UBLife Logo
Дэлхий

Израилд л хүлээн зөвшөөрөгдсөн Сомалиленд улс

Израилд л хүлээн зөвшөөрөгдсөн Сомалиленд улс

Өнгөрсөн 12 дугаар сарын 26-нд Израил улс Африк тивийн Сомалиленд улсыг тусгаар тогтносон улс гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнөө зарласан нь энэхүү оронд олны анхаарлыг хандуулж өглөө. Хоёр орны талаас энэхүү түүхэн гэрээнд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Сомалилендын Ерөнхийлөгч Абдирахман Мохамед Абдуллахи нар гарын үсэг зуржээ. Сомалид яг одоо энэ талаар Израилын эсрэг жагсаал цуглаан ид болж байна. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ улс яаж амьдарч, хөгжиж байна вэ?

Сомалиленд нь Сомали улсын Баруун хойд хэсэгт оршдог. 1884-1960 онд энэ газар нутгийг Их Британийн Сомалиленд гэж нэрлэдэг байсан бөгөөд эзэмшил газар нь байлаа. Улаан тэнгисийг Энэтхэгийн далайтай холбосон чухал зам дээр оршдог тул стратегийн тун хэрэгтэй бүс юм.

1960 онд Африк даяар тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөхөд Сомалиленд тусгаар тогтнолоо зарласныг Их Британи хүлээн зөвшөөрчээ. Гэвч хэдхэн сарын дараа Сомалиленд улс сайн дураараа Их Сомали улсын бүрэлдэхүүнд нэгдсэн юм.

Энэ холбоо бат бэх байж чадсангүй. 1980-аад оны сүүлээр Сомалид иргэний дайн дэгдэж, 1988 онд засгийн газар унахад Сомали улс хэд хэдэн хэсэг болон задарлаа.

Энэ үед 1991 онд Сомалиленд тусгаар тогтнолоо зарласан ч хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй.

Одоо Сомалиленд бүрэн бүтэн улсын бүх шинж тэмдгийг хадгалсан улс. Сүлд далбаа, парламент, Ерөнхийлөгч, хил хязгаар, зэвсэгт хүчин, үндэсний мөнгөн тэмдэгттэй.

Нийт 176 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. 4,2 сая хүнтэй нь Сомалигийн нийт хүн амын 30 хувийг эзэлж байна.

Хэдийгээр хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй ч энд улс төрийн систем тогтвортой, аюулгүй байдлын баталгаатай.

Эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй. Сомалид нэгдсэн байхдаа Сомалиленд нь хонины экспортоор Австралийн дараа дэлхийд хоёрт ордог байлаа. Харин тэмээгээр бол дэлхийд тэргүүлдэг байсан юм.

Сомалиленд Африкийн хамгийн хуурай, ган гачигтай газрын нэг. Тогтмол цэвэр усны эх үүсвэр байхгүй тул амьдрал бороо, хур тунадасаас хамаарна. Уур амьсгалын өөрчлөлтөөр байдал улам хэцүүдэж байна.

2016 онд болсон ган гачигаар малын 80 хувь нь үхсэн тул одоо ядуурал нүүрлэж, иргэд гадаадад гарах хүсэлтэй болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.