөлөл болон гурван ч өвлийн олимпийн наадамд (2006,2010,2014) оролцсон гүйлтийн цанын тамирчин Дава Дачири нарын ширваа нарыг дурьдаж болох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
