2006 оноос эхлэн ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос “FIFA WORLD CUP TROPHY TOUR” -ыг зохион хөлбөмбөгийн дэлхийн аваргын “Алтан цом”-ыг ДАШТ-ий өмнө дэлхийн улс орон, хотуудад аялуулж, хөлбөмбөгийн хорхойтон сая сая хүмүүст “Алтан цом”-ыг хамгийн ойрхноос харж, зургаа татуулах боломж олгодог уламжлалтай болсон билээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 182 оронд “Алтан цом” зочилж, 4 сая гаруй хөлбөмбөгийн хорхойтнуудтай “уулзаж” амжжээ.

1930 оноос эхлэн дөрвөн жил тутамд явагддаг хөлбөмбөгийн Дэлхийн аваргад олгодог Алтан цомын туулсан түүх, намтар баялаг. 1930 -1970 онд Дэлхийн аваргад 35 см өндөр, 3,8 кг жинтэй Эртний Грекийн Ялалтын бурхныг дүрсэлсэн алтан цом олгож байсан билээ. “Ялалт”, “Алтан дагина” “Дэлхийн цом” гээд олон янзаар нэрлэгдэж байсан ч энэ цомын албан ёсны нэр нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг санаачилсан, ФИФА-гийн гурав дахь Ерөнхийлөгч Жюль Римегийн нэрээр нэрлэгддэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед гутлын хайрцаг доор “нуугдаж”, фашистуудын олз болоогүй эсэн мэнд үлдсэн “Алтан дагина” маань 1966 онд ДАШТ эхлэхээс дөрвөн сарын өмнө үзэсгэлэнгийн танхимаас хулгайд алдагдаж, долоо хоногийн дараа “Алтан цомыг” хогийн саванд сонинд боогоод хаясан байсныг Пиклз гэртэй нохой олж байлаа. 1970 онд Бразилийн хөлбөмбөгчид дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртэхэд нь үүрд хадгалуулан үлдээх болсон юм. Харамсалтай нь Бразилийн хөлбөмбөгийн холбооны байранд хадгалагдаж байсан “Алтан дагина” 1983 онд дахин хулгайд алдагдаад олдоогүй билээ.

Харин одоогийн “Алтан цомыг” Италийн уран барималч Сильвио Гаццаниагийн загвараар бүтээсэн бөгөөд албан ёсны нэр нь FIFA WORLD CUP. 1974 оны ДАШТ-ээс анх олгосон юм. Гэхдээ шинэ цомыг аль нэг багт хэд ч түрүүлсэн үүрд хадгалах эрх өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Алтан цомын өндөр нь 36,5 см бөгөөд 5 кг алт орсон ажээ. Дэлхийн бөмбөрцгийг өргөж буй хоёр хүний дүрстэй “Алтан цом” -ын ёроолд аварга болсон багуудын нэрийг бичдэг бөгөөд ямар ч байсан 2038 он хүртэл аварга багуудын нэрийг бичих зай бий гэдэг. ДАШТ-ий дуусч шинэ аварга тодормогц ориг “Алтан цом”-ыг аварга багт гардуулдаг бөгөөд дараа нь ФИФА жинхэнэ цомыг буцаан авч , мөн л алтаар бүрсэн дуураймал цомыг аварга багт үүрд хадгалуулдаг журамтай. “FIFA WORLD CUP” -ийн аваргын цомын жинхэнэ эх хувь бусад үед Цюрих хотноо байдаг ФИФА-гийн Дэлхийн хөлбөмбөгийн музейд хадгалагдаж байдаг юм.

Спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хамгийн үнэ цэнэтэй, хамгийн алдартай энэхүү цомыг ойрхноос харж, үр хүүхэд , гэр бүлийн хамт дурсгалын зураг татуулж, Хөлбөмбөгийн ДАШТ-ий уур амьсгалаа эхлүүлээрэй!
Хөлбөмбөгчин болгоны хүсэл мөрөөдөл болсон, тэдэн дотроос цөөхөн л азтай, одтой, хувьтай аваргууд, домгууд, супер оддын ялалтын хөлстэй гараараа барьсан, хийморь нь шингэсэн “FIFA WORLD CUP”-ын "Алтан цом" айсуй!
"FIFA World cup trophy tour-2026" хуваарь
Энэ жил "Алтан цом" тэмцээнийг зохион байгуулах гурван орны (АНУ, Канад, Мексик) 38 хотоор (Үүнээс 16 нь ДАШТ-ий тоглолт болох хот) аялах юм. Манайхан олноороо амьдардаг АНУ, Канадад "Алтан цом"-ын айлчлах хуваарийг толилуулья.
АНУ
Гуравдугаар сар:
:soccer:24-25 Лос Анжелес
:soccer:28 Лас Вегас
:soccer:29-30 Сан Франциско
Дөрөвдүгээр сар:
:soccer:1 Солт Лэйк сити
:soccer:4 Портлэнд
:soccer:5-6 Сиэтл
:soccer:14-15 Чикаго
:soccer:17 Сент Луис
:soccer:18-19 Канзас сити
:soccer:25-26 Даллас
:soccer:27-29 Остин
:soccer:30 Сан Антонио
Тавдугаар сар:
:soccer:2-3 Хьюстон
:soccer:5 Нью Орлеан
:soccer:7 Бирмингем
:soccer:9-10 Майами
:soccer:11-12 Орландо
:soccer:15-16 Атланта
:soccer:21 Филадельфи
:soccer:30-31 Бостон
Зургадугаар сар:
:soccer:3 Нью Йорк/ Нью Жерси
КАНАД
Дөрөвдүгээр сар:
:soccer:10-11 Ванкувер
:soccer:12 Калгари
:soccer:13 Виннипег
Тавдугаар сар:
:soccer:22 Монреаль
:soccer:23 Халифэкс
:soccer:24 Оттава
:soccer:25-26 Торонто
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
