Өнөөдөр өглөө Саудын Арабт Испанийн Супер цомын финалын тоглолт болж, Испанийн хоёр агуу баг нүүр туллаа. Ээлжит Эль-Класико үнэхээр сайхан болж өнгөрлөө. Олон гоолтой, сонирхолтой мөч ихтэй, эцсийн секунд хүртэл үзэгчдийг догдлуулсан сайхан тоглолт байв.
Урьдчилан таамаглаж байснаар Барселона бөмбөг илүү эзэмшиж, Реал сөрөг довтолно. Рафинья 36 дахь минутад эхний гоолыг оруулсан. Харин эхний үеийн шүүгчийн нэмэлт цагт жинхэнэ солиорол болсон. Шүүгч 3 минут нэмсэн ч нэмэлт цагт 3 гоол орсон. Эхлээд Винисиус хувийн ур чадвараар тоог тэнцүүллээ. Дараа нь Левандовски бөмбөг оруулж, Барса дахиад илүү гарлаа. Тоглолтын цаг 50 минут 40 секунд зааж байхад Реал тоог тэнцүүлсэн юм.

Хоёрдугаар үед Винисиус аюултай довтолж байсан ч гоол хийсэн нь Барса. Рафинья 73 дахь минутад энэ өдрийн хоёр дахь гоолоо хийж, Барса 3:2 хошуучилж эхэллээ. Дасгалжуулагч Алонсо гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа Мбаппег тулааны талбарт оруулсан ч тоог тэнцүүлж чадсангүй. Мбаппе Реал-д ирээд 6 удаа Барса-гийн эсрэг тоглож, тав дахь ялагдлаа амсжээ.
“Барселона” ийнхүү хоёр жил дараалан, нийт 16 дахь удаагаа Испанийн Супер цомын эзэн болж байна.
Барселона - Реал Мадрид - 3:2 (2:2)
Жидда. Стадион "Король Абдалла Спортс Сити". 60326 үзэгч.
Шүүгч - Хосе Мунуэра Монтеро.
Гоол: Рафинья, 36 (1:0). Винисиус Жуниор, 45+2 (1:1). Роберт Левандовски, 45+4 (2:1). Гонсало Гарсия, 45+6 (2:2). Рафинья, 73 (3:2).
Барселона (4-2-3-1): Жоан Гарсия; Кунде, Кубарси, Эрик Гарсия (83’ Жерар Мартин), А.Бальде; Ф.де Йонг, Педри; Ламин Ямаль (90+2’ Рональд Араухо), Фермин Лопес (66’ Дани Ольмо), Рафинья (83’ Рэшфорд); Левандовски (66’ Ферран Торрес).
Ахлах дасгалжуулагч: Ханс-Дитер Флик.
Реал Мадрид (4-2-3-1): Куртуа; Федерико Вальверде (68’ Арда Гюлер), Рауль Асенсио, Хёйсен (76’ Алаба), Альваро Каррерас; Тчуамени, Камавинга (82’ Дани Себальос); Родриго, Жуд Беллингем, Винисиус Жуниор (82’ Мастантуоно); Гонсало Гарсия (76’ Килиан Мбаппе).
Ахлах дасгалжуулагч: Шаби Алонсо.
