UBLife Logo
Дэлхий

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цаазын ял оноохыг шаардав

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цаазын ял оноохыг шаардав

2024 оны 12 дугаар сард улс орондоо онц байдал зарлаж, иргэний дайн үүсгэх шахсан тэр үеийн Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг шүүх хурал болж байна. Тэрээр энэ шийдвэрээ БНАСАУ-д талтай ханддаг, ард түмний аз жаргалыг хулгайлахыг хүссэн төрийн эсрэг хүчнээс улс орноо хамгаалах шаардлагаас үүдэлтэй гэж тайлбарлаж байсан билээ. Шүүх хурал дээр прокурорын тусгай хэсэг түүнд төрийн эргэлт хийх гэсэн тул цаазын ял оноохыг шаарджээ.

Тус хэсгийн төлөөлөгч хурал дээр “Ерөнхийлөгч асан Юн засгийн эрхэнд удаан хугацаанд байхын тулд Шүүх болон хууль тогтоох байгууллагуудыг эрхэндээ авсан. Ерөнхийлөгчийн өргөөнд бэхлэлт барин, мөрдөгч нарын ажилд саад учруулсан. Хойд Солонгосыг албаар өдөөн хатгаж, мөргөлдөөн үүсгээд, түүнийг ашиглан, БНСУ-д дайны байдал зарлахыг завдсан. Түүний гэмт хэрэг маш хүнд хэрэг. Тэрээр ард түмний төлөө зориулагдах ёстой байсан улсын өмч, нөөцийг энэ зорилгодоо ашигласан” гэж буруутгасан байна.

Шүүхээс эцсийн ялыг хоёрдугаар сарын 19-нд оноох болно.

Цаазын ял сонсох дөхөөд байгаа Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэж хэн бэ?

Залуу нас

Юн 1960 онд Сөүлд багшийн гэр бүлд төржээ. Сөүлийн үндэсний их сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 1980 онд тэр үеийн Ерөнхийлөгч Чон Ду Хваны эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. Бусдынхаа хамт тэрээр Ерөнхийлөгчийг шүүх хурлыг зохиомлоор хийж, өөрөө яллагчаар ажиллан, цаазын ял оноож байсан удаатай. Бослого дарагдсаны дараа Юн хөдөө орон нутагт нуугдсан байна. Энэ явдлын улмаас бүтэн арван жилийн турш Юн өмгөөлөгч болох шалгалтаа өгч чадаагүй байна.

Авлигатай тэмцэгч

1994 оноос Юн Тэгү хотод өмгөөлөгчөөр ажиллаж эхэллээ. Удалгүй авлигын хэргийг мөрдөн шалгах онцгой хэлтсийн даргаар томилогдов. 2000-аад оны эхээр Bae, Kim & Lee компанид хуульчаар ажилласан ч бизнес салбарт удсангүй. Удалгүй Прокурорын газарт эргэн ирж, авлигатай дахин тэмцэж эхэлсэн байна. Жишээ нь, тэр Hyundai Motor компанийн ерөнхий захирал Чон Монгуг их хэмжээний авлига авсан хэргээр баривчилж байлаа. 2008 онд BBK компанийн ерөнхийлөгч И Мён Бакийн хувьцааны үнийн хөөрөгдлийн хэргийг мөрдөх чөлөөт хуульчдын багт ажиллаж байлаа. 2010 онд БНСУ-ын Цагдаагийн газрын авлигачдын хэргийг шалган, Samsung компани холбогдсоныг илрүүлж, 2016 онд Ерөнхийлөгч Пак Кын Хе-г огцроход хүргэж байв.

Ерөнхий прокурор

2017 оны тавдугаар сард шинэ Ерөнхийлөгч Мүн Чжэ Ин түүнийг Сөүлийн төв дүүргийн Прокурорын газрын даргаар томилов. 2019 оны зургаадугаар сард Юн Сок Ёл БНСУ-ын Ерөнхий прокурор боллоо. 2020 онд сөрөг хүчин болох Ардчилсан намынхан түүнийг огцруулах гэж оролдсон ч Юн 2021 оны гуравдугаар сар хүртэл хугацаандаа ажлаа хийсээр байв.

Ерөнхийлөгч

Ерөнхий прокурорын ажлаа өгснөөс гурван сарын дараа Юн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, хөтөлбөртөө “Ажлын цагийг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүнсний асуудлыг шийдэхийн тулд хүнсний бүтээгдэхүүний чанарын стандартыг бууруулна” гэж заасан байлаа. Сонгуулийн дүнд Юн Сок Ёл 47,85% саналаар ялж, 2022 оны тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Түүний засаглалын үед Өмнөд, Хойд Солонгосын харилцаа түүхэндээ хамгийн хурцадмал байдалд очиж, бараг дайн эхлэх дөхжээ. Ерөнхийлөгч Юн АНУ-тай хамтарсан цэргийн сургуулийг маш олон хийж байгаа, Хойд Солонгосын эсрэг сурталчилгааг хэтрүүлсэн гэж сөрөг хүчин үзэж байгаа юм.

Гэр бүлийнхээ өмнөөс уучлал гуйв

Юн эхнэртэй, хүүхэдгүй. 2024 оны 11 дүгээр сарын эхээр тэр эхнэрийнхээ өмнөөс олон нийтийн өмнө хүлцэл өчиж байсан юм. Түүний гэргий Ким Кон Хи хувьцааны будлианд холбогдож, нийтийн өмнө Dior брендийн үнэтэй цүнхтэй гарч ирж, ард иргэдийн дургүйцлийг хүргээд байсан юм. Юн Сок Ёл телевизээр уучлал гуйхдаа эхнэрээ даруу төлөв байх ёстой байсан гэж хэлсэн ч зарим шүүмжлэл нь хэт дөвийлгөсөн, худлаа байлаа гэж хайцаалсан. Тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд Ким Хи нөхрөөсөө 12 насаар залуу.

БНСУ-ын Ерөнхийлөгчдийн хараал

БНСУ-ын улс төрийн систем хөгжингүй бусад орноос ялгаатай нь Ерөнхийлөгч нь байнга солигдож байдаг. Ихэнх нь дараа нь авлига, хээл хахуулийн хэргээр шүүхэд очиж, зарим нь амиа хорлодог. Энэ зууны эхний таван Ерөнхийлөгчийн гурав нь авлигад буруутгагдаж байлаа. Тэднээс нэг нь амиа хорлож, хоёр нь ял авсан ч дараа нь өршөөгдөж байсан түүхтэй. Харин одоо Юн хамгийн анхны цаазын ялтай Ерөнхийлөгч болох дөхөөд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.