Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Humans of UB | Цаг үе ба залуусын оролцоо


Энэ удаагийн “Humans of UB” буланд маань Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн бага ирцтэй оролцсон гэх 20-24 насны залуусын төлөөлөл оролцон улс төрийн идэвх оролцооны талаар өөрсдийн бодлоо хуваалцлаа. Үе үеийнхний өссөн орчин, төрсөн нийгэм нь өөр учраас тэдний үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл ч бас ялгардаг билээ. Тэдний өнцгөөс өнөөгийн нийгмийг тольдохыг хүссэн хэн бүхэнд энэхүү дугаарыг зориулж байна.

Х. Цэрэндолгор, 24 настай, Транс банкны хуулийн мэргэжилтэн

Дөрвөн жилийн өмнө Хятадад суралцаж байхдаа анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байсан. Тухайн үед дэлхийн хаана ч байсан эх орныхоо томоохон үйл явдалд оролцон, өөрийн саналыг өгөх эрхтэй гэдгээ мэдрэх нь сэтгэлд их бахархалтай санагдаж байлаа. Энэ удаагийн сонгуульд ч мөн адил эрхээ эдэлж, хариуцлагаа үүрэх энэ боломжийг ихээхэн нандигнаж сонгуулиа өгсөн дөө. 

Хятад улсын төр, нийгмийн тогтолцоо нь манайхаас тэс өөр, иргэд нь улс төрийн холбогдолтой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломж хаагдмал байдаг. Ийм байх аймаар биш гэж үү. Тиймээс бидний хувьд сонгуульд саналаа өгөн, хүссэн өөрчлөлтдөө гар бие оролцоно гэдэг их үнэ цэнтэй зүйл. Бид улс эх орны амин сүнс болсон Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн, энэ нийгмийг хамтдаа бүтээж байна шүү дээ. Сонгуулийн үйл явц ямар ч байсан, бид саналын хуудас бөглөж сонголт хийнэ гэдэг ардчилсан нийгмийн иргэдэд олгогдсон том эрх чөлөө. Мэдээж засаж сайжруулах зүйл зөндөө. Цаашдаа болно бүтнэ гээд, дор бүрнээ хичээж ажиллах хэрэгтэй. Бүх зүйл ганцхан улс төрөөс л шалтгаалахгүй шүү дээ. Нийгэм гэдэг харилцан хамааралтай бүрэн цогц тогтолцоо. Өнөөдөр таны хийсэн алхам "эрвээхэйн нөлөө" гэдэг шиг л ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйлд нөлөөлж л таараа. 

Харин залуус бидний оролцоо хангалтгүй байсанд маш харамсалтай байна. Мэдээж цар тахал, шилжилт хөдөлгөөн гэх мэт олон давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн болов уу. Нөгөө талаас саналаа өгөхөөс татгалзсан хүмүүсийг сайн ойлгохгүй байна. 

Бид Ерөнхийлөгчөөс хэтэрхий их зүйлийг хүлээгээд байж магад. Улс орны эв нэгдлийг бататгах ёстой албан тушаалаас болж дотроо хагаралдан, талцана гэдэг байж боломгүй зүйл. Миний хувьд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд шударга бөгөөд оновчтой шийдвэрүүдийг гаргаж, саруул ухаанаар хайртай Монгол орныг минь удирдан чиглүүлээсэй л гэж хүсэх байна даа.

Ү. Төгөлдөр, 23 настай, “Монгол Элч” ТББ-ын гүйцэтгэх менежер

Миний өдөр тутмын амьдрал завгүй, ачаалалтай байдаг болоод ч тэр үү улс төр, нийгмийн асуудалд хангалттай анхаарч чаддаггүй. Үүндээ бас жаахан гэмшилтэй явдаг л даа. Харин одоо насаа ч бодсон тэр ийм сэдвүүдэд анхаарч эхлэх нь зөв байх. Айхтар нөлөө бүхий оролцоотой байж чадахгүй юм аа гэхэд ядаж юу болоод байгаа тухай мэдээлэлтэй, сэрэмжтэй байвал зүгээр. Миний хувьд, энэ удаагийн сонгууль нэг л мэдэхэд болоод өнгөрсөн. Юу ч бодолгүй явж байтал нэр дэвшигчид гарч ирээд, сурталчилгаа хийгээд л, сонгуулийн өдөр болоход нь очиж саналаа өгсөн дөө. 

Улс төрийн талаарх элдэв янзын мэдээлэл эргэн тойронд яригдаж байдаг ч хүмүүс улс төрийн асуудалд хэт дөжирчихсөн юм шиг санагддаг. Ингэж л байдаг юм гэсэн өнгөц хандлагатай, хүлээн зөвшөөрсөн байдал ажиглагддаг. Намайг Солонгост сурч байхад улс төрийн уур амьсгал нь их анхаарал татдаг байлаа. Тэнд ард түмэн шаардлагаа тавьж, улстөрчид бодитоор хэрэгжүүлдэг. Хэрэв тэгж чадахгүй бол огцорно эсвэл амиа хорлох ч тохиолдол гарна. Харин Монголын улс төр дэх өнөөгийн популист хандлагаас “чухал” хариуцлагатай байдал руу шилжихийн тулд аль аль талдаа боловсрох хугацаа хэрэгтэй юм болов уу.

Муухайгаар хэлэхэд, манай залуус хэт жаргалтай, бодож санах зүйлгүй яваа юм шиг. Хувийн амьдрал нь ид өрнөөд хэт завгүй, өнөө маргаашийнхаа асуудал, үйл явдалд илүү анхаардаг байх. Магадгүй залуусын хувьд одооноос л “улс төр гэдэг чинь юу билээ” гэсэн нухацтай бодол төрж байгаа. Иргэд идэвхтэй байж, сонгуульдаа хариуцлагатайгаар оролцдог улс төрийн соёлд суралцахын тулд урт хугацааны алхамууд, олон удаагийн зөв шийдвэрүүд хэрэгтэй. Энэ явцдаа туршлага сууж, үр дүнгээс нь дүн шинжилгээ хийн дараа дараагийн үйл явдалд хэрхэн хандахаа мэднэ гэсэн үг.

Нэг зүйлийг хэлэхэд, сонгуулийн өдрийн маргааш бүх зүйл орвонгоороо эргэхгүй шүү дээ. Бидний амьдрал үргэлжилсээр, дор бүрнээ өмнөх ажлаа хийгээд л явна. Энэ удаагийн сонгууль ч гэсэн өмнөх удаагийнхаас илүү цэвэрхэн, хар бараан ухуулга багатай байх шиг санагдсан. Улс орны хөдөлгөгч хүч нь ард түмэн учраас бид тусралтгүй хичээж байж л алсдаа энэ бүхэн алхам алхмаар сайжирна гэдэгт итгэж байна. 

Г. Мөнх-Үжин, 22 настай, ШУТИС-ийн хүнсний технологийн ангийн төгсөх курсийн оюутан

Сонгогчийн хувьд би ИТХ-ын сонгуулийг оруулаад 4 дэх удаагаа саналаа өгч байна. Жил ирэх тусам илүү хариуцлагатай сонгогч байхыг хичээх болсон. Анх удаа сонгууль өгөхдөө мөрийн хөтөлбөрүүдтэй ч сайн танилцалгүй оролцож байлаа. Энэ удаа мөрийн хөтөлбөрүүдийг бүрэн уншиж, дүгнэлтээ хийн хүссэн хүндээ саналаа өгсөндөө баяртай байна. 

Хамгийн анх 2020 оны УИХ-ын сонгуульд иргэний нийгмийн ажиглагчаар ажиллаж байсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч бас ажиглалт хийсэн. Намын ажиглагчид тодорхой нэр дэвшигчийг төлөөлөн ажилладаг бол хараат бус сайн дурын ажиглагч нь нийт иргэдийн өмнөөс санал авах үйл ажиллагаа будлиангүй явагдаж байгаа эсэхийг хянадаг гэж би ойлгодог. Тиймдээ ч сайн дураараа ажиллах дуртай. 

Хөндлөнгийн хяналт, ажиглалт хийж байгаа гол утга учир нь шударга сонгууль явагдахын төлөө юм. Хүмүүс санал тоолох хар машинд итгэдэггүй, “хакердах” боломжтой, бараг л машин дотор нь хүн суугаад хоосон саналын хуудас орж ирвэл бөглөчихдөг гэх маягийн зүйл ярьдаг. Ер нь л сонгогчид одоо болтол саналаа өгч сураагүй байгаа нь хачирхалтай санагдсан. Нэр дэвшигчийн өмнөх дугуйг зөв буддаггүй, гадуур нь тойруулаад зурчихдаг, дээр нь зөвлөөд тэмдэглэчихдэг эсвэл сонгох ёстойгоос олон нэр дэвшигчийг сонгож тэмдэглээд байдаг гэх мэт.

Үүнээс гадна сонгогчид саналаа нууцлах эрхтэй гэдгээ ойлгох хэрэгтэй. Өөрөө л хэлээгүй бол таны хэнд саналаа өгснийг бусад хүн мэдэх боломжгүй. Тийм л сонголтын эрх чөлөөг танд олгохын тулд сонгуулийн тогтолцоо ажиллаж байгаа. Залуучууд дээр ажиглагдсан нэг зүйл нь бүхээгийн ард саналын хуудасныхаа зургийг авах, машинд уншуулахдаа цахим сүлжээндээ “стори” хийхийг оролдож байсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас ажиглагчид болон хэсгийн хорооны ажилтнууд тухай бүрд нь таслан зогсоосон. 

Энэ удаагийн сонгуулийн санал тоолох үйл ажиллагааны онцлог нь бүх хэсгийн хороодод хяналтын тооллого хийсэн явдал. Саналын хуудасны дүнг гараар тоолж машины тоолсон дүнтэй тулгаж шалгана гэсэн үг л дээ. Яг л таардаг юм билээ. 

С. Мөнхтулга, 21 настай, АШУҮИС-ийн 2-р курсийн оюутан

Өнгөрсөн жил анх удаа УИХ-ын сонгуульд оролцсон, энэ жил хоёр дахь удаагаа саналаа өгч байна. Сонгуулийн санал хураах үйл явц зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй явагдсан гэж бодож байна. Хүмүүс амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсан. Сонгууль өгөх аравхан минутын л ажил байсан. Аравхан минутыг л зарцуулаад ирээдүйн амьдралд тань нөлөөлөх хүчин зүйлсэд оролцоогоо бататгана гэсэн үг. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учраас хойшлуулж болоогүй юм байхдаа л гэж бодсон. Миний хувьд цагаан сонголт хийх хүсэлтэй байсан ч тэглээ гээд тодорхой үр дүнд хүрэх боломжгүй мэт санагдаад гурван нэр дэвшигчийн нэгийг сонгосон. Нэг бүрчлэн мөрийн хөтөлбөрийг нь тулгаагүй ч ерөнхийд нь уншаад тодорхой ойлголт авсан. Мөрийн хөтөлбөрүүд нь Ерөнхийлөгчийн хийж чадах зүйлсээс давсан, хүмүүст таалагдах гэсэн агуулгатай ч юм шиг. 

Энэ удаад залуусын ирц их бага байлаа. Ер нь залуус их амархан “хөөсөрчихдөг”. Цахим орчин эсвэл найз нөхдийнхөө хүрээнд идэвхтэй мэт харагддаг ч яг санал хураалтын өдөр өөрсдөө алга болчихдог. Уг нь хүн амын хувьд бид маш олуулаа. Нэгдээд дуу хоолойгоо хүргэнэ гэвэл нийгэмд нөлөөлж чадахуйц. Мэдээж дуу хоолойгоо хүргэхээс өмнө тухайн зүйлийнхээ талаар ойлголттой байх хэрэгтэй. Бидний хувьд бусдыг даган дуурайх бус өөрийн гэсэн үзэл бодлыг цогцлоох нь чухал санагддаг. Хүсэх л юм бол, хүссэн мэдээллээ ханаас ч авах боломжтой цаг үе шүү дээ. Нөгөө талаас залуус улс төрөөс халширч, зайгаа барьж буй нь тодорхой шалтгаантай л байх. Амьдарч буй нийгмээ хүссэн зүгтээ залахын тулд зүгээр л шүүмжлээд, цахимаар яриад байлгүй оролцох ёстой гэж л хэлмээр байна.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.01
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 19 хөгжилтэй пост
3
2021.09.13
Конор Макгрегор, Machine Gun Kelly нар "MTV"-ийн ёслол дээр зодолдох шахжээ
холбоотой мэдээ
1
2021.06.12
Өөрчлөлтийн эхлэл нь чиний, миний, бидний санал бас оролцоо
2
2021.06.12
Луна саналаа өгөхөөр алхсан нь
3
2021.06.07
Playlist: Сонгуулийн өдөр сонсох 9 дуу (+Өөдрөг, гэгээлэг, амар амгалан)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдтэй холбоотой 14 пост, мийм
3
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ESUIGEN 2021.06.12 102.89.3.237

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) 

0 Хариулах