Хайх зүйлээ бичнэ үү

Хүн төрөлхтний түүхийн аль ч цаг үед хоол хүнсний асуудал амьдралын гол цөм байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд улс төр, геополитик, дулааралтай зэрэгцэн органик хоол хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэсэн сэдвүүд анхаарал татах болжээ. Дэлгүүрийн лангуун дээрээс хүнсний ногоо авахдаа бид энэ хүнс миний биед ямар хэрэгцээтэй вэ, хаана үйлдвэрлэсэн бэ, хэн бүтээсэн бэ, ямар аргаар бүтээсэн бэ, цаашилбал энэ ногоо бидний хүрээлэн буй орчинд ямар нөлөөтэй вэ гэдгийг бодож үздэг үү? Би зөвхөн хэрэгтэйгээ аваад сагсандаа хийдэг муу зуршилтайгаа хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг тойрсон нэгэн ярилцлагыг “Ger Garden” органик хүлэмжийн аж ахуйг үүсгэн байгуулагч Б.Доржпагматай хийсэн юм. 


-“Ger Garden” гэсэн шошготой хүнсний ногоо дэлгүүрүүдээр харагдаад нэлээн хугацаа өнгөрчээ. Тэр ногоог үр байхаас нь ургуулж арчилсан хүний нэг нь та. Хүнсний ногоо тарьж ургуулъя гэсэн санаа ер нь хаанаас эхэлсэн юм бэ? 

-Нэрнээс нь эхлэх хэрэгтэй байх. Анх өөрсдөө аятайхан хоол идэж, үр хүүхдээ хөдөө гадаатай ойрхон байлгаж эрүүл өсгөе, байгальд ойр байлгая гэсэн зорилгоор л энэ ажлаа эхэлсэн. Гэтэл аж ахуй маань томроод өрхийн хэрэглээнээс илүү гараад ирлээ. Тэгээд зах зээлд борлуулах болж, компани байгуулж, нэр өгөх шаардлагатай болсон доо. Тэгээд “Ger garden” гэдэг нэрийг сонгосон. Garden гэдгийг манайхан цэцэрлэг гэж орчуулдаг, угтаа бол айл өрхийн хэрэгцээнд зориулсан хүлэмжийг garden гээд байгаа юм. Тийм учраас garden гэдэг үгийг сонгосон. Тэрнээс Улаанбаатарынхныг, монголчуудыг тэжээх хэмжээний зорилго анхнаасаа байгаагүй. Харин Ger гэдэг үгийн тухайд бол анх гэр бүлдээ зориулж эхлүүлсэн, бас зах зээлд гаргасан ч гэр бүлдээ зориулсан юм шиг арчилгаа шаардлагаар бий болгож байгаа тул энэ үг их тохиромжтой санагдсан даа. 

Нөгөө талаасаа гадаадад иймэрхүү аж ахуйнуудыг “Market garden” гэж нэрлэдэг. Өөрийн гэр бүлээсээ гадна 200-300 өрхийг эрүүл, шинэ хүнсээр хангадаг, тогтсон хэрэглэгчтэй аж ахуйнуудыг ийн нэрлэдэг юм. Манайх бол тэр л хувилбарын аж аж ахуй. Аж ахуйгаа эхлүүлэхээс өмнө гаднын “Market garden”-уудаар явж, судалж, заримд нь ажиллаж байсан л даа. 

-“Ger garden”-ы энэ хүрсэн түүх хэр адармаатай байв? Тогтмол хэрэглэгч хэр олон байна вэ? 

-2016 онд анх нэг жижигхэн чинжүү тариад л эхэлсэн дээ. Эхний хоёр гурван жил учрыг нь олох гэж нэлээд ажил болсон. Энэ төрлийн аж ахуйг уламжлалт бизнесийн сэтгэхүйгээр харахад хэцүү. Хүмүүс хөдөө аж ахуй гэхээр нэг га-гаас хэдэн центнер ургац авч байгаагаар хэмждэг. Хэдэн трактор, камбайн ажиллаж, хэдэн кг төмс, байцаа хурааж аваад ямар ашиг олох вэ гэсэн тооцоолол, яриа л гардаг шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хандлага өөрчлөгдөж байна. Миний багшаа гэж хүндэлдэг Мосанобу гээд япон хүн байлаа. Өөрийнхөө амьдралын философийг хөдөө аж ахуй дээр туршиж, түүнийгээ баталсан хүн л дээ. Тэр хүн “Хөдөө аж ахуй бол ахиу ургац авах явдал биш, харин хүнийг төгөлдөржүүлэх, хөгжүүлэх явдал” гэж хэлсэн байдаг. Үүнээс ургуулаад бодохоор хүмүүс хоол хүнсээ юу гэж хардаг вэ гэдгээс энэ өөрчлөлт эхэлнэ. 

Хоол хүнс бол хүний биед хэрэгтэй хэдэн макро элемент буюу уураг, нүүрс ус зэргийг авдаг, гэдэс дүүргэх зориулалттай зүйл гэсэн хүмүүсийн үзэлд тулгуурлаад том корпорациуд маш их хэмжээгээр хүнс үйлдвэрлэж, дэлхий дахинд хямд борлуулдаг. Хэрэглэгчид ч ялгаагүй дэлгүүрт очоод шошгыг нь хараад цэвэрхэн савлагаатай, мэргэжлийн хяналтаар баталгаажсан бол хэрэглээд байж болно гэсэн бэлэнчлэх сэтгэлгээгээр ханддаг. Хэрэглэгч юу хүснэ үйлдвэрлэгч тэрийг л хийнэ шүү дээ. Тэр байдлаасаа болоод хүнсийг “хямд” бүтээгдэхүүн болгочихож байгаа юм. 

Гэтэл энэ хандлага асар их хор хохирлыг дагуулдаг. Өнөөдөр дэлхий дахинд сөрөг нөлөө үүсгэж байгаа хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд хөдөө аж ахуйн салбар орж байна. Тив дамнасан тээвэрлэлтийн явцад асар их хаягдал гарна, дээр нь хэрэглэгч дээр ирээд бас хаягдал гардаг. Салан баавгай шиг авч, хаясаар өөрийн биед хэрэгтэй өчүүхэн жаахан зүйлийг авдаг. Эцэстээ энэ нь дэлхий дахины асуудал болоод ирж байгаа байхгүй юу. Ингээд бодохоор уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гацаанд орж байна.

Хоол зөвхөн гэдэс дүүргэх зүйл биш. Уоррен Ваффетын хэлсэн үг бий шүү дээ. “Хүн юу иднэ яг тийм зүйл болж хувирдаг” гэж. Идсэн зүйл тархины үйл ажиллагаанд хүртэл нөлөөлдөг. Тиймээс бусдад хор хохиролгүй аргаар үйлдвэрлэсэн, гэр бүл, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, биеийг чинь тэтгэх, оюун санааг чинь хооллох хүнс хэрэглэх хэрэгтэй. Миний мэдэхээр барууны орнуудад яг ийм асуудалтай тулгараад гарц хайсны дүнд “Орон нутгийн органик” гэсэн систем гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, идэж байгаа хоол хүнс чинь орон нутгийнх байх хэрэгтэй. Алсын зайн тээвэр хийнэ гэдэг чинь л хамгийн том асуудал үүсэж байгаа хэрэг. Чиний идэж байгаа хүнс гарт чинь хамгийн ойр газар бий болсон байх тусмаа шинэ, сайн гэсэн үг. Дээр нь органик байх хэрэгтэй. 

Ингэхээр органик гэдгээ тайлбарлах хэрэгтэй болж байна. Хорт бодисгүй, эргэн тойронд хор нөлөө болохгүй, хариуцлагатай аргаар, орон нутагт үйлдвэрлэсэн гэх зэрэг шалгуурууд бий. Ийм шалгуур тавиад эхлэхээр асар ихээр үйлдвэрлэж тэндээсээ ашиг олдог уламжлалт үйлдвэрлэл шахагдаад, “Market garden” аж ахуй олшроод ирнэ. Тэд чинь том корпорациуд шиг баяжих зорилгогүй, 300 дотор л хэрэглэгчийн тоо барьдаг газрууд шүү дээ. Манайх гэхэд л хангалттай хэрэглэгчтэй. Сүүлийн нэг жил хэрэглэгч өсөөд бүгдэд нь хүргэх бололцоогүй болоод ирж байна. Тэр нь манайх сайндаа бас биш, бидний ярьж байгаатай үзэл бодол нэг, саяны ярьсан асуудалд санаа зовсон хэрэглэгчид л гарц шийдэл хайж байгаа нь тэр.   

-“Ger garden” анхны баталгаажсан органик аж ахуй гэсэн тодотголтой юм байна. Үүнийг хаанаас олгодог юм бэ? 

-Баталгаажилт ярихын тулд хууль эрхзүйн орчин ярих хэрэгтэй болно. Манайх 2016 онд Органик хүнсний хууль гээд баталчихсан юм билээ. Энэ хуулийг дагасан стандарт 2018 онд гарсан. Тэр үед нь манай аж ахуй жигдэрчихсэн байсан л даа. Тэгээд би органик аж ахуй эрхэлдэг юм аа, үүнийгээ баталгаажуулчихмаар байна гээд Хөдөө аж ахуйн яам, Худалдаа аж үйлдвэрийн тэнхим энэ тэрээр их явдаг байлаа. Гэтэл нэг өдөр Хөдөө аж ахуйн яам, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Эрх зүйн орчин” төслөөс органик аж ахуйд сонирхолтой хүмүүс рүү холбогдож стандарт гарлаа, ирээд танилцаач гэлээ. Энэ төсөл бол баталгаажилт хийлгэхэд эрх зүйн талаас маш сайн дэмжлэг үзүүлсэн. Тэнд хоёр төрлөөр баталгаажуулалт заасан байгаа юм. Нэг нь, экспортод гаргах зориулалтаар их хэмжээгээр үйлдвэрлэх хүнсний баталгаажилтыг мэргэжлийн хувийн компаниуд өндөр төлбөртэйгээр хийгээд, шошго наагаад гадаадын зах зээлд гаргана. Хоёрт нь, дотоодын зах зээлд зориулсан жижиг аж ахуйнуудад оролцооны баталгаажуулалт хийнэ гэж. Тэр нь мэргэжлийн хяналт оролцохгүй, харин хүнсийг хэрэглэх орон нутгийн хэрэглэгчид, хүнс үйлдвэрлэлд оролцож буй талууд өөрсдөө нэгдээд баталгаажуулалт хийх гэсэн санаа. Тэр дагуу манайх баталгаажуулалт хийлгэсэн. Хууль гарсны дараа бэлэн байсан нь ганц манайх л байсан болов уу. Тэгээд бордоо хийдэг газрууд, аж ахуй эрхэлдэг хүмүүс, Хөдөө аж ахуйн их сургуулийн агрономчид, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн төлөөлөл, хэрэглэгчид нэгдээд баталгаажилтын байгууллага байгуулж байлаа. Анх найман гишүүнтэй эхэлсэн бол одоо 20-иод байгууллагын гишүүнтэй “Органик хөгжил” гээд баталгаажилтын байгууллага болсон байна. Энэ байгууллагын өөр нэг давуу тал нь ижил сонирхолтой хүмүүс нэгдээд маш сайн коммунити үүсгэдэгт байгаа юм. Ингээд ирэхээр өрсөлдөөн гэхээсээ бие биедээ зөвлөх, дутуугаа дүүргэх боломж гарч ирдэг.  

- Яг одоо асуух ёстой нэг асуулт байна. Тэгвэл Монголын хөрсөнд тарьсан ногоо бүхэн органик хүнс байж чадах уу? 

-Дээр хэлсэнчлэн органикийг шалгадаг стандарт бий. Органик хүнс гэдэг чинь органик үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг л хэлнэ. Үүнд хамгийн түрүүнд үр, тэгээд агаар, ус, бордоо ордог. Энэ бүгд органик байж л органик хүнс бий болно. Үрийг бол органик орчинд өсгөнө, эсвэл органик гэсэн сертификаттай үр байх ёстой. Жишээ нь, манайх өөрсдөө өсгөж чадахгүй үрээ Америкаас зөөдөг. Бас генетикийн өөрчлөлтгүй байх ёстой гэх мэт шалгуур бий. Агаар бол мэдээж цэвэр байх ёстой. Стандартаараа бол өдөртөө 2000 машин явдаг замаас хамгийн багадаа 2.5 км хол байх ёстой. Энэ заалтын дагуу Улаанбаатарт байгаа аж ахуй бол органик байх боломжгүй болчихож байгаа юм. Хөрс бол түүхийг нь харна, шинжилгээ шаардана. Ус болохоор эргэн тойрны бохирдлын эх үүсвэрийг шалгаад, хөрстэй адилхан жилдээ нэг удаа шинжилгээнд оруулна. Сүүлийнх нь бордоо органик байх хэрэгтэй, эсвэл органик сертификаттай байх гээд заачихдаг. 

Дээрх шаардлагыг хангаад үйлдвэрлэл хийлээ гэхэд үйлдвэрлэх явц өөрөө органик байх хэрэгтэй. Үүнд, газраа сэлгэх, боловсруулах стандартыг дагасан байна, химийн гаралтай бордоо, амьд биетийг устгах хор хэрэглэхгүй, эко системд хор нөлөөгүй, ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд хохиролгүй, хөдөлмөрийн мөлжлөггүй байх зэрэг шалгууртай. Ингээд дуусахгүй савлагаан дээр хүртэл дахин боловсруулах боломжтой, байгаль дэлхийд хор хохиролгүй гээд стандарт тавьдаг. Энэ бүхний үр дүнд органик гэсэн баталгаажилт хийж байгаа юм. 

Гэхдээ дэлгүүрийн лангуун дээр очихоор бүгд органик болчихдог. Гэтэл баталгаажсан органик бол цэвэр хөрсөндөө, цэвэр үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон учраас доторх шим тэжээл нь хүртэл өндөр байна гэсэн үг дээ.

-Одоо хэдэн нэр төрлийн хүнсний ногоо тарьж байна вэ? Тухайлбал, ямар онцлогтой сортууд байгаа вэ? 

-Сортыг ялгаж ярихад хэцүү. Сорт дээр үр үржүүлэгч нар ажилладаг. Сорт бол ямар ч сорт байж болно. Манайх бол хүлэмжийн аж ахуй боловч байгалийн процессыг дагадаг аж ахуй. Өөрөөр хэлбэл, Тэрэлжийн нэг нуга дахь цэцгийг бүгдийг нь ялгаад нэрлэ гэвэл чадах уу, үгүй шүү дээ. Учир нь, байгальд бүх зүйл холилдон ургадаг. Хөрсийг нь ухаад үзэхээр баахан хорхой шавьж бий. Уламжлалтаар бодохоор тэр хорхой шавьж тариалалтад гай тарина даа, гэтэл эсрэгээрээ тус болдог. Манайх яг ийм жишгээр эгнээ эгнээгээр нь өөр өөр ногоо хольж тардаг. Тэр ногоонуудын дунд балт цэцэг оруулаад тарьчихна. Тэр цэцгүүд чинь маш их шавьж татдаг байхгүй юу. Хажууд нь бас хүнсний ногоо идэх дуртай шавьжнууд ирнэ. Ингээд өнөөх цэцгэн дээр цугласан шавьж ногооны хортой шавьжнуудыг барьж иддэг. Ийм маягаар байгалийн органик устгагч ашиглаж байгаа хэрэг. 

Манайх одоо 30 төрлийн ногоо тариад хэдхэн төрлийг л дэлгүүрүүдэд өгч байгаа. Үлдсэнийг нь хувь хэрэглэгчид рүүгээ сагслаад явуулчихна. Иймэрхүү байдлаар маркетинг хийх ч шаардлагагүй гарц дуусдаг. Ерөөсөө энэ төрлийн аж ахуйг хэрэглэгч, хүмүүс ойлгож байж л үйл ажиллагаа тогтвортой явдаг гэсэн үг. 

ЗурагТайлбар



-Хотын үймээн шуугианаас холдоод, цэвэр саруулхан газар амьдарч, хүлэмжиндээ хүнсний ногоогоо тариад, түүгээрээ амьжиргаагаа залгуулаад амьдрах хүсэлтэй хүмүүс олон болсон юм шиг байна. Энэ мөрөөдөл гэхдээ хэр ойрын, амар ажил байдаг юм бэ? 

-Ямар зорилготойгоос шалтгаалах байх. Хэрэв зөвхөн мөнгөн ашгийн төлөө бизнес хийх зорилготой бол би нэг их зүйл зөвлөж чадахгүй. Амьдралын хэв маяг, амьдралын философи дээр тулгуурласан аж ахуйн зорилго бол туршлагаа ярьж болох юм. Ийм аж ахуйн онцлог нь үр хүүхэд, гэр бүлтэйгээ цагаа өнгөрүүлдэг, эрүүл орчинд хүүхдээ өсгөх, чанартай хоол хүнс хэрэглэх, ижил зорилготой хүмүүстэйгээ холбогддогт байгаа юм. Тэрнээс нэг их мөнгө олоод шалихгүй. Амьдралыг тэтгэх хэмжээнд л аваад явна. 

Хүүхдээ сургуульд сургачихна, өвдөхөд эмнэлэгт очоод үзүүлчихдэг, магад сайн ажиллавал гадагшаа ганц хоёр удаа явчих мөнгө олдог. Энэ л бараг дээд хязгаар нь.

Ихэнх хүн залуу насандаа эцэж унатлаа ажлаад насныхаа эцэст тэрнийхээ үр шимийг хүртэнэ гэж боддог. Гэтэл насныхаа эцэст эдлэх гээд байгаа юмыг өдөр тутмынхаа ажил хэрэгтэй холбоод, чанартай, эрүүл, байгальтай ойр амьдаръя гэсэн хүмүүст энэ аж ахуй тохирно. Ийм зүйлд зорьж яваа хүмүүст зөвлөхөд нэгт, хамаагүй их мөнгө зарах хэрэггүй. Бага багаар аажуухан туршлагажаад явах нь зүйтэй. Хоёрт, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болох. Тэгэхгүй бол наймдугаар сард баахан помидор гараад ирнэ. Тэгэнгүүт бие биеэсээ өрсөж зарах гээд үнээ буулгаад л, ингэж тэгсээр зарж чадахгүй өнгөрнө. Ингээд алдагдалд орж байгаа юм. Тэгэхээр үнэ цэнтэй юм бий болгож байгааг чинь ойлгоод хүнд хэцүү, аз жаргалтай аль ч үед хамт байх үнэнч хэрэглэгчээ олох хэрэгтэй. Тэгэхийн тулд хэрэглэгчтэйгээ ойр байж, юу хийж байгаагаа ойлгуулдаг байх хэрэгтэй. Манай аж ахуй хэрэглэгчийн хүчинд л тогтвортой байна шүү дээ. Би бол хэрэглэгчдээ тогтмол аваачиж, үзүүлж харуулж, хүсвэл ажиллуулдаг. Гуравт, арга технологи суралцах. Хэн ч хор хэрэглэе гэж бодохгүй. Гэтэл эхний жилээ гайгүй явж байснаа хоёрдахь жилээс өнөөх хөрс нь муудаад шавьж устгагч хор хэрэглэх дээрээ тулдаг. Тиймээс эхнээсээ системтэй, технологитой явах хэрэгтэй. 

-Мал маллах, тариа ногоо тарих гээд хэн бүхний зүрхлэхэд хэцүү хүнд хөдөлмөрт зорьж, энэ хэмжээнд хүргэхэд таны ард байгаа баг бас чухал нөлөөтэй байсан байх? Багт нь ямар хүмүүс ажилладаг вэ, цаашид үйл ажиллагаа нь хэрхэн өргөжих вэ? 

-Багийн хувьд 2-6 хүн улирлын чанартай ажилладаг. Ихэвчлэн гэр бүлийнхэн ажилладаг. Манай дүү нөхөртэйгөө үйл ажиллагааг хянаад явдаг. Хавраас намар хүртэл хоёр хүн, зун ажил нэмэгдэхээр дахиад хоёр хүнээр хүч нэмэгдүүлнэ. Ер нь л гэр бүлийн хүч хөдөлмөрт дулдуйдсан бизнес юм даа. Цаашдын төлөвлөгөөний хувьд томруулах гэхээсээ системээ чамбайруулахыг зорьж байгаа. 

-Тантай дан ганц органик хүнсний тухай яриад өнгөрмөөргүй байна. Өнгөрсөн онд таны хань Ж.Питер Морроу агсны дурсамж “Миний Монгол” ном хэвлэгдсэн. Номын дараах уншигчдын сэтгэгдэл ямархуу байна вэ? 

-Хэвлүүлэх гээд бэлдэж байхдаа шүүмжлэлтэй өнцгөөс бичсэн зүйлийг нь уншаад нэлээд эмээж байсан. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэдгээс. Гэтэл их эерэгээр хүлээж авсан шүү. 2000 оноос хойших орчин цагийн Монголын талаар ингэж дэлгэрэнгүй бичсэн ном ховор байдагтай ч холбоотой байх. Монгол хүмүүсийн дунд амьдарч байсан цаг үеэ, эргэн тойрноо зураг дарчихсан юм шиг маш сайн дүрслэн бичсэн ном. Гэхдээ өөрийн үзэл бодлыг тусгалгүй, яг бодит нөхцөлийг шууд бичсэн болохоор хүмүүст үнэн хүрч байгаа юм шиг санагддаг. 

-Ж.Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” тэтгэлгийг бас Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтарч хэрэгжүүлдэг. Энэ мэтээр та нийгэмд чиглэсэн ажлуудад анхаардаг юм шиг байна?

-“Гэрэлт морьд” тэтгэлэг таван жил дараалан зарлагдаж, олон сайн төслүүд төрсөн. Пит өөрөө өргөн далайцтай сэтгэдэг, тал бүрийн зүйлийг сонирхдог хүн байлаа шүү дээ. “Монголын Урлагийн Зөвлөл”-ийг анх байгуулагдахад оролцож, санхүүгийн хувьд төлөвшихөд тусалж байлаа. Энэ нь бас надад нөлөөлсөн ч байж мэднэ. Охин, бид хоёр хүүхдийн номын төсөлд грант олгохоор саяхан шийдвэрээ гаргаад байгаа. Мөн би “Ид шидийн орон” төслийн “Америк дахь ид шидтэй ах эгч нар” аяны хамгийн анхны элсэгч, хандивлагч болсон юм. Энэ мэтээр сонирхож буй, санаа бодол нийлж буй зүйлдээ чадах чинээгээрээ оролцохыг хичээдэг дээ. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Walt Jenkins 2023.12.09 66.109.210.204

Thank you for that write-up Pagma. I think you guys have done great work in maintaining and expanding the organic concept. Funny you should mention marigolds in the write-up as it was one of the first thing I learned from "Organic Gardening and Farming" magazine many years ago about how marigolds tended to chase away harmful insects without the use of poison sprays.

0 Хариулах