UBLife Logo
Дэлхий

Ираны босогчдын найдлага Реза Пехлеви гэж хэн бэ?

Ираны босогчдын найдлага Реза Пехлеви гэж хэн бэ?

Иран дахь эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна. Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр одоогийн байдлаар 3428 хүн амиа алдсаны 100 нь цагдаагийн ажилтан гэнэ. АНУ-ын цэрэг орж ирэх магадлал нэмэгдэж байгаа энэ үед Ираны засгийн газар агаарын хилээ хааснаа мэдэгдлээ. Ираны 100 гаруй хот, сууринд гарсан эсэргүүцлийн жагсаал одоо бослого болон өргөжөөд байна. Жагсагчид АНУ-д дүрвэн гарсан Ираны өв залгамжлах ханхүү Реза Пехлевигийн нэрийг уриалан дуудаж, зургийг нь мандуулдаг болоод байгаа.

Реза ч иранчуудыг тэмцлээ үргэлжлүүлэхийг байнга уриалсаар байна. Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнод дахь тусгай төлөөлөгч Стив Уиткофф Резатай нууцаар уулзаж, Ираны байдлын талаар мэдээлэл солилцжээ.  

Реза Пехлеви гэж хэн бэ? Тэр үнэхээр Иранд нэр хүндтэй юу?

Шахзаде (Шахын хүү, өв залгамжлах ханхүү) Реза Пехлеви багаасаа хаан ширээнд суухаар бэлтгэгдэж байлаа. Гэвч 1979 онд Иранд Исламын хувьсгал болж, аав нь засгийн эрхээ алджээ. Тэр үед Пехлеви 19 настай, АНУ-д цэргийн нисгэгчийн мэргэжлээр суралцаж байв.

Түүний аав Мохаммед Реза Шах Пехлеви улс орноосоо зугтаж, 1980 онд Египет улсад хорт хавдраар өнгөрөхөд Реза Америкт байж байлаа. Ингээд Реза болон түүний гэр бүлийнхний  эх оронгүй, дүрвэгчийн амьдрал эхэлсэн юм. Эргэн тойронд нь байсан хүмүүс холдсоор, эцэстээ хэдүүлхнээ үлдэв. Хоёр дүү нь амиа хорлож, Реза хаан аавынхаа цорын ганц өв залгамжлагч болон үлдлээ. Гэхдээ хаант засаг Иранд дахин сэргэнэ гэсэн найдлага байхгүй байсан тул нэг ёсны бэлгэдэл мэт болоод байв. Харин Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээр 65 настай Резад эх орондоо очиж, ирээдүйд нь нөлөөлөх бяцхан ч гэсэн боломж гарч ирээд байгаа юм.  

Мохаммед Реза Шах Пехлеви

Реза Пехлеви Вашингтоны дагуул жижигхэн хотод амьдардаг. Эгэл даруу амьдардаг ч далд нуугдаад байдаггүй. Хотынхоо кафед тогтмол очно. Бие хамгаалагчгүй, эхнэртэйгээ цуг салхинд гарна.

2022 оны Ираны эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тэднээс “Ираны сөрөг хүчний удирдагч болоход бэлэн үү” гэж асуухад “Өөрчлөлт дотроосоо эхлэх ёстой” гэж хариулж байв.

Реза Пехлеви 1960 онд Тегеранд төрсөн. Шахын ууган хүү тул багаас нь ирээдүйн эзэн хаан гэж хүмүүжүүлжээ. 17 настайд нь түүнийг АНУ-д цэргийн нисгэгч болгохоор илгээсэн. Тэр цагаас хойш АНУ-д амьдарч байна. Их сургууль төгсөж, улс төрийн ухааны бакалавр боллоо. Ираны дүрвэгч, хуулийн салбарын доктор Ясминтай гэрлэж, гурван охинтой боллоо.

Сүүлийн үед Реза тун шийдэмгий мэдэгдэл хийдэг болоод байна. Өнгөрсөн жил Израилын арми Иранд цохилт өгөхөд тэрээр хэвлэлийн бага хурал дээр “Хэрэв Исламын БНУ унавал, Шилжилтийн засгийн газрыг тэргүүлэхэд бэлэн” гэж мэдэгдэж байв. Мөн Шилжилтийн засгийн газар эхний 100 хоногт юу хийх талаараа тодорхой төлөвлөгөө дэвшүүлж байлаа. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэл, гадаадад дүрвэж байхдаа хуримтлуулсан туршлага нь түүнд Ираныг өөрчилж, удирдаж чадах итгэл олгосон гэж тэр хэлдэг.

“Өнгөрсөн үед буцаж очно гэж би хэлээгүй. Харин иранчуудад ардчилсан ирээдүй олгож чадна гэж би хэлсэн” Реза

Шахын үед үнэхээр сайхан байсан уу?

Ираны хаант засгийн талынхны хувьд тэр бол хамгийн чухал хүн. Шахын засгийн үед шинэчлэл хийгдэж, Барууны орнуудтай тун ойр харилцаатай байсан гэж олон иранчууд үздэг. Тэгвэл хэлмэгдлийн үе, Нууц цагдаагийн газрын харгислалын үе гэх хүн ч бий. 1980 онд Реза Пехлеви Египетэд өөрийгөө Шах гэж өргөмжлөн, хаан ширээнд залах ёслол хийлээ. Энэ ёслолд ямар нэг утга агуулга байгаагүй ч сөрөг хүчнийхэн түүнийг ардчилсан үзэлтэй гэхэд итгэдэггүй. Реза Пехлеви хэд хэдэн удаа Ираны дүрвэгчдийн засгийн газар байгуулах гэж оролдсон ч бүтээгүй. 2013 онд Ираны Үндэсний зөвлөл гэгчийг байгуулсан ч үнэн хэрэгтээ дотоодын зөрчилд автсан, Иранд ямар ч нөлөөгүй хүчин байлаа. Гадаадад дүрвэсэн иранчуудын бусад байгууллагын хүчирхийлэл үйлдэх арга барилд тэр дургүй.

Сүүлийн жилүүдэд Пехлевигийн үеийг дурсан санадаг болсон. 2017 оны жагсаалд оролцогчид Резагийн авга ахын нэрийг дуудаж байлаа. 2022 онд болсон хөдөлгөөний үеэр Реза Пехлевигийн нэр мэдээний эхний эгнээнд бичигдэж байлаа. Гэхдээ тэр Ираны сөрөг хүчнийхнийг нэгтгэх боломжоо ашиглаж чадаагүй. 40 жил гадаадад амьдрахдаа тэр ямар нэг том байгууллага байгуулж чадсангүй, хараат бус хэвлэлийн хэрэгсэл ч гаргаж чадаагүй. 2023 онд Реза Израилд очиж, Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсан нь иранчуудад таалагдаагүй. Өнгөрсөн жил Израилын арми Иранд цохилт өгөхөд сэтгүүлч нар түүнээс “Израилын довтолгоог дэмжиж байна уу? Энгийн иргэд ч амиа алдаж байна” гэж асуухад тэр “Израилын цохилтын бай нь энгийн иргэд байгаагүй. Ираны дэглэмийг унагаахад бүх арга хэрэгсэл хэрэгтэй” гэж хэлсэн нь бас л маргаан дагуулсан билээ.

Дайсан ба дэмжигчид

Реза Пехлеви өөрийгөө хаан ширээндээ эргэн залрахыг хүсэж байгаа ханхүү биш үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг мэтээр харуулахыг зорьж байна. Иранд чөлөөт сонгууль явуулж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг сэргээх зорилготой, харин хаант засаг уу, БНУ уу гэдгээ иранчууд санал асуулгаар шийдэх ёстой гэсэн зарчимтай.

Дэмжигчид нь Резаг Ираны сөрөг хүний хамгийн том төлөөлөгч гэж үздэг бол дайснууд нь иранчууд хэзээ ч 40 жил гадаадад амьдарсан дүрвэгчид итгэхгүй гэж хариу барьдаг.

Реза Пехлеви Иранд хэр зэрэг нэр хүндтэй вэ гэдгийг тодорхойлох боломж байхгүй. Учир нь энд шударга санал асуулга явуулдаг газар байхгүй. Хэн нэг нь аавынх нь үед сайхан байсан гэж дурсан санадаг бол нөгөө хэсэг нь нэг дарангуйлагчийг ардчиллын “багтай” нөгөө дарангуйлагчаар солих төдий зүйл гэж эсэргүүцнэ.

Мохаммед шахын хүү Реза Пехлеви Иран улс эрх чөлөөтэй болохыг үзэх өдөр ирэх болов уу? Өнгөрсөн үетэйгээ зууралдсаар байгаа Иран улсад энэ асуултын хариу алга хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.