Олон улсын “Дакар Ралли 2026” ид дундаа үргэлжилж байна. Энэ удаагийн Дакар Раллигийн хамгийн урт өдөр болох 483 км замтай 8 дахь гараа амжилттай өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус зам цаг агаарын таагүй нөхцөлд буюу шуургатай байж тамирчдын жинхэнэ шандсыг шалгалаа.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн турш шуурсан ч тамирчид энэ бол ДАКАР шүү дээ гэж байв. “Тал Нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд 5 цаг 16 минут 19 секундэд цаг тооцох замаа туулж, нийт тамирчдаас 26 дугаар байрт, Ралли 2 ангилалдаа 16 дугаарт бичигдсэн бол ОУХМ П.Мөрөн 5 цаг 25 минут 37 секундээр нийт тамирчдаас 30, Ралли 2 төрөлдөө 20 дугаар байранд эрэмбэлэгдлээ.

Мотоциклийн төрөлд энэ өдөр тэргүүн байрт L.Benavides, хоёрдугаарт D.Sanders, гуравдугаар байрт R.Brabec нар орлоо. Маргааш Dakar Rally уралдааны 2-р марафон гараа эхэлж, хоёр өдөр мөн л механик үйлчилгээний баггүй уралдана.

Уралдаан Wadi Ad-Dawasir хотоос хөдөлж, хээр хоноглох түр бааз хүртэл нийт 541 км зам туулах ба уралдааны цаг тооцох 418 км зам туулна. 9 дүгээр гарааны замын нөхцөл байдал нь шороон зам 73%, элс 12%, элсэн манхан 8%, хадархаг 7% замыг туулж, барианд орох юм.
